Малайзын иргэний агаарын тээврийн MH370 дугаар аяллын Бойнг 777 онгоц сураггүй алга болоод 25 хонож байна.
Онгоцны талаар сүйрсэн, барьцаалагдсан, хулгайлагдсан тухай олон таамаг гарч байсны аль нь ч одоогоор батлагдаагүй байна.
Хамгийн сүүлийн чиг баримжаагаар Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт, Австралийн баруун эргээс баруун зүгт сүйрсэн гэдэг таамаг дээр төвлөрч эрэл хайгуулын ажиллагаа явагдаж байна.
Одоогоор Австрали, БНХАУ, АНУ, Англи, Япон, Өмнөд Солонгос, Индонез гэсэн долоон улсын нисэх болон усан онгоцтой баг ажиллаж байгаа.
Хиймэл дагуулаас авсан зураг дээрээс маш олон тооны объект илэрсэн ч гарт баригдсан нь хэдхэн ширхэг байгаа юм. Олдсон зүйлс нь уг онгоцтой холбоогүй далайд хөвж явсан хаягдал хог байсан.
Үүнтэй зэрэгцээд онгоцны хар хайрцаг илрүүлэгчээр тоноглогдсон Австралийн усан онгоц хайгуулын ажилд гарчээ.
Гэхдээ хар хайрцаг нь 30 хоног өөрөөсөө дохиолол цацах нөөцтэй зай тэжээлтэй байдаг. Тэр дохиолол нь тийм ч хол дамждаггүй, бас 30 хоног гэдэг нь онолын тоо тул үүнээс ч богино хугацаанд зай нь дуусах магадлал өндөр ажээ.
2009 онд Атлантын далайд осолдсон Air France компаний онгоцны хар хайрцгийг бараг хоёр жилийн дараа олж байсныг санах хэрэгтэй.
Австралийн засгийн газраас эрлийн ажиллагаа сунжрах төлөвтэй байгааг мэдэгдэв. Гэхдээ тэд уг ажилд ямар нэг хугацааны хязгаар байхгүй, үр дүн гартал үргэлжлүүлнэ гэж мэдэгдэж байгаа юм.
Дэлхийн олон нийт ч энэ сэдвийг бараг мартаж эхэлж байна. Судалгаагаар олон нийтийн сүлжээнд MH370-ын сэдвээр ярих нь эрс багасч эхэлснийг харуулж байгаа гэнэ.
Онгоцны зорчигчдын ар гэрийнхэн болох хятад иргэд Малайзын засгийн газраас тодорхой мэдээлэл шаардаж, Малайзчуудад итгэхгүй байгаагаа илэрхийлсээр байна. Хятад, Малайз хоёр улсын харилцаа ч тийм таатай биш байгаа.
Энэ байдлаараа бол MH370 онгоцны эрэл нэлээдгүй сунжирч олон нийтийн дунд мартагдсанаар, зөвхөн эрлийн багийнхны толгойны өвчин болж үлдэх шинжтэй. Хамгийн сүүлд гурав дугаар сарын 24-нд Малайзын ерөнхий сайд Нажиб Разак онгоц сүйрч, зорчигсод бүгд үрэгдсэн гэдэг албан ёсны дүгнэлтийг Инмарсат компаний тооцоолол нотолгоон дээр үндэслэж мэдэгдээд байгаа.
Харин “шаварт унасан шарын эзэн” болох 239 зорчигчдын ар гэрийнхэн, ойр дотны хүмүүс сүүлчийн найдвараа таслалгүйгээр тодорхойгүй хугацааны хүлээлт, зовлон шаналалд унаж байгаа нь эмгэнэлтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!