ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутнууд долоо хоногт 20 цаг ажиллаад, нийгмийн даатгалд хамрагдаж болно

Т.Дулам, Өдрийн шуудан
2014 оны 3 сарын 14
Өдрийн шуудан

Монголын залуучуудын холбооны байр өчигдөр оюутнуудын хөлд дарагдав.

Учир нь Нийслэлийн хөдөлмөрийн газар, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран “Цагийн ажил” нэртэй өдөрлөгийг зохион байгуулсан юм.

Оюутнууд долоо хоногт 20 цаг ажиллаад, нийгмийн даатгалд хамрагдаж болно

...Ажил хийх нь оюутнуудад наад зах нь өөрсдийн хэрэгцээгээ хангаж, эцэг эхээсээ хараат бус байж, бие даахаас гадна мэдлэг, туршлага хуримтлуулах зэрэг олон давуу талтай. Гэвч өнөөгийн нийгэмд оюутны цагийн ажлын тогтолцоо хэвшиж, тогтоогүй хэвээр байгаа...

Оюутны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, цагийн ажлын системийг боловсронгуй болгох зорилготой уг арга хэмжээний үеэр ажил олгогч 20-иод байгууллага цагийн ажилд оюутан залуусыг бүртгэж байлаа. Үүнд барилгын компани, зоогийн газар, үйлдвэр үйлчилгээний байгууллагаас ирсэн төлөөллүүд оюутнуудад үйлчилж байв. Тэнд цугласан залуус дээрх байгууллагуудын талаарх мэдээллийг авч, товч намтраа бичиж өгөөд, ажил олгохыг хичээнгүйлэн хүсч буй харагдав.

Ажил олгогчид ч хүн нэг бүрийн асуултад хариулж, хэдэн жилийнхээ хүний нөөцөд санаа зовохооргүй их ажилтны материал цуглуулан авах шиг харагдав.

“Эко констракшн” “Оргил цамхаг” зэрэг барилгын компани уг үйл ажиллагаанд оролцож ажиллах хүчнээ цуглуулахаар иржээ. Эднийд бүртгүүлсэн залуус юуны түрүүнд туслах ажилтны цагийн хөлс хэд вэ гэж асууж байна.

Харин тэдний тайлбарласнаар бол цагаар бус өдрөөр, ажлын үр дүнгээс хамаараад өдрийн 15-25 мянган төгрөг, сардаа 600-800 мянган төгрөгийн цалин авах боломжтойгоос гадна үндсэн болон цагийн ажилтнаар ажиллах боломжтой гэж байсан. Мөн үндэсний үйлдвэрлэгч “Монгол оймс” “Ном хур” компани оюутнуудыг цагийн ажилд авахаар ирсэн байв.

Залуучуудын хөдөлмөрийн төв бирж залуусын анкетыг авч, “myjob” гэх ажил олгогч, оюутан залуусыг холбох нэгэн шинэ цахим үйлчилгээндээ бүртгэж, байршуулах гэнэ.

Ажил хийх нь оюутнуудад наад зах нь өөрсдийн хэрэгцээгээ хангаж, эцэг эхээсээ хараат бус байж, бие даахаас гадна мэдлэг, туршлага хуримтлуулах зэрэг олон давуу талтай. Гэвч өнөөгийн нийгэмд оюутны цагийн ажлын тогтолцоо хэвшиж, тогтоогүй хэвээр байгаа.

Энэ талаар Нийслэлийн хөдөлмөрийн биржийн захирал Д.Тунгалагаас тодруулахад, “Манайд оюутны цагийн ажлын талаарх хуулийн зохицуулалт байхгүйгээс гадна ер нь ажил олгогч нарын хандлага хумигдмал байдалтай байсаар ирсэн. Тиймээс бид энэ бүх ажлыг зохион байгуулж, оюутнуудын цагийн ажлын талаар сурталчилж, олон нийтийн хандлагад нөлөөлөх ажлыг хийсээр байна.

Мөн оюутны цагийн ажил эрхлэх хуулийн төслийг боловсруулж байна. Үүнд, оюутан долоо хоногт 20 цаг ажиллах, нийгмийн даатгалд хамрагдаж, ажлын түүхтэй болоход чиглэсэн зохицуулалтыг тусгасан гэв. Энэ үеэр оюутнуудаас цагийн ажил хэр олддог, цалин нь ямархуу байдаг талаар тодруулахад, голдуу ресторан, паб, зоогийн газар зэрэг үйлчилгээний газарт л ажил олддог. Ийм төрлийн ажлын цагийн хөлс нь 1600-1900 төгрөг байдаг” хэмээж байв.

Харин охид оффисын цагийн ажил сонирхож байгаагаа хэлж байсан бол залуус зам, барилгын ажил, цахилгаан, мужаан, сантехник зэрэг мэргэжлээр ажиллах сонирхолтой байна гэж байлаа.

Энэ үеэр Залуучуудын хөдөлмөрийн биржийн захирал Б.Эрдэнэбат “Урин цаг айлчилж, барилга бүтээн байгуулалтын ажил өрнөх гэж буй энэ үед гаднаас ажиллах хүч импортлолгүй дотоодын нөөц боломжоо дайчлан, эдгээр оюутан залуусыг ажилтай, орлоготой болгох нь ирээдүйн төлөө оруулж буй хөрөнгө оруулалт болох юм. Тиймээс бидэнтэй хамтран ажиллана уу” хэмээн ажил олгогчдыг уриаллаа.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг