Олон улсын эмэгтэйчүүдийн баяр маргааш тохионо. Энэ өдөр хүн бүхэн ээжийгээ баярлуулж, сэтгэлдээ тээж явдаг сайхан үгсээ харамгүй хэлдэг. Харин байнга завгүй байдаг уран бүтээлчид ээжийгээ хэрхэн баярлуулдаг талаар сонирхохоор зарим хүн рүү утас цохисон юм.
Ээждээ хайртай гэдгээ хэлмээр болбол шууд л гүйгээд очдог
/“Шинэ үе” продакшины захирал, гавьяат жүжигчин Н.Ариунболд буюу Бооёо/
-Юуны өмнө ээждээ танай сониноор дамжуулан олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Би ээждээ хайртайгаа гэдгээ захидал энэ тэрээр илэрхийлж байгаагүй. Учир нь бид байнга цуг байж, ойрхон амьдардаг. Ээждээ хайртай гэдгээ хэлмээр санагдвал гүйж очоод хацар дээр нь үнсээд, “хайртай” гэж хэлдэг. Би ээждээ элдэв янзын бэлэг авч өгөхөөсөө илүү, байгаа байдлаараа баярлуулахыг хүсдэг.
Ер нь бэлэг гэхээр заавал биет зүйл байх албагүй шүү дээ. Санааг нь чилээхгүй, бүтэн нойртой хонуулж байвал тэр л сэтгэлийн жаргал. Бид ээжийгээ жаргааж байгаа гэдэгтэй маш итгэлтэй байдаг.
Бооёо: Ээждээ хайртай гэдгээ хэлмээр санагдвал гүйж очоод хацар дээр нь үнсээд, “хайртай” гэж хэлдэг.
Учир нь бидний хэн нь ч ээжийгээ зовоохгүй тус бүрийн амьдралаа сайхан авч явж байна. Ээж минь ч өөрөө “Ээж нь хүүхдүүддээ баярладаг шүү” хэмээн хэлдэг. Энэ үг бидэнд хамгийн том баяр баясгалан, бас цаашдын хариуцлагыг хүлээлгэдэг. Энэ удаагийн мартын 8-наар ээжийгээ баярлуулж чадахгүй нь бололтой. Ээжээсээ хүлцэл өчье. Учир нь өдөр бүр тоглолттой байгаа юм л даа.
Ээждээ хүргэх сэтгэлийн үгээ танай сониноор дайя. Миний ээж саяхан аюулт өвчнөөс ангижирсан юм. Тиймээс ээждээ эрүүл энхийг хүсч, хүүхдүүддээ нарны гэрэл шиг ээл ивээлээ хайрлаж, сарны туяа шиг гэрэлтүүлж яваарай гэж хүсье.
Хүү нь таныхаа ачийг чимх чимхээр нь хариулна гэж амлая
/Дуучин A Cool/
-Би Багануур дүүрэгт өссөн. Тэндхийн кино театрт хоёр гуравдугаар ангид байхдаа “Ээждээ эргэж очихсон” киног үзэж байсан. Үзээд зөндөө уйлсан. Надад ихийг ойлгуулсан гэх үү дээ. Кино театраас гараад гэртээ очоод үүдэндээ сууж байгаад өнгийн цаасаар хонхон цэцэг хийж, ээждээ бэлэглэж байсан.
Ээж минь тэр үед намайг хараад баярын нулимс унагаж байлаа. Үүнийг би ерөөсөө мартдаггүй, ээжид минь ч тод дурсамж үлдээсэн юм шиг байгаа юм. Одоо хүртэл түүнийг ярьдаг. Миний ээж үнэхээр тэсвэр тэвчээртэй мундаг хүн байдаг. Аав минь намайг хоёр настайд нас барсан.
A Cool: Ээждээ аминчлан хэлэхэд, хүү нь таныхаа ачийг чимх чимхээр нь ч болов хариулна гэж амлая.
Түүнээс хойш ээж минь зөвхөн миний төлөө амьдарч байгаа. Учир нь би айлын ганц хүүхэд. Одоо миний сайн явааг хараад ээж минь баярладаг байх. Би өнөөдөр Европын орнуудаар аялан тоглолтоор явах гэж байна. Тиймээс олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-нд ээжтэйгээ бас л байж чадахгүй нь.
Тиймээс ээждээ сэтгэлийн үгээ хэлье. Дэлхийн бөөрөнхий, хүн эхээс төрөхдөө “бөөрөнхий” усан дотроос төрдөг учраас би дэлхийг эмэгтэй хүн бүтээсэн гэж бодож, хайрлан хүндэлдэг.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр миний хайртай ээж болон дэлхийн бүх ээж нүдэндээ нулимсгүй, нүүрэндээ баясгалантай, сэтгэл тэнэгэр сайхан баярлаасай гэж хүсч байна. Ээждээ аминчлан хэлэхэд, хүү нь таныхаа ачийг чимх чимхээр нь ч болов хариулна гэж амлая.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|