Сураггүй болсон Малайзын Боинг 777 онгоцны эрэл дуусаагүй байхад түүний тухай ном, тэр ч байтугай кино хийгдээд эхэлжээ.
Английн сэтгүүлч Найжел Хауторн “Нислэг MH370: Нууц хэрэг” нэртэй ном бичсэн байна. Ном удахгүй худалдаанд гарахад бэлэн болжээ. Зохиогчийн үзэж байгаагаар онгоц олдохоосоо нэгэнт өнгөрсөн аж. Номонд АНУ, Тайландын агаарын хүчнийхэн хамтарсан сургуулилт хийж байгаад санамсаргүйгээр Малайзын онгоцыг буудаж унагасан тухай бичжээ. Энэ хэргээ нуухын тулд эрх баригчид зориуд эрлийн ажиллагааг эсрэг чигт буюу Өмнөд Энэтхэгийн далай руу чиглүүлсэн гэнэ.
Харин онгоцны дуулиан номоор зогссонгүй, кино хийгдээд дуусчээ.
Энэтхэгийн найруулагч Рупеш Пол энэ сэдвээр кино хийсэн байна. “Сураггүй болсон нь” нэртэй уг киноны трэйлерийг тавдугаар сарын 17-нд Каннын кино наадмын үеэр үзүүлжээ.
Пол киноны зохиолыг Малайзын сэтгүүлчийн тусламжтай 20 хоногийн дотор дуусгасан гэнэ. Трэйлер хийхэд зургаа хоногийг зарцуулж, бүрэн хэмжээний зураг авалтыг 200 хүн оролцуулан сар гаруй хугацаанд бүтээж нийтдээ 3.5 сая доллар зарцуулжээ.
Кино ирэх найм дугаар сард дэлгэцэнд гарна. Найруулагчийн ярьснаар энэ төсөлд хөрөнгө оруулагч олоход хэцүү байсан гэнэ. Тэр киноны үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч мөн л буудуулж сөнөсөн гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.
Сураггүй бологсдын ар гэрийнхэнд найдлага тасраагүй байхад ийнхүү арилжааны бүтээлүүд гарч эхэлснийг бизнес ухаан гэх үү, эсвэл увайгүй явдал гэж үзэх үү?
Киноны трэйлер
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!