-АТГ энэ асуудлыг шалгаад эхлэхээр олон хүний зүрхэнд цус хурна гэж би өмнө нь хэлж байсан-
МИАТ компанийн Бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Билэгсайхан ажлаасаа халагдаад байгаа тухай өмнө мэдээлсэн. Ямар учир ургаад байгаа талаар, энэ байдлыг өөрөө хэрхэн харж байгаа тухай нь дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэснийхээ дагуу түүнтэй ярилцлаа.
-Таныг ямар асуудалд буруутгаад байгаа юм бэ?
-Янз бүрийн яриа гаргаж түүндээ намайг хутгах гэж оролдож байгаа хүмүүс байна. Намайг муу, муухай хүн болгох гэж бүтэн жил л зүтгэлээ. Нэг зорчигчийн нэр дээр Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан АН-ын материалыг МИАТ-ээр үнэгүй тээвэрлэсэн гэсэн. “Аэробус” онгоцыг зарах эхний хэлэлцээг охин Мишээлийнхээ хамтаар Туркийн Истамбулд очиж хийхдээ 50 мянган ам.долларын хахууль авсан гэлээ.
-Та бол аль алийг нь үгүйсгэж байна уу?
-Тийм. Тухайн үед АН-ын Их хурал болох гээд бас Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан материалыг газраар явуулах гэхээр амжихааргүй болохоор нь Зам тээврийн сайдын нарийн бичгийн дарга Бээжин рүү утасдаж ачуулсан юм билээ. Ачааны хөлсөнд АН-аас тодорхой хэмжээний мөнгө төлөөд үлдсэнийг нь төвд чинь төлье гэсэн байгаа юм. Үүний дагуу нэхэмжлэл явуулж тооцоог 100 хувь барагдуулсан. Санхүүгээс тодруулж болно.
-Тэгэхээр та улсын унаа, үйлчилгээг хувьдаа завшаагүй гэсэн үг үү?
-Үгүй.
-50 мянган доллар авлигад аваагүй юу?
-Аваагүй. Тэр онгоц зарагдаа ч үгүй, одоо болтол процесс үргэлжилж байгаа. Харин өөр ажлын хэсэг гарсан.
С.Билэгсайхан: Авлигатай тэмцэх газарт өөрийгөө шалгуулахаар өгсөн.
-Юунаас болж ийм хэмжээний мөнгө авлигад авсан гэсэн яриа гарсан юм бол?
-Намайг муулах, олон нийтийн өмнө буруутан болгож харагдуулах гэсэн сонирхол зарим хүмүүст байна. Чухам яагаад гэдгийг би мэддэггүй. Тухайлбал, цахим ертөнцийнхний андахаа байсан Ц.Бат гэж хүн бий. Манай МИАТ-ийн Бизнес хөгжлийн хэлтсийн дарга л даа. Эдгээр мэдээллийн олонхийг Ц.Бат өөрийн цахим хуудсаараа дамжуулан дэлгэснийг хүмүүс мэдэх болсон. Тэр хүн хамгийн сүүлд надад хандаж “Чи нэг охинд, хамт хоночих, гурван өрөө байр өгье гэсэн биз дээ” гэж хэлсэн нь нэг хэсэгтээ хүмүүсийн амны зугаа болсон.
-Юунаас болоод та хоёрын хооронд зөрчил үүссэн юм бэ?
-Миний зүгээс зөрчилдөх зүйл байхгүй. Би анх ирэхдээ манай ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийн дүү, манай фракцын хүн гээд их сайн хандсан. Түүгээр ч барахгүй С.Буяндалайг Иргэний нисэхийн дарга болоход орлогчоороо аваач гэж өөрийн биеэр очиж санал болгож байлаа. Дараа нь яамны бодлогын газрын дарга Очирсүхэд “Энэ хүн МИАТ-ийн дарга болж чадна гэнэ. Гүйцэтгэх захирлаар нь авч ажиллуулаач” гэж санал тавьсан хүн нь би.
Гэсэн ч түүнийг МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар томилоогүй. ИНЕГ-ын дарга, орлогч болгоогүй нь миний буруу биш. Би томилдог хүн нь ч биш. Өөрөө чадна гэж байна, дэмжинэ үү гэдэг санал тавьж байснаас биш араас нь татаж чангаасан зүйл байхгүй. Миний зүгээс тэр хүнд ажлаа хий гэсэн ганцхан шаардлага л тавьдаг. Гэтэл одоо ийм байдал үүсгээд байна. Ажилдаа ирэхгүй, эмчилгээ хийлгэмээр байна гэсэн хүсэлт тавихаар нь цалинтай чөлөө олгосон. Үлдсэн хугацаанд нь цалингүй чөлөө олгочихсон байгаа. Өөрөөр хэлбэл, МИАТ болоод миний бие тэр хүнийг тал бүрээр дэмжиж ирсэн.
-Чухам юунд сэтгэл дундуур байдаг юм бол?
-Хүн усыг нь уудаг худаг руугаа нулимж болохгүй шүү дээ. Ц.Батын хувьд таван сая төгрөгийн цалинтай байсан. Гүйцэтгэх захирлын тусгай тушаалаар 23 хүн ийм цалин авдаг байсныг болиулан цалингийн шинэ сүлжээ гаргаж 850 сая төгрөг хэмнэсэнд их дургүйцсэн л дээ. Ажлаа сайн хийвэл сайн цалин авах бололцоо уг нь бий. Үнэхээр л МИАТ-ийн ажлыг сайжруулахыг хүсч байгаа бол Бизнес хөгжлийн хэлтсийн даргынхаа үүргийг гүйцэтгэж, ажиллаж, хөдлөх хэрэгтэй шүү дээ. Гэтэл юу ч хийхгүй л байгаа байхгүй юу. Ц.Бат намайг олон удаа их муухай гүтгэсэн.
Ажилдаа ирдэггүй, архи уудаг, мэргэжлийн бус, мэдлэггүй л гэнэ. Охинтойгоо нийлж 50 мянган ам.доллар авсан ч гэх шиг. Одоо шоронд орох гэж байгаа гэж хүртэл цуу тараасан. Энэ талаар анх Үл-Олдох гэдэг сэтгүүлч “Зууны мэдээ” сонинд бичсэн юм. Хууль хяналтынханд хандаад, Сүхбаатар дүүргийн цагдаа дээр эрүү үүсгэн шалгаад, гүтгэсэн гэдгийг нь тогтоочихсон асуудал шүү дээ. Гэтэл энэ асуудлаар намайг дахин гүтгэсэн.
-Таныг “Аэробус” онгоц зарах эхний хэлэлцээг охиныхоо хамт Истамбулд очиж хийсэн гэх мэдээлэл бий. Энэ талаар юу хэлэх вэ?
-Манай А310 онгоц одоо болтол зарагдаагүй. Онгоц зарах ажлын хэсэг гурван удаа томилогдоход би хоёрт нь ахлагчаар ажилласан. Гэрээний төслийг дөрвөн сарын хугацаанд хийсэн. Төрийн өмчийн хорооны шийдвэр нь байгаа. 4,3 сая доллараар зар гэсэн. Би худалдан авагч талынхантай хэлэлцээр хийгээд 4,828 болгосон. Энэ бол ханасан үнэ. Тухайн үед хэлэлцээр хийсэн талынхандаа манай компанид нэг хувийн бонус өгөх үү гэсэн санал тавьсан.
Угаасаа бонус өгдөг зарчмаар тэд зөвшөөрч МИАТ-т 50 мянган ам.доллар өгье гэсэн юм. Тэгэхээр гэрээний нийт үнэ дөрвөн сая 878 мянган ам доллар болсон. Гэтэл үүнийг С.Билэгсайхан хахууль болгож авсан гэж зарлаад, түүгээр барахгүй охинтойгоо нийлж идсэн гэсэн яриа гаргасан. Аливаа бизнесийн зарчим бараагаа аль болох өндөр үнэд хүргэх явдал. Харамсалтай нь гэрээг эцэслэн баталгаажуулаагүй. Гүйцэтгэх захирал гэрээг баталсны дараа захирлын зөвлөл, ТУЗ хэлэлцэж баталгаажуулдаг. Гэтэл хэлэлцээрийн шатанд нь зогсоож дахин ажлын хэсэг байгуулан ахлагчаар нь дэд захирал Хүрэлбаатарыг томилсон.
-Уг нь таныг сайн үнэ хүргэлээ гээд баяр хүргэж, бараг шагнаж урамшуулах ёстой байсан юм биш үү?
-Шагнахаа байг, гүтгэхгүй байвал болоо шүү дээ. Улс төр хөөгөөд явж байсан бол өөр хэрэг. Энэ мэтийн дайралтыг тоохгүй. Гэтэл олон улсын түвшинд гарга, хий гэж намайг энэ албан тушаалд тавьсны хувьд би хариуцлагатай байх үүрэгтэй. Хамгийн наад зах нь ажилтнуудынхаа өмнө нэр цэвэр байж ажил урагшилна Тиймээс би энэ асуудлаар хоёр газар хандсан. Авлигатай тэмцэх газарт өөрийгөө шалгуулахаар өгсөн.
Уг нь манайхан ашигтай ажиллаж болдог, сайн ажиллавал урамшуулал авдаг юм байна гээд шинэ багт итгэж байсан. Харин энэ цуу яриа манай хамт олонд их бага хэмжээгээр нөлөөлсөн. Миний дараагийн ажлын хэсэг ямар компанитай ямар журмаар хэлэлцээр хийснийг би мэдэхгүй. Цагдаад тайлбар өгсөн. АТГ-т бас өгнө.
-Уучлаарай. Та архи хэр уудаг вэ. Яагаад ийм яриа гарах болсон юм бол?
-Хүн болгон л уудаг шүү дээ. Би уухын хувьд уудаг байсан. Гэхдээ амьдралаа алдаагүй л байгаа биз дээ. Хязгаартай байж амь амьдралаа аваад өдий хүрчихсэн эр хүн, би.
-Жиргээн дээр таныг МИАТ-д өөрийн төрөл садангийнхаа хүнийг оруулсан гэж бичсэн байсан?
-Би төрөл саднаа авах нь байтугай тийм тушаалд гарын үсэг зурах эрхгүй. Зөвхөн гүйцэтгэх захирлын тушаалаар л ажилд авдаг.
- Магадгүй нөлөөлсөн гэж үзээд байгаа юм болов уу?
- АТГ-т өгсөн судалгаагаар МИАТ-т хамаатан садан 135 хүн бий. Нисэхэд нэг онцлог байна. Нисгэгчийн хүүхэд нисгэгч болдог гэж. Бас нисэхийн хонхорт амьдардаг хүмүүс хоорондоо танилцаад гэрлэхээр хадам, хамаатан болдог нь дээрх тоог нэмэгдүүлсэн хэрэг. Мэдээж өөр янз янзын шалтгаан байдаг байх. Тиймээс эдгээр хүмүүсийг өнгөрсөн жил шууд удирддаг, удирдуулдаггүй байхаар зохицуулалт хийсэн юм.
Хэрвээ би ямар нэгэн хамаатан саднаа ажилд санал болговол ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд АТГ-т мэдүүлэг өгч, шалгуулах ёстой. Миний хувьд бүтэц бүрэлдэхүүн дээр нь ажилласан. Шинэ баг нэг ч хүн халаагүй. Тэтгэвэрт гарах тохиолдолд зарим орон тоог хассан. Энэ тал дээр ямар нэг гомдол гараагүй. Харин ч нээлттэй тендер зарлаад ийм хүн, тийм ажилд орлоо гэж зарладаг болсон.
- Цахим мэдээллийн сэтгэгдлийг уншаад байхад энэ хүмүүс хоорондоо хувийн өс хонзонтой ч юм уу гэсэн хардлага төрсөн?
- Надад ямар өс хонзон байх юм бэ. Би Ц.Батыг Иргэний нисэхийн дэд дарга болгоё гэлээ. МИАТ-ийн гүйцэтгэх захирал болгоё гэлээ. Өөрөө биечлэн очиж шүү дээ. Сүүлдээ тэр хүнийг би санал болгож, хэлтсийн дарга болгосон. Өөр яах юм бэ...
- Магадгүй түүнээс ч өндөр албан тушаалд сонирхолтой байсан юм болов уу?
- Мэдэхгүй юм. Би энэ компанийг ашигтай ажиллуулж болдог, захирлууд нь мөнгө төгрөг иддэггүй байж болдог юм байна гэдгийг нотолсон. Энэ хугацаанд нэг ч тендерт оролцоогүй, нэг ч төгрөгийн хахууль аваагүй. 30 гаруй жил улсад зүтгэхдээ нэг ч төгрөг хахуульд өгч бас авч байсангүй. Гэтэл намайг бүтэн жил гүтгэж байна. Сүүлд бас нэг гэрээ хэлэлцээрийн асуудал яригдаж эхэллээ. Дайны эрсдэлийн сангаас ч илүү луйвар хийгдэх нь гээд л.
- Тийм. Таван сая долларын асуудал гарч ирсэн. Энэ юун мөнгө вэ?
- БНСУ-ын “Seyou” компани анх МИАТ-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газарт “Манайх өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Бид танай нислэгийн тийз борлуулах агентлаг болъё” гэсэн санал тавьсан юм билээ. Тэгэхэд нь манай хүмүүс энэ асуудлыг яагаад ч юм дарчихаж. Тэгэхээр нь тэр “Seyou” компани өнөөх саналаа Зам тээврийн яаманд ирүүлснийг яам МИАТ-ийн дэд захирал Хүрэлбаатар руу шилжүүлсэн байсан. Тэр үед би байгаагүй. Тэдний тавьсан санал МИАТ-т дор хаяж 10 тэрбум төгрөгийн ашиг авчрах байлаа. Санхүү эрхэлсэн орлогч захирал Даваасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж судлаад, захирлын зөвлөл хэлэлцээд ажлын хэсгийн оруулсан саналыг дэмжих нь зөв гэж үзсэн. Тэр хурал дээр танилцуулахад л би ийм санал явааг мэдсэн. Яам ч зарчмын хувьд дэмжсэн.
Гүйцэтгэх захирал тухайн үед урьдчилсан гэрээнд гарын үсэг зурахгүй, намайг зур гээд яаманд ирүүлээд араас тамгаа өгч явуулсан. Урьдчилсан гэрээ яаман дээр байгуулагдсан юм. Нөгөө тал гэрээний баталгаа болгож таван сая ам.долларыг гэрээ байгуулснаас гурав хоногийн дотор МИАТ-ийн дансанд шилжүүлсэн. Энэ мөнгийг Г.Жаргалсайхан захирал гэрээ баталгаажаагүй байхад гарын үсэг зурж захиран зарцуулсан нь асуудал болоод байна.
Шинэ онгоцны төлбөр болох 3,6 сая долларыг төлөх хугацаа нь ч тулчихсан байсан. Ер нь гэрээг захирлын зөвлөлд танилцуулаад, дэмжвэл ТУЗ-дөө танилцуулдаг. ТУЗ нь Төрийн өмчийн хороонд танилцуулж яамандаа мэдэгдсэн тохиолдолд хэрэгждэг журамтай. Гэтэл үйл явц болоогүй байхад гэрээний нууцлал задарчихсан. Аливаа гэрээ хэлэлцээр нууц байдаг. Гэтэл хоёр ч удаа чухал гэрээ хэлэлцээрийг хүчингүй болголоо. Сая энэ ажлаар Сөүл яваад ирлээ. Гэрээнд дутуу дулимаг таарахгүй юм бас байна. Тиймээс энэ саналыг ч мөн адил захирлын зөвлөлөөр хэлэлцээд түтгэлзүүлчихсэн байгаа. Шуудхан хэлэхэд ашигтай ажиллаж болохгүй, бас шударга байх ёсгүй юм байна. Орлого олох гэхээр хоолойг нь таслаад хаячихдаг. Дахин хэлэхэд, урьдчилсан гэрээнд гарын үсэг зурахдаа л би тэр хүмүүсийг анх харсан. Тэгээд ч би төрийн ажлыг хийдүүлж, авлига авдаг арчаагүй хүн биш.
-Таныг гэнэт ажлаас халсны шалтгааныг юу гэж бодож байна?
- Би МИАТ-д ажилд ороод жил гаруй л болж байна. Хүмүүст ижил шаардлага тавьж шударга ажилласан. Зөрчил дутагдлыг дотооддоо арилгах гэж их тэмцсэн. Түүнээс өмнө 12 жил бизнес эрхэлсэн. Энэ хугацаанд нэг л зүйл сонин санагдаж байлаа. Тэр нь юу гэхээр төрийн албан хаагчдын ажиллах систем. Миний бодлоор үүнд санаа зовмоор нэлээд олон асуудал байна.
Төрийн албан хаагчдын дархлаа их сул. Тэднийг хамгаалах хүчин байдаггүй, дандаа улс төрийн хүчний нөлөөнд өртдөг.
Тухайлбал, төрийн албан хаагчдын дархлаа их сул. Тэднийг хамгаалах хүчин байдаггүй, дандаа улс төрийн хүчний нөлөөнд өртдөг. Төрийн ажилтны дархлаа сайн байвал төр өөрөө тогтвортой байна. Энэ бол хамгийн түрүүнд анхааралд өртсөн асуудал. Миний ажлаас халагдсан тохиолдол их нийтлэг. Судалгаа үзэж байхад төсвийн нэлээд их мөнгийг ажлаас нь хууль бусаар халаад эргээд шүүхийн тогтоолоор ажилд орсон хүмүүсийн нөхөн төлбөрт олгодог юм байна.
-Та ч гэсэн хууль бусаар халагдлаа гэж үзээд шүүхэд хандах уу?
-Одоо намайг нийгэм тэр чигээрээ буруутай гэж ойлгох нь. Учир нь би энэ асуудалд хариу өгч чадахгүй байна шүү дээ. Нөхөр С.Билэгсайхан Монголын эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэрээ хийсэн, 50 мянган ам доллар идсэн хүн болох нь байна. Гэтэл надад энэ асуудлыг цэгцлэх, өөрийгөө хамгаалах, хамгаалуулах процесс үнэндээ алга байна.
-Тэгэхээр яасан нь дээр гэж үзэж байна?
-Эхний ээлжинд Цагдаад, АТГ-т сайн дураар хандаж өөрийгөө буруугүй гэдгийг нотлох нь зөв гэж бодсон.
-МИАТ-ийн үйл ажиллагааны өнөөгийн байдал ямар байгаа вэ?
-МИАТ өнгөрсөн жил ашигтай ажиллалаа. Түүнээс өмнөх жилүүдэд алдагдалтай ажиллаж байсан. Тухайлбал, 2011 онд таван тэрбум 778,7 сая, 2012 онд дөрвөн тэрбум төгрөгийн алдагдалтай. Харин 2013 онд хоёр тэрбум 900 сая төгрөгийн ашигтай ажилласан. Сүүлийн хоёр жилийн балансыг харахад асар их зөрүү харагдаж байгаа биз. Алдагдалтай байгаа компанийг ашигтай ажиллуулахын тулд бид маш их ажил зохион байгуулсан, зохион байгуулж ч байгаа. Бодлого, техник, зохион байгуулалтын арга хэмжээ, бүтэц зохион байгуулалтын хувьд цэгцлэх, компанийг тогтворжуулах гээд ажил их хийгдсэн.
Ер нь төрийн ч бай, хувийн ч бай ямарваа бизнесийн байгууллага тухайн жилдээ ашигтай ажиллах хамгийн чухал. Өнгөрсөн жил манай хамт олон хичээсний үр дүн гарлаа. Шинэ “Боинг 767” онгоц авлаа. Гэхдээ бид үүнээс ч илүү ажиллаж чадах байсан. Товчхондоо эдийн засгийн хувьд хямрал нөлөөлсөн. Манай улсын аялал жуучлалын салбар хүнд байлаа. Дээр нь улсын төсөв 1,7 их наядаар буурчихсан, уул уурхайн салбар зогсонги байдалд орсон нь үйл ажиллагаанд эсрэгээр нөлөөлсөн. Түүнээс гадна зорчигчдын аюулгүй байдал, ая тух гэдэг хамгийн гол асуудал. Үүнийг бага ч болов шийдэж чадсан. Бас ажлынхаа үр дүнг ажилчдадаа хүртээж 300 гаруй сая төгрөгөөр урамшуулсан. 2020 он гэхэд ашгийг 60 сая ам.долларт хүргэх бизнес төлөвлөгөөг ч хийлгүүллээ.
-Өмнөх жилүүдэд яагаад алдагдалтай ажилласан юм бол. Ашигтай ажиллахад гол нөлөөлсөн хүчин зүйл юу байв?
-Шинэ баг ирээд өмнөх жилүүдийн ажилд анализ хийсэн. Найдваргүй өр авлагыг барагдуулах, багасгах тал дээр анхаарч, маркетинг, орлого, үйлчилгээн дээр нэлээд ажиллалаа. Мэдээж 100 хувь сайжраагүй ч мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан. Энэ дашрамд хэлэхэд төрийн өмчит 94 компанийг МИАТ-ийн жишиг дээр тулгуурлан ашигтай ажиллах концепци боловсруулж төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарт танилцуулсан. Гол зарчим нь бүтцийн өөрчлөлт хийж нэмэлт хувьцаа гаргаж эргэлтийн хөрөнгөтэй болгох юм. Үүнийг ТӨХ-ны дарга их дэмжиж саяхан “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэсэн байна билээ. Энэ талаар жич ярилцаж болох юм.
-Өнгөрсөн жилийн яг өдийд Г.Жаргалсайхан дарга та хоёрын маргаан дуулиан тарьж байсан. Шийдвэрлэгдсэн үү?
-Ажил төрлийн маргаан байлгүй л яах вэ. Зарчмын хувьд санал зөрөх тохиолдол ч гардаг.
-Та хэлж байсан. Сүүлд БНСУ-ын талтай гарын үсэг зурсан санал МИАТ-т ашигтай гэж. Гэтэл гол гарын үсэг зурсан хүнээ халчихлаа. Гэтэл нөгөө талаас таван сая долларыг нь аваад аль хэдийнэ үрчихсэн байдаг. Тэгэхээр цаашид юу болох вэ?
-Нэг ёсондоо золиос болж байна л даа, би. Саналынх нь нууц задарсан. МИАТ-ийн Захирлын зөвлөл энэ саналд засч залруулах зүйл байна гээд хүчингүй болгочихсон шүү дээ. Дээрээс нь гарын үсэг зурсан хүнээ ажлаас нь халчихлаа. Тэр нь арай дээр гэж тооцоолсон юм байлгүй. Бүх бурууг над руу чихэх төлөвлөгөөтэйгөөр.
-Саналыг хүчингүйд тооцсон болохоор авсан таван сая доллараа эргэж төлөх үү. МИАТ санхүүгийн хувьд асуудалгүй юу, эсвэл банкнаас зээл авах замаар төлөх үү. Банк зээл олгох болов уу?
-Мөнгө аваад хэрэгтэй зүйлдээ зарцуулчихсан юм чинь эргэж төлөх нь гарцаагүй. Гэвч одоогийн нөхцөл байдал дунд хэцүүхэн л дүр зураг харагдаад байна даа.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд миний ажлын өрөөг нэгжсэн байсан.
-Бас таныг АТГ-т мэдүүлэг өгсний маргааш ажлаас халсан нь сонирхол татаад байна. Та мэдүүлэгтээ тийм хурц зүйл ярьсан хэрэг үү?
-АТГ-т шалгуулах хүсэлтээ би өөрөө өгсөн. Үүний маргааш ажлаас халах тушаал гаргасан нь надад ч сонин санагдаад байгаа юм. Түүгээр ч барахгүй өнгөрсөн амралтын өдрүүдэд миний ажлын өрөөг нэгжсэн байсан.
-Юу хайсан юм бол?
-Мэдэхгүй.
-Магадгүй АТГ-т өгсөн мэдүүлэг тань МИАТ-ийн удирдлагуудын чихэнд хүрсэн юм болов уу?
-Ноцтой л санагдаж байна. Би өмнө нь хэлж байсан. АТГ энэ асуудлыг шалгаад эхлэхээр олон хүний зүрхэнд цус хурна даа гэж. Гэхдээ би юу гэж мэдүүлэг өгсөн нь нууц шүү дээ. Юу гэж ярьсныг зөвхөн мөрдөн байцаагч бид хоёр л мэднэ.
-Таныг ажлаас халахдаа чухам ямар үндэслэлээр гэдгээ хэлсэн үү?
-Компанийн нууцыг твиттерээр задруулсан гэсэн. Би твиттертээ зөвхөн намайг гүтгэснийх нь хариуг л хэлсэн. Би тэр л асуудлаар өөрөө өөрийгөө АТГ-т шалгуулж, нэр төрөө сэргээлгэх гэж байна. Сүүлд өөрийн бичсэн зүйлүүдийг харахад нууц задруулсан гэхээр нэг ч зүйл байгаагүй. Компанийн тухай ганцхан таван сая доллар орж ирсэн гэх мэдээлэл байсан. Үүнээс болж халж байгаа юм гэж үү. Энэ бол компанийн нууцад хамаарахгүй. Харин ч маркетингийн ач холбогдолтой зүйл. Компани мөнгөтэй байна, мөнгө орж ирж байна гэвэл хүмүүсийн итгэх итгэл нэмэгдэнэ.
Хэрэв мөнгөгүй, хоосон, алдагдалтай байна гэвэл асуудал үүснэ биз дээ. Өнөөгийн цагт бүх байгууллага тайлан балансаа ил болгодог болсон. Ерөнхийлөгч хүртэл шилэн данс гэж ярьж байна. Компани мөнгөтэй болж байна гэвэл бол маркетинг. Харин тэр мөнгийг хэн, хэрхэн, ямар арга замаар олсон нь тэдний яриад байгаа компанийн, бизнесийн нууц юм шүү дээ.
-Тэгэхээр таныг хууль бусаар ажлаас халсан юм биш үү. Ер нь та өмнө нь ямар нэгэн сахилгын шийтгэл ч юм уу, сануулга авч байв уу?
-Миний эрхэлж буй албан тушаал бол Төрийн ба орон нутгийн өмчийн тухай хууль, одоогоор мөрдөгдөж буй журам, компанийн дүрмээр ТУЗ-тэй зөвшилцөж томилдог, чөлөөлдөг учиртай. ТУЗ-ийг хуралдуулахын өмнө Төрийн өмчийн хорооноос удирдамж авдаг. Гэтэл тийм зүйл огт аваагүй. Тэр байтугай ТУЗ-тэй ч зөвшилцөөгүй. Өөрөөр хэлбэл, намайг халахдаа хууль бусаар буюу Хөдөлмөрийн хуулийн 21-24 зүйлийг шууд зөрчсөн байгаа юм. Би байгууллагад хохирол учруулаагүй, ямар нэгэн сануулга, сахилгын шийтгэл авч байгаагүй.
“Seyou” аялал жуулчлалын компаниудтай гэрээ байгуулан МИАТ-ээр нисэх болон дамжин нисэх зорчигчийн тоог 20 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэнд байгаа юм.
-Таны оронд хүн томилсон уу?
-Алтанцом гэх хүнийг тавьсан байна. Миний шууд удирдлага дор ажилладаг Маркетинг борлуулалтын хэлтсийн е-тийзний борлуулалт хариуцдаг эмэгтэйн нөхөр гэдгийг сая л мэдлээ.
-Сүүлийн үед КАL-ын ерөнхий захирал гэрээгээ цуцлах тухай захиа ирүүлсэн гэх мэдээлэл тархлаа. Энэ тухай бодит мэдээлэл өгнө үү?
-Урьд нь МИАТ компани Сөүл рүү зуны нэмэгдэл 36 нислэг авах гэж БНСУ-ын талтай сайдын түвшинд хүртэл ярилцдаг байж. КАL-тай асуудал үүсч байсныг манай сайд Гансүх дэд сайд байхдаа очиж зохицуулж байсан. Гэтэл дээр дурдсан, тус улсын “Seyou” компанитай гэрээ байгуулах тухай урьдчилсан байдлаар санал солилцож байх явцад КАL сандарч МИАТ-тэй байгуулсан гэрээгээ цуцлах тухай захиа явуулсан нь анхаарал татахаар.
Гэрээ цуцална гэдэг бол ультиматум, өөрөөр хэлбэл тулган шаардах бичиг гэсэн үг. КАL сандарч байгаагийн цаад учир нь “Seyou” аялал жуулчлалын компаниудтай гэрээ байгуулан МИАТ-ээр нисэх болон дамжин нисэх зорчигчийн тоог 20 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэнд байгаа юм. Үүний ард БНСУ-аас МИАТ-аар наашаа чиглэх олон зуун мянган зорчигчдын урсгал нэмэгдэх боломж нээгдэж байна. КАL бол МИАТ-ийн өрсөлдөгч шүү дээ. Манайхан болохоор үүнийг мартчихаад дээр дооргүй намайг буруутгах аян дайнд мордчихоод шуугиад байх юм. КАL өөрийнхөө эрх ашгийн төлөө л явна. МИАТ-ийн төлөө нэг их явахгүй болов уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!