Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга нар хугацаа алдалгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг танилцууллаа.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд иргэдээс ашиглаж буй худгын тоог нэмэгдүүлж, иргэдэд ойртуулж барих тухай асуудлыг удаа дараа удирдлагуудад тавьж байгаа тул боломжтой эсэхийг судалж, шийдвэрлэж өгөхийг уламжилсан юм.
Э.Бат-Үүл: Албан тушаал гэдэг бол ажил хийх багаж болохоос хэн нэгнийг дарамтлах, иргэдийг хохироодог юм биш.
Харин Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Таггүй инженерийн шугам сүлжээний худгуудыг тагтай болгох ажлыг эрчимжүүлсэний дүнд багагүй худгуудыг тагтай болгосон ч үлдсэн шугам сүлжээний худгийг яаралтай тагтай болгох шаардлагатай байна” гэлээ. Мөн тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байрны асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгаа талаар мэдээллээ.
Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжав “Иргэдийн оролцоотой төсөв-2014 хэлэлцүүлгийн үеэр иргэдийн олонх нь сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх санал ирүүлсэний дагуу 2014 онд Багануур дүүрэгт Улсын төсөвт Концессийн гэрээгээр цэцэрлэг-бага сургуулийн 2 цогцолбор барихаар тусгасан. Харин үүнд дүүрэг ямар оролцоотой байх талаар мэдээлэл авах шаардлагатай байна” гэсэн мэдээлэл өглөө.
Зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг шийдвэрлэхгүй хугацаа алдах тохиолдох цөөнгүй гарч байгаа тул нийслэлийн удирдах ажилтнуудад тусгайлан үүрэг өглөө.
Тэрээр “Албан тушаал гэдэг бол ажил хийх багаж болохоос хэн нэгнийг дарамтлах, иргэдийг хохироодог юм биш” гэдгийг онцлоод аливаа үүрэг даалгаврыг хугацаа алдаж шийдвэрлэж байгаа, биелүүлэхээс зайлсхийж буй удирдах ажилтнуудад сануулах “Шар” хуудас хүргүүлнэ.
Сануулах “Шар” хуудас 3 удаа авсан тохиолдолд тухайн удирдах ажилтантай цаашид хамтран ажиллахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ гэж Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|