Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ээжүүд минь дээ Ээжүүд минь

Өдрийн шуудан
2014 оны 3 сарын 8
Өдрийн шуудан

Төрийн шагналт, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Дөнгөтийн Цоодолын 1986 онд гаргасан “Он жил” номын шүлгүүдээс хүргэж байна.

Ээжүүд минь дээ Ээжүүд минь

Ямар ч гайхам үнэн хайр бэ
Яасан ч сайхан халуун сэтгэл вэ
Хүнийх огт болохгүй юм шиг
Хүлгийн дөрөөнд хүрмэгц
Арилаад өгөхгүй юм шиг
Хүүгээ ямагт миний хүү, миний хүү л гэнэ
Гэтэл тэнд хүүгий нь
Өөр хүн хүлээж
Гэргий нь болох бүсгүй
Минийх л гэж бодож байгаа
Хаа нэгтээ босох
Шинэ хот суурин
Харгуй замаар одох
Цэргийн цуваа ч хүлээж л байгаа
Миний хүү, миний хүү л гэж суухад нь
Мичид гаригсын зам
Туйлын мөс ч хүлээж л байгаа
Ээжүүд минь дээ
Ээжүүд минь
Зарим нь ачийг тань санана
Заяасан эхээ алган дээрээ өргөнө
Замдаа хагас нь мартана
Замбаганаас өөрөө ургасан шиг аашилна
Сүүн дээр ус хийсэн ч
Сүүгээрээ л үлдэнэ
Сүслэм эхийг гомдоосон ч
Эхээрээ л үлдэнэ
Хорвоод мөнхийн чанар
Хонгор сэтгэлээрээ миний нөхөр
Ээжүүд минь дээ
Ээжүүд минь
Ээжүүд минь дээ, ээжүүд минь

Цэцэгс

Харахаас энхрий өнгө өнгийн цэцэгс минь 
Хайтан, уданбор, яргуй хийгээд хонхлой минь 
Хаврын хаварт бараагий чинь харавч 
Хар нүдэн уйдаахгүй увдис чинь хаанаав?
Намрын нугад уналаа ч дахиад л тэндээ 
Наран доороо дэлгэрдэг нууц чинь хаанаав?
Хэдэн ч удаа би цэцгийн тухай шүлэглэж
Хэрсүү редакторт «амьдралаас тасархайгаа» дуудуулав
Харчуул бид хэчнээн ч бүсгүйд та нарыгаа барьж
Хагдраад унахад чинь хэдэн ч намрын гунигт автав
Зуны цэцэрлэгт та нарыг алагланхан байхад
Зулгаачихдаг үхрээд би чулуу нүүлгэдэг
Зургаан мичдийн дор үнэрт чинь согтуурч
Зураг шиг төрсөн амрагаа үзэсгэлэнтэй чинь зүйрлэдэг
Мөнхийн гоо өнгөнөөсөө амрагт минь өгч
Мөртөө явсан намайг та нар олзлуулсан
Тансаг сайхныг хайрлаж яваарай гэж
Та нар намайг хургачин явахад минь шивэгнэсэн
Аль нэгэнд хайр, хүндэтгэл илэрхийлэхдээ
Ахиад л хүмүүс өнөөх цэцгээ барина
Харин цэцэг та нарыг хүндэтгэж
Хариу өргөвөл бид юугаа барина?
Харахаас энхрий өнгө өнгийн цэцэгс минь 
Хайтан, уданбор, яргуй хийгээд хонхлой минь 
Хаврын хаварт бараагий чинь харавч 
Хар нүдэн уйдаахгүй увдис чинь хаанаав?
Намрын нугад уналаа ч дахиад л тэндээ
Наран дороо дэлгэрдэг нууц чинь хаанаав?

Бүсгүйн залбирал

Далай орчлонд миний амраг
Дандаа магтуулж, олонд бүү шагшуулаг
Дараа хөшөө босгуулж, дурсамжаа бичилгүй
Даруухан, адуугаа залж, тариагаа л тарьж яваг
Дарвиж, хааяа ууж наргиж
Даруулгагүй загнаж хүүхэд шиг ч томоогүйтэг
Далдуур амрагтай болж, намайг гомдоож
Дараа нь надад буруугаа хүлээсээр ч ирэг
Дааж өнгөрнөө нэг удаа
Дайнд л бүү яваг миний хонгор
Буй амьдрал янзаараа эргэж
Буурал үдэш өдрийн өдрийн дараа ирдгээрээ л ирэг
Буцах шувуу үүлэн дунд ганганаж
Будант намар сэтгэлийг минь ч эмтлэг 
Учрах зовлон жаргалыг шүлгэндээ дансалж 
Уянгын найрагчид шүүрс алдаг Буруудаж, зөвдөж, гомдож баярлаж 
Бултын адил би үзэх бүхнээ л үзье 
Бум олонтойгоо байхад юу ч гэсэн болноо 
Гал голомт, газар шороон яруу найраг 
Ганц амь, нар тойрсон амьдралын хөлөг 
Гариг дэлхийд минь дайн л бүү болог 

Тэр хоёр

Надтай суугаад чи жаргахгүй дээ гэж
Насан багадаа бүсгүй залууд хэлжээ
Зовъёо би чамтай хоёулаа зовъё гэж
Зоримог эр өнөө хүүхэнд хэлжээ
Он жил урсан талийдгаараа талийж
Орчлонд нээрээ хоёул элдвийг ч үзжээ
Хөөрхий, үйлтэй чиг хоёроо гэж
Хөндлөнгийн улс тэднийг хэлдэг ч байжээ
Надтай суугаад чи жаргасангүй дээ гэж
Нас тогтсон хойноо гэргий нь хэлжээ
Хоёулаа зовохоос илүү яаж жаргах юм гэж
Хонгор сэтгэлийн амрагтаа хань нь тэгэхэд хариулжээ.

Зураг