ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Энхжаргалан: Гадаадад сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ даатгалд нь байдаг

Д.Гэрэлцэцэг
2014 оны 3 сарын 6
Зууны мэдээ
Зураг зураг
Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Г.Энхжаргалан

Хүмүүс эрүүл мэнддээ анхаарна гэхээр биеийн эрүүл мэнд гэж ойлгодог. Гэтэл үүнээс гадна сэтгэл санааны эрүүл мэнд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Сэтгэл зүйчид хандсанаар ямар сайн талтай байдаг талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Г.Энхжаргалантай ярилцлаа:

-Монголчууд сэтгэл санааны эрүүл мэнддээ хэр анхаардаг болсон бэ?

- Нийгмийн хөгжлөө дагаад хүмүүс сэтгэлийн хямралтай байх нь элбэг болсон. Стресс буюу сэтгэлийн хямралын үед хүн бүх булчингаа чангалдаг. Зарим хүн булчингаа чангарахыг мэдэрдэг бол зарим нь огт мэдрэхгүй байх тохиолдол ч бий. Хэт мэдрэмтгий хүн булчингаа чангарахыг мэдэрдэг. Ингээд бүх булчин шөрмөсөө чангалаад ирэхээр ходоодны шархлаа үүсэх, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо хямрах, зүрх дэлсэх, цусны даралт ихсэх зэрэг бие махбодид сөргөөр нөлөөлдөг.

-Тэгвэл сэтгэлийн хямрал нь өвчин тусах үндэс болдог гэж хэлж болох уу?

-Нийт өвчлөлийн 70 гаруй хувь нь сэтгэл зүйн учир шалтгаантай байдаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс сэтгэл санааныхаа эрүүл мэндэд анхаарахгүй бол бие махбодь дагаад өвчилдгийг хувь хүн сайн ойлгох хэрэгтэй.

Сэтгэл санаа хэдий тайван байна төдий чинээ бие тайван, эрүүл байх үндэс нь болдог.

-Хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө их авдаг болсон гэсэн. Ихэвчлэн ямар төрлийн зөвлөгөө авахаар ирж байна вэ?

-Нэг үеэ бодвол хүмүүс сэтгэл санаагаа тайван байлгаж, хүнд асуудлаа шийдэхийн тулд сэтгэл зүйчид ханддаг болсон. Одоогийн байдлаар манайд хандаж буй хүмүүсийн ихэнх нь хүүхэд болон гэр бүлийн талаар зөвлөгөө авч байна. Мөн ажлын байр болон хамт ажилладаг хүмүүсийн хооронд үүссэн хүндрэлтэй асуудлуудаа шийдэхээр ч ханддаг. Юуны өмнө сэтгэл зүйн зөвлөгөө авахаар ирж байгаа хүн хэн нэгний дарамт, шахалтаар ирэхгүй байх нь чухал. Өөрийн хүсэлтээр ирж зөвлөгөө авч байгаа тохиолдолд илүү үр дүнтэй байдаг. Нэг удаагийн зөвлөгөө авснаар асуудлаа шийдэх нь ховор байдаг.

-Эрэгтэй, эмэгтэй хүмүүс сэтгэл зүйн хувьд аль нь илүү эмзэг, хэврэг байдаг юм бэ?

-Манай төвд хандаж байгаа хүмүүсийн судалгааг улирал тутам гаргадаг. Сэтгэл зүйн зөвлөгөө авахаар ирж байгаа нь эмэгтэйчүүд байдаг. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд асуудлаа богино хугацаанд зөв шийдвэрлэх хүсэлтэй байдаг гэж болно. Харин эрчүүдийн хувьд сэтгэл зүйн онцлогтой. Тэд асуудлаа бие даан шийдвэрлэх сонирхолтой байдаг юм. Бусдаас хамааралгүйгээр өөрөө шийдвэр гаргахыг илүүд үздэг. Сэтгэл зүйн зөвлөгөөг хэр их авч чадна төдий чинээ сэтгэлийн хямрал бага байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Сэтгэл санаа хэдий тайван байна төдий чинээ бие тайван, эрүүл байх үндэс нь болдог. Гадаадын ихэнх оронд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилээ нь эрүүл мэндийн даатгалд нь орсон байдаг. Тиймээс эмчид тогтмол үзүүлдэг шигээ иргэд нь сэтгэл зүйчтэй байнга холбоо, харилцаатай байдаг юм. Харин манайд энэ салбар сайн хөгжөөгүй учир энэ хэмжээнд арай хүрээгүй байна.

-Хүн өөрийгөө сэтгэлийн хямралд орсон гэдгийг оношлох боломжтой юу?

-Хүн бүр өөрийнхөө сэтгэлийн эрүүл мэндийн өмнө хариуцлага үүрч байгаа гэдгээ ухамсарлах ёстой. Өөрөөр хэлбэл, биеийн эрүүл мэнддээ анхаардаг шигээ сэтгэлийн эрүүл мэнддээ анхаарах нь чухал. Тухайлбал, сэтгэл санааны хувьд тогтворгүй байх, цочимхой болох, хэт юм бүхэнд бухимдаж байгаа эсэхээ анхаарч байх хэрэгтэй. Хэрэв ийм шинж тэмдэг олон дахин давтагдаж байвал сэтгэл зүйн эмчилгээ үгүйлэгдэж байгаагийн илрэл юм.

Сэтгэлийн хаттай байна гэж бодсон хэдий ч хүнд хэцүүг даван туулах тал дээр сул хүн бол мэргэжлийн сэтгэл зүйчээс тусламж авах хэрэгтэй. 

-Эмнэлгийн эмчилгээг үр дүнтэй болгоход сэтгэл санааны эмчилгээ чухал байдаг гэсэн?

-Тийм ээ. Хүн эрүүл байхын тулд бие махбодь, сэтгэл санаа аль алийг нь тордож байх хэрэгтэй. Олон улсын туршлагаас харахад хүнд өвчтэй өвчтөнд эмийн эмчилгээ хийхийн зэрэгцээ сэтгэл санааг нь давхар эмчилдэг. Тухайлбал, сэтгэл санаа, нийгмийн байдлыг нь тогтворжуулах ёстой.

Тухайлбал, Хорт хавдраар өвдсөн хүмүүс гурван төрөлд хуваагддаг гэсэн судалгаа бий. Үүнд би бүр эдгэхгүй, эдгэчих байх, эдгэнэ гэсэн бүрэн итгэлтэй хүн ордог. Нэгэнт туссан юм чинь удахгүй үхнэ гэж бодож байгаа хүмүүсийн эдгэх хугацаа нь маш удаан байдаг. Эдгэж магадгүй гэсэн бага зэргийн найдлагатай хүмүүсийн эдгэрэх явц арай илүү хурдан байдаг байна.

Харин өөрийгөө бүрэн эдгэрнэ гэсэн сэтгэл зүйн бат итгэлтэй байгаа хүний эмчилгээ их үр дүнтэй байдаг гэсэн судалгаа байдаг. Хүн сэтгэл санааны таагүй байдлаас болж өвчилж болно. Нэгэнт өвдсөн бие махбодио эрүүл болгохын тулд сэтгэл санааны эмчилгээг эмийн эмчилгээтэй зэрэгцүүлэн хийвэл үр дүнтэй гэдгийг олон орны туршлагаас харж болно. Хавдар судлалын үндэсний төвд сэтгэл зүйч болон нийгмийн ажилтнууд хүнд өвчтэй өвчтөнүүдэд зөвлөгөө өгдөг.

-Монголчууд их тэвчээртэй хүмүүс. Яг энэ асуудлыг ярьж байгаа тохиолдолд сэтгэлийн хаттай байх нь хэр зөв юм бол?

-Үүнийг ярихын тулд хүний сэтгэл зүйн боловсролын асуудал чухал үүрэгтэй. Хэрэв сэтгэл зүйн боловсрол боломжийн хэмжээнд эзэмшсэн бол хэнээс мэргэжлийн, хэнээс энгийн зөвлөгөө авахаа ялгаж чаддаг болно. Сэтгэлийн хаттай тэвчээртэй байх нь сайн хэрэг. Гэхдээ хувь хүний зан төлөв чухал байдаг. Үнэхээр хүнд бэрхшээлийг даах чадвартай хүн бол асуудлаа шийдвэрлээд сэтгэл зүйгээ бэлдээд явж болдог.

Харин сэтгэлийн хаттай байна гэж бодсон хэдий ч хүнд хэцүүг даван туулах тал дээр сул хүн бол мэргэжлийн сэтгэл зүйчээс тусламж авах хэрэгтэй. Тиймээс тухайн хүн ямар байхаас шалтгаалж байна гэсэн үг.

Зураг