"Хоёр бүсгүйн аминд хүрсэн сэжигтэн И хэргээ хүлээсэн"
Энэ сарын 6-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүрэгт олныг цочроосон аймшигт хэрэг гарсан тухай бид мэдээлсэн. Тэгвэл эл хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газар болон хэргийг шалгаж байгаа Баянзүрх дүүргийн онц ноцтой гэмт хэрэг мөрдөх хэлтсээс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хэрэг 6-нд гарсан бөгөөд дүүргийн цагдаагийн хэлтэс сэжигтнүүдийг 48 цагийн дотор илрүүлсэн байна. Одоогийн байдлаар гэрчүүдийн мэдүүлгийг авч байгаа бөгөөд хохирогчдийн цогцсонд шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийж байгаа аж.
Харин хэрэгт сэжигтнээр татсан И, З нарыг хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. ЦЕГ-ийн ХМА-ны дарга Б.Баатархүүгийн хэлж буйгаар сэжигтэн И хэргээ хүлээгээд байгаа гэнэ.
Хохирогч хоёр бүсгүйн тухайд,
- Б нь 1995 онд төрсөн. Өвөрхангай аймгийн харьяат, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд оршин суудаг, тодорхой эрхэлсэн ажилгүй.
- Х нь 1994 онд төрсөн. Ховд аймгийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан байна. Тэд энэ сарын 6-нд сэжигтэн З-гээр дамжуулан И-тэй танилцжээ.
Хэрэг гарсан шалтгааныг урьдчилсан байдлаар "Архидан согтууралт, маргаанаас үүдэлтэй" гэж тогтоосон юм байна. Учир нь хохирхогч, сэжигтэн нар тухайн өдөр хамт архидан согтуурсан бөгөөд 00.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байрлах сэжигтэн З-гийнд ирж, хоол идсэн байна.
Ингээд тэндээс сэжигтэн И хохирогч Б, Х нарыг дагуулан гарч, 9 дүгээр хороонд байрлах Хар хошуу гэх нэртэй уулын хажууд очиж, архидсан гэнэ. Улмаар маргалдаж, хоёр бүсгүйн амийг хөнөөсөн хэмээн И мэдүүлэгтээ дурджээ.
Түүнийн хэлсэн бүхэн нь хэргийн газраас олдсон эд мөрийн баримтаар ч нотлогджээ.
Харин сэжигтнүүдийн тухайд,
- И нь 1991 онд төрсөн, Өвөрхангай аймгийн харьяат, эрхэлсэн ажилгүй, өмнө нь нэг сарын баривчлан саатуулах ялаар шийтгүүлж байсан.
- З-г эрэн сурвалжилж, Дархан-Уул аймгаас олж саатуулсан байна.
Хэргийг нотлох эд мөрийн 61 баримт, эд зүйлс бүртгэгдсэн байна. Энэ талаар болон хохирогчийн толгой яагаад тасарсан байсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж Баянзүрх дүүргийн цагдаагийн онц ноцтой гэмт хэрэг мөрдөх хэлтсээс мэдэгдлээ.
Мөн нэг хохирогчийн толгой оюутны дотуур байрны хашаанаас олдсон гэх мэдээллийг үгүйсгэсэн бөгөөд толгойг нь олоогүй байгаа гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
