-Алтайн нуруу, Альпийн оргилыг дуулан хөгжимдөнө-
XXI зуунд хөгжмийн салхи хаашаа эргэснийг маргааш, нөгөөдөр Дуурийн театрт болох Монгол, Швейцарийн жааз хөгжимчдийн хамтарсан “Агула” тоглолт харуулах юм. “Агула” нь сонсох түвшинд тэсрэлтийн шинжтэй тоглолт байх болно.
Европоос гаралтай тас хийсэн дуутай, хахир яхир нарийн бүрээ хөгжмийг монгол үндэсний зөөлөн аялгуут морин хуур, ятга хөгжимтэй хэрхэн уялдуулж сэтгэл татам хөг эгшиг бий болгож чадсаныг энэ хоёр үдэш ирж тоглолт үзэх хүмүүс мэдрэх болно.
Би “Мандухай цэцэн хатан” киноны хөгжмөө симфони болон үндэсний найрал хөгжимд бичихдээ нарийн бүрээ буюу труба их хэцүү зэмсэг болохыг хүлээн зөвшөөрч байлаа.
Тийм учраас Монгол, Швейцарийн хөгжмийн зохиолчид, хөгжмийн найруулагчид хоёр улсын хөгжимчдийн хамтарсан, цаашид дэлхийгээр аялан тоглож олон улс оронд сонсгох “Агула” тоглолтыг бүтээгчид нарийн бүрээг тухайлбал, ятгатай нөхөрлүүлж чадсанаараа давагдашгүй хүчин зүйлийг хамтын хүчээр даван гарчээ гэж бодож байгаа юм. Энэ мэтчилэн онцолж, цохож хэлэх зүйл олонтой маш өвөрмөц тоглолт та биднийг хүлээж байна.
Монголын урлагийн зөвлөлийн тэргүүн, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч, ардын жүжигчин Н.Жанцанноров сэтгүүлчдэд хандан “Агула” тоглолтын талаар мэдээлэл хийхдээ ийнхүү ач холбогдол өгсөн юм.
“Агула” буюу “Уул” хэмээх хамтарсан тоглолтыг Монгол-Швейцарийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50, Монголд Швейцарийн Хөгжлийн агентлаг үйл ажиллагаа явуулж эхэлсний 10 жилийн ойн хүрээнд Швейцарийн талаас санхүүжүүлэн зохион байгуулж байгаа юм.
Зөвхөн ойн арга хэмжээнд хоёр үдэш тоглоод зогсчихгүй, бэлтгэсэн 10 бүтээлээ цомог болгож дэлхийн сонсогчдын хүртээл болгоно. Хөгжимчид Монголд дэлхийн нээлт хийсний дараа Швейцарьт тоглох бөгөөд CD-гээ түгээсэн улс орон бүртээ аялан тоглоно.
Олон жилийн дипломат харилцаатай Монгол, Швейцарь улсуудын хамтын ажиллагааны үр шим Монголын нийгэм, эдийн засаг, улс төрийн салбарт үр өгөөжөө өгсөөр ирсэн бөгөөд соёлын салбарт ч тодорхой томоохон төсөл, хөтөлбөрийн хүрээнд илэрч байх ёстой гэж харилцан үзсэн байна.
Энэ хүрээнд үндэсний хөгжмөөр орчин үеийн хэв маягаар тоглодог хөгжимчдийн хамтлагийг Швейцарьт алдаршсан Хенрих Кайзегийн жааз хамтлагтай тоглуулах шийдвэр гаргасан юм билээ. Монгол хамтлагийн сонголтыг Швейцарийн тал хийсэн.
Төслийг Монголын талаас удирдан зохион байгуулах Монголын урлагийн зөвлөлөөс манай улсад үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн этно жааз хамтлагуудын тоглолтын бичлэг, цомгийг илгээхэд төслийн уран сайхны удирдагч Хенрих Кайзег “Арга билэг” хамтлагийг сонгосноор ажил эхэлж, өдгөө хөгжимчид “Агула” тоглолтоо үзэгч, сонсогчдод хүргэхэд бэлэн болоод байна.
“Агула” тоглолтоор хоёр улсын хоёр хөгжмийн зохиолчийн тус бүр таван бүтээлийг сонсгоно. Аль аль тал нь гурав гурван цоо шинэ бүтээл гаргасан бол, тус бүртээ хоёр хоёр шилдэг, өөрөөр хэлбэл, өмнө нь өөр өөрийн сонсогчдод хүргэсэн бүтээлээ хамтарч тоглох боломжтой болгож шинэчлэн найруулсан байдлаар хоёр үдэш дараалан сонсгох гэж байгаа юм.
Швейцарийн талын хөгжмийн зохиолч, найруулагч нь Хенрих Кайзег бол Монголын талын хөгжмийн зохиолч, найруулагч нь “Арга билэг” хамтлагийн хөгжимчин, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх юм.
Түүний өмнө нь “Арга билэг” хамтлагийнхаа гаргасан “Дээлт”, “Дэв” цомгоор дамжуулж монголчууддаа хүргэсэн бүтээлүүдээс “Төсөөлөл”, “Өгүүлэл” гэсэн хоёр хөгжмийн найруулга “Агула”-д эгшиглэнэ.
Ийнхүү монгол үндэстний хөгжим, европ хөгжмийн зохиролтой хослон өмнө нь хэний ч, хаана ч сонсч, байгаагүй цоо шинэ найруулга, өнгө, мэдрэмж төрж байна.
Монголын урлагийн зөвлөлийн тэргүүн Н.Жанцанноров ийм ховор боломж олгож байгаад нь Швейцарийн Хөгжлийн агентлагийн хамт олонд талархал илэрхийлж байлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!