ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Дэйси, хирс бүү болоорой, би чамд хайртай

Р.Оюунжаргал, Өдрийн шуудан
2014 оны 3 сарын 31
Өдрийн шуудан

Товчхондоо хүн л юм бол амьтнаас өөр, дээр байж, учир утгатай амьдрах ёстой юм биш үү гэсэн санаа бүхий “Хирснүүд” жүжгийн нээлт өнгөрсөн пүрэв гаригт “Black Box” театрт болсон. Баасан, бямба гаригт үргэлжлэн үзэгчдэд хүрсэн юм.

Францын нэрт жүжгийн зохиолч Эжен Ионескогийн уг жүжгийг монгол үзэгчдийнхээ хүртээл болгохсон гэж тэмүүлсэн хүмүүс бол сэтгүүлч, орчуулагч Б.Цацрал, “Black Box” театрын эзэн бөгөөд ерөнхий найруулагч С.Мягмар нар юм.

Найруулагч уг жүжгийг тайзнаа тавихыг мөрөөдөөд зогсохгүй, зорилтоо болгосон байж. Орчуулагч ч зохиолыг дурлан дурлан орчуулж эхлээд байж. Ийнхүү аль аль талын сонирхол, хүсэл нэгэн цэгт уулзсанаар шинэ Монголын үзэгчид шинэ театрын шинэ бүтээл үзэж оюуны цангаагаа тайлсан сайхан өдөр хоногууд өнгөрлөө. Аль ч улс, аль ч том хот, нийслэлд оюунлаг, сэхээтэнлэг хүрээ аль ч нийгмийн үед байсаар ирсэн. Өнөө ч байгаа. Цаашид ч байна.

Гагцхүү энэ хүрээ тухайн тухайн нийгэмд өөр өөр оюун санаа, өнгө, хэллэгтэй байдаг аж. XXI зууны хөгжиж буй, дэлхий хавтгай болсон үеийн Монголын оюунлаг, сэхээтэнлэг давхаргынхан мөн л өөрсдийнхөө мэддэгээс, мэдэрдгээс илүүг хайж, үзэхсэн, таашаахсан, үзэж харсан зүйлийнхээ талаар бусадтайгаа харилцан ярилцахсан, хүүхэд залуустаа үзэхийг санал болгохсон гэж тэмүүлж буй. Чухам ийм цаг үед “Хирснүүд” жүжиг үзэгчдийн хүртээл болсон нь сайн хэрэг, онцлох үйл явдал болов.

Жүжгийн үйл явдлын талаар нэгд нэгэнгүй дэлгэрэнгүй бичимгүй байна. Яагаад гэхээр театр уг бүтээлийг дараа дахин үзүүлэхээс өмнө бүхнийг нэг бүрчлэн яриад өгчих нь уран бүтээлийн эрх ашигт харшилж мэднэ.

Архинд тархиа мэдүүлсэн Биранж хэмээх залуу өдөр хоногийг хагас ухаантай өнгөрөөнө. Эргэн тойронд нь юу болж байгааг, юу болоод өнгөрснийг мэдэхтэй, үгүйтэй. Тэрбээр дотнын найз өндөр дуугаар зандарч хашгирсан Жантай гудамжаар явж байхдаа тэнд хирс явж байхыг харжээ. Яахаараа хотод тийм аймшигтай амьтан хээв нэг явж байдаг байна аа. Аюул. Ухаан санаа эрүүл ч, зан авир ширүүн Жан, согтуу Биранж хоёр хирс яагаад гудамжаар явж байгаа талаар хэсэг ярилцана.

Мөн архи уудаг, уудаггүй хүмүүсийн талаар бас ярина. Биранж ажлынхаа газрын Дэйси гэж турьхан хонгор бүсгүйд дурлачихсан. Түүнийгээ нүцгэнээр яагаад ч юм хирсний хамар унаж яваа байдлаар зураад орныхоо толгойд залчихсан гэж байгаа. Хааяа бүтээлгийг нь сөхөж харах нь тэр залуу бүсгүйд ухаангүй хайртайг илтгэнэ.

Биранжийн ажлын газар хаа сайгүй байдаг уур амьсгалтай. Даргадаа долигонож, дэргэдэхээ хялайх нэгэн байхад, өөрийгөө бусдаас дээгүүр тавьж, өрөөлийг үгүйсгэсэн нөхөр ч байна. Үнэнийг үнэнээр нь хэлдэг шударга явдалт нэгэн ч бий. Нэг ажилтан нь ажилдаа ирэхгүй байхаар нь гэр рүү нь утасдахад эхнэр нь нөхрөө уг нь ажилдаа явсан, гэхдээ очоогүй байна гэж үү хэмээн худал үнэн нь мэдэгдэхгүй хариу хэлж дуусаагүй байтлаа “Яана аа, манай нөхөр энд байна, гэхдээ тэр дөнгөж сая аймаар амьтан болоод хувирчихлаа. Хирс болчихлоо” хэмээн хашгирна.

Энэ мэтээр байдал хүндэрсээр хотын бараг л бүх оршин суугчид хирс болон хувирна. Харин өнөөх Биранж архи уухтай манатай, асуудлын учрыг олох гэж зорих зуураа хайртай бүсгүйдээ сэтгэлээ илчилж амжина. Энэ үйл явдлуудын дундуур тэнд байгаа хүмүүсийн хэн нь хэн
болох нь тодорхой харагдана. Хайртай хонгор нь ч хирс болчих гээд, Биранж ихэд сандран, бүсгүйгээсээ бүү хирс болоорой, би чамд хайртай, хүнээрээ л байгаарай гэж хар тэнхээгээрээ гуйна.

Ийм нэгэн сонирхолтой зохиол бүхий абсурд, эмгэнэлт, инээдмийн, XX зуунд Европ дахиныг хуйлруулж байсан жүжиг өнөө монгол үзэгчдийн хүртээл боллоо. “Хирснүүд”-ийг хоёр дахь өдрөө тоглоход нь арваад франц үзэж гэнэ. Монгол хэлээр өгүүлэх жүжгийг тэд яаж үзэв ээ гэж сонирхон театрынхнаас асуухад “Францууд Ионеско гэхээр ухаанаа тавьчих шахаж хүндэлдэг юм билээ. Түүний бүх жүжгийг үзсэн байдаг гэнэ. Монголын театр хэрхэн тавьж вэ гэдгийг бүтэц, найруулга талаас нь харах гэж ирсэн гэдгээ хэлж байлаа” хэмээн хариулсан юм.

Юутай ч монгол уран бүтээлчид, тухайлбал жүжгийн зохиолыг орчуулсан нь ч, найруулж тавьсан нь ч тэр дэлхийн театрын хөгжлөөс сэтгэлгээний хувьд хоцроогүй явааг “Хирснүүд”-ээр харууллаа. Тэдний тайзнаа тавьж бэлтгэж өгсөн бүтээлийг үзэгчид хэр үзэж, оюундаа хэрхэн тунгаах вэ гэдэг хувь хүмүүсийн асуудал. Театр бол хийхээ хийжээ.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа