Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны парламентын дарга бөгөөд Төлөөлөгчдийн танхимын дарга Тура У Швэ Манныг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр Чингисийн талбайд угтан мэндчиллээ.
УИХ-ын дарга эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөн дэх Баганат танхимд саатан, хүндэт зочин Хүндэтгэлийн дэвтэрт сэтгэгдлээ бичин, гарын үсэг зурсан юм.
Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны парламентын дарга бөгөөд Төлөөлөгчдийн танхимын дарга Тура У Швэ Манн УИХ-ын даргатай уулзсаны дараа Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзана.
Мөн эрхэм зочин Сонгуулийн ерөнхий хороонд зочлон тус хорооны даргатай уулзахаас гадна Монгол Улсад сонгууль зохион байгуулж буй, санал хураалтын автоматжуулсан системийг ашиглаж байгаа туршлагатай танилцах юм.
Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын ХМОНХХ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!