-Өв соёл-
Хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарьж явсан олон багш нарын нэг энэ жил 90 насны босгыг давж буй Д.Шагдар гуайтай уулзлаа.
Тэрбээр нийслэлийн Сүхбаатар дүүргийн V хороонд амьдардаг. Нас дээр гарсан ч багаас сурсан эрдмээ орхиж чадахгүй Монголын зохиолчдын бүтээлийг сорчлон монгол бичигт хөрвүүлэн буулгаж суудаг тун завгүй нэгэн юм. Д.Шагдар гуай монгол бичгээр ном “үйлдвэрлэдэг”.
Тэрбээр гараараар нямбай гэгч нь бичсэн зохиолуудаа ном болгон баринтаглахдаа эгээ л үйлдвэрийн мэт зураг чимэглэлтэй хатуу хавтастай хийнэ.
Дундговийнхон Д.Шагдар багшийг андахгүй. Намайг түүнтэй анх танилцуулсан хүн “Миний багшийн багш Шагдар” гэж ярьсныг бодоход хэр олон шавьтай болохыг гэрчилж байгаа юм. Түүний номын шүүгээнд “Зуун билэг”-ээс эхлээд эртний ховор номууд харагдсан. Яруу найрагч М.Цэдэндоржийн бичсэн “Би сайн биш шүү, та минь.
Миний номын шүүгээнд хүний сайн бүтээлүүд цугласан байгаа” гэж хэлсэн нь санаанд бууж байлаа. Ийнхүү 17 настайдаа тэмээний бөхөнд наалдан говийн бяцхан бор толгод дунд айл хэсэн шинэ үсэг зааж явсан залуу багш өнөөдөр ч бичиг үсгээсээ салж чадаагүй л сууна. Тэрбээр сэтгэлдээ нэг л юм хүлээж суудгаа нуусангүй.
Тэр нь юу вэ гэхээр “Шавь нар маань надад нэг юм хөөцөлдөөд байгаа. Түүнийг авчихвал энэ төрд зүтгэсний хэрэг бүтэх нь тэр, нүд аньсан ч гомдох юм алга” гэсэн. Дараа нь сонсоход “Гавьяат багш” цолд тодорхойлсон юм билээ. Монголын төр өвгөн багшийн хөдөлмөр зүтгэлийг үнэлэх биз ээ.
-Та хэдэн настайдаа багш болсон бэ?
-Би 1924 онд Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн хүн. Сумтайгаа чацуу энэ жил 90 нас хүрч байна. Энэ хугацаанд сум хөгжиж, би өтлөх шив дээ. Дундговийн Дэлгэрхангай уулын тэнхим гэж 1921 онд байгуулагдсан манай улсын анхны 13 тэнхимийн нэг байлаа.
Би түүнийг дүүргэж дараа нь алдарт Багшийн сургуулийг дүүргэсэн хүн. 17 настайдаа багш болж, нутагтаа ирж байлаа. Дундговь аймгийн Говь-Угтаал, Мандал-Овоо, Гурвансайхан, Өлзийт сумдад багшилсан. Тэр үеийн сумын төв гэж хэдхэн гэр байв. Өвөл хүүхдүүдэд, зун нь багт очиж шинэ үсэг заана. Их газрын чулуунаас уургын улаагаар тэмээ унан явж найман сумын ная гаруй хүүхдэд хичээл зааж байлаа.
-Цаг хэр хэцүү байв, тэр үед?
-Дайны жилүүд учир цаг үе их хүнд байсан. Бүхнийг фронтод гэсэн уриатай. Цаас, харандаа олдохгүй ямар хэцүү байсан гэж санана. Намар нь аймаг орж хэдэн дэвтэр, харандаа олж ирж түүнийгээ хямгадана. 1945 онд зохиолч С.Удвал очиж “Говийн мэдээ” сонин гаргаж би түүнийг нь сурагчиддаа уншиж өгдөг байлаа. Гарын авлага болгох ном ховор, байгаа хэд нь ноорчихсон байх. Тэр сонин их хэрэг болж билээ.
Тэгэхэд сонин гэдгийн ид шидийг мэдэж ухуулгын ажилдаа ашигладаг байлаа. 1940-өөд оны сүүлчээр Дундговийн нутагт айхавтар ган болж манай сум Төв аймагт, бусад нь Дорноговь аймагт сумаараа нүүж очсон. Тэгэхэд ч хичээлээ таслахгүй зааж л явсан. Гурвансайхан сум нэг л дэвжиж өгөхгүй зургаан удаа нүүж одоогийн байгаа газраа 1951 онд суурьшсан түүхтэй. Аймагтаа анхны өндөр хүчдэлд холбогдсон сум юм шүү дээ. Үүнд хошууч генерал Ж.Содном гэдэг нутгийн хүн их үүрэг гүйцэтгэсэн юм.
-Дайны жилийн хүүхдүүд сургуульд идэвхитэй сурч чаддаг байв уу?
-Дайны жилүүдэд боловсролтой хүн ховор багш нар сумын хамаг ажлыг нугалдаг байлаа. Яруу найрагч Ш.Сүрэнжавын бичсэн “Багш” найраглал яах аргагүй бидний туулж ирсэн зам мөрийг дүрсэлсэн юм. Тэр үед хөдөөд багш нарыг их хүндэлдэг байлаа. Техник нэвтрээгүй учир говь нутагт хамгийн сайн унаа нь тэмээ байсан. Ухуулга хийх, шинэ үсэг заах гэж тэмээ унаад жонжуулж өгнө шүү дээ. Хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарьж явсан минь тэр.
Яруу найрагч Ш.Сүрэнжавын бичсэн “Багш” найраглал яах аргагүй бидний туулж ирсэн зам мөрийг дүрсэлсэн.
Анхандаа хүүхдээ сургуульд оруулах айл ховор, болж л өгвөл мал маллах хүнгүй гэсэн шалтаг тоочин авч үлдчих гээд байдаг байсан. Харин дайны дараа хүүхдүүд сургуульд бүрэн хамрагддаг болсон. Хүүхдүүд нэг дээлтэйгээ хичээлийн жилийг бардаг байв. Манай говь нутагт аргал түлнэ. Айлууд сургуулийн түлээ гэж намар хэдэн тэмээ аргал буулгана.
Тэр үеийн хүмүүсийн чанар гэж сайхан байж дээ. Багийн ардуудад хөгшин залуу, эр эм гэж ялгахгүй бичиг заана. Тэд надад 10 төгрөг өгөх гэнэ, би түүнийг нь авахгүй. Хэзээ хойно надаас үе мултарсан ах хүн намайг багшаа гэхэд нь дасчихаж билээ. Сүүлдээ хүн бүрийг “багш нь” гээд байх болчихдог юм билээ.
-Та уран зохиолын номыг монгол бичигт хөрвүүлэх энэ ажлаа хэдийгээс эхэлсэн юм бэ?
-Монголчууд бидний соёлын их өв, язгуур монгол бичгийг бичиж, уншиж байхад тун урамтай. Бийрийн үзүүрээр сийлэгдэж байдаг дэлхийд хосгүй соёл юм шүү дээ. Миний ном хуулдаг нь нэг ёсондоо хүүхдүүдийн хэлээд байгаа хобби гээч нь юм уу даа. 1990 оноос “Монгол бичиг хоршоолол”-д багшилж 200 гаруй хүнийг монгол бичгийн анхны мэдэгдэхүүнтэй болгосон. Богино хугацаанд сургаж чадна. Хамгийн амархан сурч болох бичиг шүү дээ.
Би олон зохиолчийн бүтээлийг монгол бичигт хөрвүүлсэн. Хүүхдүүдийг Монгол бичгээрээ уран зохиол уншуулах гэсэн санаа юм. Монгол бичгийг бичихэд үзэг хүртэл гологддог. Одоогийн хэрэглэгдэж байгаа энэ тосон балаар бичихэд их хэцүү. Би үзгэн балаар бичдэг.
-Одоо хэний зохиолыг хөрвүүлж байна?
-Сүүлийн үед До.Цэнджавын хэд хэдэн зохиолыг монгол бичигт хөрвүүллээ. Хамгийн сүүлд түүний “Алтан шагай” романыг хуулж ном хийлээ.
-Ер нь та ийм ном хэчнээнийг бүтээсэн бол?
-Би 1000 гаруй ном хуулж бүтээсэн байна билээ. Мөн алдартай хүмүүсийн намтраар ном хийдэг. Голдуу хүнд бэлэглэчихдэг юм. Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ч.Лодойдамба гээд олон зохиолчийн бүтээлийг хөрвүүлжээ.
-Дундговиос урлаг соёлын олон алдартан төрсөн. Та тэдэнтэй ойр дотно байв уу?
-Багш хүний гавьяа их. Олон сайхан хүмүүстэй ойр дотно явлаа. Манай Их газрын чулуунд “сарьсан” Тавхай гэж сайхан дуулдаг, морь уядаг хүн байлаа. Тэр хүний ээж нь ардын жүжигчин Н.Норовбанзадыг эх барьж авсан юм гэнэ билээ.
Тогоо тавилгын ус, Сүүдэртийн улаан овоо хавиар айл саахалт нутаглаж тэр хүнээс их юм сурч дуучин болох замаа олсон гэж Н.Норовбанзад өөрөө бахархан ярьдаг байсан. Өнөөдөр тэр хүнтэй тэнцэх дуучныг олж сонсохгүй л байна. Цаашдаа гарах ч болов уу даа.
Зохиолч С.Дашдооров бид хоёр их дотно байж билээ. 1970-аад онд юм. Төрийн шагнал гэдгийг хүртлээ гээд том хавтас үзүүлж байж билээ. Нэг удаа уулзаад “Уучлаарай, би чамайг “Хөдөөгийн мөнгөн cap” зохиолдоо дүрсэлсэн шүү” гэж хэлж байсан. Зохиолч С.Удвалтай эртний танил явсан шүү. Тэр хүн бүрт санаа тавьж, энэ хүнийг яаж өөд нь татдаг билээ гэж тус хүргэж явдаг байсан даа.
-Таныг бас Монгол Улсын хүндэт донор гэж дуулсан. Хэдий хэмжээний цусаа бусдын төлөө хандивласан бэ?
-Залуу зандан явахад цусаа өгөхийг нэг их тоодоггүй байжээ. Хэрэг болдог л юм байх даа гэж бодно. Одоо бодож байхад тэр үе дээ их л өгдөг байж гэж санах юм. Би 60 удаа нийт 26 литр цус өгсөн байна билээ. Ихэнхийг нь авлагагүй өгсөн дөө. Бодвол олон хүнд хэрэг болоо биз дээ. Ер нь цусаа өгөх шиг их буян байхгүй байх шүү.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!