З.Энхболд: Засгийн газрын хүссэн мөнгийг өгдөг байсан нь УИХ-ын буруу
УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр хуралдаж 2014 оны төсвийн тухай хуульд тусгасан барилгын төсөвт өртөг нь нэмэгдсэн, он дамжин хийгдэж байгаа царцаасан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний аудитын шалгалтын дүнг хэлэлцлээ.
Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн 243 төсөлд аудитын шалгалт хийсэн байна.
Эдгээр төслөөс ажил нь дууссан 26, 90-ээс дээш хувийн гүйцэтгэлтэй зургаа, эхлээгүй 99, үргэлжилж байгаа 141 төсөл байгаа аж. Уг царцаасан барилгын жагсаалтад сургуулийн барилга, өргөтгөл 51, цэцэрлэгийн барилга, өргөтгөл 52, соёлын төв 21, спорт цогцолбор 20 тус тус багтсан байна.
Шалгалтаар давхардсан тоогоор 1034 зөрчил бүртгэгдсэн бөгөөд Төсвийн тухай хууль 29.4, Барилгын тухай хуулийн 15.2 дахь заалтыг зөрчиж, зураг төсөл нь бэлэн болоогүй нийт 196 төсөл байсан аж.
79.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 37 объект 2014 онд ашиглалтад орох боломжтой гэж дүгнэсэн байна.
Мөн шалгалтад хамрагдсан төслүүдээс 518.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 146 төсөл, арга хэмжээ 2014 оны төсвийн тухай хуулийн хөрөнгө оруулалтын жагсаалтад тусгаж хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гаргажээ. Үүнээс 79.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 37 объект 2014 онд ашиглалтад орох боломжтой гэж дүгнэсэн байна.
Харин Хөгжлийн банкаар дамжуулан шийдвэрлэх шаардлагатай 121.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий зам гүүрийн 15 төсөл, Төсвийн болон Барилгын тухай хууль зөрчсөн, техникийн нөхцөл бэлэн болгосны үндсэн дээр 2015 оны төсөвт тусгах 81 төсөл арга хэмжээ байгаа аж.
Өөрөөр хэлбэл, энэ онд санхүүжилт олгох боломжгүй, зураг төсөл, техникийн нөхцөлийг бэлэн болгосны дараа буюу ирэх онд санхүүжүүлэх төслүүд юм. Мөн төсөвт өртөг нь нэмэгдсэн, нэмж санхүүжилт авах шаардлагагүй 23 объект, 58.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй долоон объектийг зориулалтыг нь өөрчлөн худалдах замаар мөнгөө эргүүлэн авах зэрэг дүгнэлтүүдийг гаргасан байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүд Аудитын газраас ирсэн хүмүүсээс асуулт асууж хариулт авч, саналаа илэрхийлсэн юм.
УИХ-ын дарга З.Энхболд
2006 онд Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гарсантай холбоотойгоор санхүүгийн сахилга бат гэдэг зүйл хэрэгжихээ больсон. Засгийн газрын хүссэн мөнгийг УИХ өгдөг байсан. Энэ хэсэгт УИХ өөрөө буруутай. Ер нь аудит төсөвт өртөг нэмэгдсэн асуудалтай барилгыг шалгаж эхэлсэн нь өөрөө сайн хэрэг.
З.Энхболд: Яг ижил хэмжээтэй, яг ижил багтаамжтай нэг аймагт байдаг хоёр барилгын төсөвт өртгөөр өөр байх юм. Эдгээрт хяналт тавиагүй нь буруу.
Гэхдээ мэдээж аль аль талдаа буруу явагдсан зүйлүүд байгаа. Барилга, байгууламж, арга хэмжээ, зураг төсөлгүй л бол явагдах ёсгүй.
Аудитын дүгнэлтийн жишээнүүдийг харлаа. Харьцуулсан судалгаа ч байна. Харьцуулсан судалгаанаас харахад яг ижил хэмжээтэй, яг ижил багтаамжтай нэг аймагт байдаг хоёр барилгын төсөвт өртгөөр өөр байх юм. Эдгээрт хяналт тавиагүй нь буруу. Цэг тавих цаг нь болсон. Тиймээс буруутай хүмүүст бүгдэд нь тохирох хариуцлага тооцох ёстой.
Өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаанаас болж явагдахгүй байгаа байгууламжаа тухайн компани өөрсдөө худалдаж авах хэрэгтэй. Тэр барилга улсад хэрэггүй хэмээн байр сууриа илэрхийлсэн.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
Өнөөдөртөө энэ асуудлаар шийдвэр гарчихгүй байх гэж бодож байна. Ямар үндэслэлээр нэг хэсгийг нь энэ онд үргэлжлүүлэн барихаар болсон юм. Ямар хэсгийг нь хойшлуулаад байгааг үндэслэлтэй тайлбарлахгүй юу?
Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, тухайн бүс нутгийн бодлого гээд олон үндэслэлүүдээр бид төсөвт хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг тусгадаг.
Өнөөдөр Ховдын хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг цэвэрлэх байгууламж, био технологи нутагшуулах асуудал, ажлын байр бий болгох, экспортыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Яагаад хойшлуулсан юм бэ.
Ижил хүчин чадалтай барилга, нэг газарт мөртлөө яагаад гурван өөр үнэтэй байна вэ? Засгийн газар 740 тэрбум төгрөгийн төсөвт өртгөө нэмэгдүүлэхээр болсон хэмээн асууж байв.
Эрхэм гишүүний эл асуултад ҮАГ-ын төлөөлөл “2.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий арьс шир цэвэрлэх байгууламж нь Ховд аймагт байхгүй. Энэ байгууламжийн зураг төсөв, ТЭЗҮ-ийг нь тодорхойлсны дараагаар барихаар хойшлуулсан” гэсэн хариултыг өгсөн. Газрын асуудал нь шийдэгдээгүй, өөрчлөгдөөд байсан учир баригдаагүй хойшилж байсныг ч хэлэв.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат
“Аудитын дүгнэлтийг харлаа. Ний нуугүй хэлэхэд, бөөрөнхийдүү дүгнэлт гаргасан байна. Ховдод цэвэрлэх байгууламж хэрэгтэй гэдэг дээр би С.Бямбацогт гишүүнтэй санал нэгдсэн. Гэхдээ байгуулна гэдэг нэрийн дор цуг явах ёстой юмыг түрүүлж хийсэн байсан. Харин тоног төхөөрөмж нь Улаанбаатар хотод байгаа гэсэн. Тэнд зураг төслийн дахин төлөвлөлт хийх хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн.
Д.Эрдэнэбат: Улсын төсвөөр хэрэгжиж байгаа гэдэг нэрийн дор мөнгө угаагаад байгаа компаниудыг нэрлэ. 1000 гаруй зөрчлөө битгий нуу.
Харин төрөөс тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авсан хариуцлагагүй компаниар дахин ажил хийлгэж болохгүй. Хамгийн олон тендер аваад ажлаа гүйцэтгээгүй компаниудыг нэрлээд өгөөч. Мөн олон жил сунжирсан компаниудыг дахин нэрлэх хэрэгтэй. Улсын төсвөөр хэрэгжиж байгаа гэдэг нэрийн дор мөнгө угаагаад байгаа компаниудыг нэрлэ. 1000 гаруй зөрчлөө битгий нуу.
Одоо ил тод зарла. Ажлын хэсэг санал дүгнэлт гаргахаар байгуулагдах байх. Бүх зүйлээ ил тод болго” хэмээхэд 200 гаруй объектоос гурван объект давхар авсан гээд 84 гүйцэтгэгчийн нэр судалгаанд байгаа. Жишээ нь, 2012 онд байсан төсөвт өртгийг 2013 онд хэдэн хувиар нэмсэн нь байгаа. Ер нь дунджаар 50 орчим хувиар төсөвт өртөг өссөн.
Урьдчилгаагүйгээр хийдэг шаардлагыг хууль болгох хэрэгтэй гэсэн хариултыг албаныхан Д.Эрдэнэбат гишүүнд өгсөн. Ингээд байнгын хорооны хуралдаанаар аудитын дүгнэлтийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

