Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Петербургийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон Ерөнхий сайд юутай ирэв

М.Санчир
2014 оны 5 сарын 27
MorninigNews.mn
Зураг зураг
Петербургийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон Ерөнхий сайд юутай ирэв

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрөгч өдрүүдэд хойд хөршид айлчлаад ирсэн.

Тэрбээр 1997 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж буй Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцоод ирсэн. 17 дахь удаагийн уг хуралдаанд 22 орны 2400 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд түүний дотроос Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцгой зочин байв.

Ийн хэлэх болсон шалтгаан нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хуралдааны үеэр “Эдийн засгийн тогтвортой өсөлтийн дэлхий дахины нийтлэг асуудал” сэдвээр илтгэл тавьсныхаа дараа Ерөн­хий сайд Н.Алтанхуягтай уулзаж, хэд хэдэн чухал асуудлын талаар санал со­лилцсонд байгаа юм.

Үүнээс улбаа­лан салбарын шинжээчид өмнөх Засгийн газрын үед унасан хоёр орны хоорондын харилцаанд дэвшилт гарна гэж үзэж байгаа аж.

Түүгээр ч зогсохгүй орон нутгийн хэвлэлүүд ч ийн хэлэх болжээ.

Хэрвээ тийм бол Н.Алтан­хуягт өмнөх засаглалуудын гаргасан алдааг залруулах, зарим нэг ажлыг шинээр эхлүүлэх зэрэг асуудал гарч ирэх нь. 

Тэрбээр уулзалтынхаа үеэр Монголын нутгаар хийн хоолой тавих асуудлыг дэмжинэ гэдгээ илэрхийлэхийн сацуу эртнээс улбаатай найрамдалт ха­рилцаатай хоёр орны хувьд иргэд нь харилцан визгүй зорчдог байх тухай ч дуулгаад амжсан байна. 

 Монголын нутгаар хийн хоолой тавих асуудлыг дэмжинэ гэдгээ илэрхийлэхийн сацуу эртнээс улбаатай найрамдалт ха­рилцаатай хоёр орны хувьд иргэд нь харилцан визгүй зорчдог байх тухай ч дуулгаад амжсан

ОХУ-ын төрийн тэргүүнтэй уул­заад зогсохгүй холбогдох алба­ныхантай ч мөн уулзжээ. Ту­хайлбал хуралдааны үеэр “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөн­хийлөгч В.И.Якунинтай уул­заж, УБТЗ-ын ашиг ор­логыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцсон аж.

2006 оноос хойш уг хуралдааныг ОХУ-ын Эдийн засгийн яам голчлон зохион байгуулж ирсэн бөгөөд үүний дагуу Ерөнхий сайд Н.Алтанхуягийг дагалдан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр явжээ. Тэрбээр ху­­ралдааны үеэр ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд А.Улюкаевтай уулзсан байна. Энэ үеэр ОХУ-ын тал хоёр улс хоорондын худалдааны чөлөөт бүс байгуулах боломжтойг дурьдсан аж. 

Түүнчлэн А.Улюкаевын “Мон­гол Улс бол зүүн хойд Ази дахь манай уламжлалт түнш” гэж онцолсон бөгөөд “Манай хоёр орны худалдаа, эдийн засаг, хө­рөнгө оруулалтын хамтын ажил­лагаа өргөн цар хүрээнд явагд­дагаараа онцгойрч ир­сэн. Орос улс Монголтой ха­рилцаагаа улам өргөжүүлэх сонирхолтой байна” гэжээ. Түүнчлэн сайдуудын хооронд Монголын төмөр замыг шинэчлэх, эрчим хүчний шинэ бай­­гууламжуудтай болох зэрэг хамтын ажиллагааны асуудлууд ч яригджээ.

Дээрх уулзалтуудаас гадна нэгэн чухал үйл явдал болсон нь манай улсын томоохон шатахуун импортлогчид болох “Магнай Трейд”, “Шунхлай” компаниудтай “Роснефть” таван жилийн гэрээ байгуулсан явдал байв. Уг гэрээг талуудын тэргүүнүүд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон.

Ирэх сараас эхлэн 2019 оны тавдугаар сар хүртэл үргэлжлэх уг гэрээ нэг тэрбум ам.долларын өртөгтэй бөгөөд багаар бодоход нэг сая тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх асуудал яригдаж байгаа юм.

Уг гэрээ нь манай улсын хувьд шатахууны хомсдол үүсэх эрсдлийг ба­гасгах ОХУ-ын талд манай улс дахь зах зээлээ бэхжүүлэх зэрэг талуудад хэн хэнд нь ашигтай туссан. Ингэснээр Монголын шатахууны зах зээлийн 80 орчим хувийг “Роснефть” дангаараа хангахаар боллоо.

"Эдийн засгийн өсөлтийг эрчим­­жүүлэх зорилгоор эрсдэлийг удирдах", "ОХУ-ын өрсөлдөх чадамжийг нээх", "Дэвшилтэт тех­нологийг эзэмшиж, өөрчлөлтөд дасан зохицох", "Даяаршиж буй бизнесийн удирдагчдын дээд түвш­ний уулзалт" гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр зохиогдсон хуралдааны үр дүнг Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Дорвитой, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлье, хөгжүүлье гэсэн хүсэл эрмэлзэл аль аль талд байгааг нотолсон, цаашид хамтран ажиллах арга замаа тодорхойлсон уулзалт боллоо” гэж дүгнэсэн байна. 

Түүнчлэн Ерөнхий сайдын ОХУ-ын тэргүүнтэй хийсэн уул­залтаас хоёр хоногийн өмнө Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж мөн түүн­тэй уулзаж дээрх асуудлуудыг хөн­дөж, ярилцсан бөгөөд гүйцэтгэх засаглалын тэргүүний энэ уулзалт хоёр орны төрийн тэргүүний ярилц­сан асуудлуудыг дахин сануулсан, илүү түргэтгэсэн алхам боллоо. 

Зураг