Үндэсний өдөр тутмын “Өдрийн шуудан” сонин Монголын өмгөөлөгчдийн холбоо өчигдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Өдрийн шуудан” сонины ерөнхий эрхлэгч Ч.Чулуунцэцэг нар гарын үсэг зурав.
“Өдрийн шуудан” сонин Монголын өмгөөлөгчдийн холбооны үйл ажиллагаа, бодлого, шийдвэр, гишүүн, хуульч, өмгөөлөгчдийн иргэдэд үзүүлсэн өмгөөллийн туслалцаа, шилдэг өмгөөлөгчдийн ажил амьдралыг олон нийтэд таниулах чиглэлээр ажиллах бол Монголын өмгөөлөгчдийн холбоо нь “Өдрийн шуудан” сонины сэтгүүлч, сурвалжлагчдад өмгөөллийн туслалцаа үзүүлэх, эрх зүйн зөвлөгөө өгөх, хуулийн мэддэг олгох чиглэлээр ажиллана.
Цагдаа, шүүхийн байгууллагуудад дуудагдсан сэтгүүлчид хүссэн, хүсээгүй гомдол гаргасан хүний өмнө уучлалт гуйж, эвлэрэх замаар асуудлаа шийдүүлдэг.
“Санамж бичиг байгуулснаар хамтарч ажиллаж бие биендээ харилцан туслалцаа үзүүлэхээс гадна сэтгүүлчийн зөрчигдсөн эрхийг яаж хамгаалах вэ гэдэг маш том ажлын эхлэлийг тавилаа” хэмээн гарын үсэг зурах үеэр Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар хэлсэн.
Талууд хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд сэтгүүлзүйн чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгчтэй болох зорилгоор 30 өмгөөлөгчид мэргэжлийн байгууллагатай хамтран сургалт хийх, ирэх тавдугаар сард болох хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтаж сэтгүүлч, сурвалжлагчдын зөрчигдсөн эрхийг хамгаалах зорилгоор сэтгүүлчдийн эрх зүйн боловсролд зориулж дугуй ширээний уулзалт, ярилцлага хийх зэрэг ажлыг товлолоо.
Манай улсад мэргэжлийн эрх нь зөрчигдсөн сэтгүүлчид эрх зүйн тусламж авах тал дээр маш сул орчинтой. Тийм ч учраас ажлаа хийж яваад цагдаа, шүүхийн байгууллагуудад дуудагдсан сэтгүүлчид хүссэн, хүсээгүй гомдол гаргасан хүний өмнө уучлалт гуйж, эвлэрэх замаар асуудлаа шийдүүлдэг.
Энэ байдал ихэвчлэн сэтгүүлч, сурвалжлагчид өмгөөллийн туслалцаа авч чадаагүйгээс үүддэг. Тиймээс хэн нэгний захиалгаар бус итгэл үнэмшлээрээ ажиллаж бүтээн туурвисныхаа төлөө мэргэжлийн эрх нь зөрчигдсөн сэтгүүлчид өмгөөллийн туслалцаа авснаар энэ байдал дээрдэх юм.
Цаашид ганцхан “Өдрийн шуудан” бус, хэвлэл мэдээллийн бусад байгууллагын сэтгүүлчдэд Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчид эрх зүйн туслалцаа үзүүлж байхаар санамж бичигт гарын үсэг зурах үеэр ярилцлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!