ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Шал буддаг шар будаг хар тугалга, хүнцлээр “баян”

Б.Солонго, Зууны мэдээ
2014 оны 2 сарын 24
Зууны мэдээ
Зураг зураг
Шал буддаг шар будаг хар тугалга, хүнцлээр “баян”

Түрүүч нь: https://ikon.mn/n/4fi

Ижил төрлийн герман будагнаас даруй 1350 дахин их хар тугалга, арав дахин их хүнцэл агуулж байгаа хятад будагны талаар цуврал нийтлэлийн үргэлжлэлийг танд хүргэж байна.

МУИС-ийн Физик, электроникийн сургуулийн профессорын баг, Герман улсын Гётингений их сургуулийн лабораторид шинжилсэн судалгааны дүнг үндэслэн өмнөх нийтлэлийг хүргэсэн билээ.

Хятадаас импортолдог нэр бүхий гурван төрлийн будагнаас хамгийн их хэрэглэгддэг шар, улаан, ногоон өнгө нь хүний биед хортой бодисуудыг хамгийн ихээр агуулж байгааг эрдэмтдийн баг тогтоосон байдаг. Манай төр төлөөлсөн эрх бүхий байгууллагуудаас будганд хар тугалга болон бусад хорт бодисын агууламж ямар байдгийг судалсан зүйл одоогоор үгүй юм билээ. Тиймээс эдгээр байгууллагууд албан ёсны баталгаажсан лабораторидаа энэ шинжилгээг нэг хийж үзэхийг дахин хүсье.

Түүнчлэн 2006 оноос хойш хийгдээгүй монгол хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын агууламжийг тогтоох шинжилгээг дахин хийж үзэхийг уриалж байгаа юм. Бид энэ чиглэлээр эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллах болно.

БУДАГНЫ ЗАХ ЗЭЭЛД ХЯТАДУУД ИЛҮҮРХЭЖ БАЙНА

Хар тугалга, хүнцлийн агууламж хамгийн өндөр гарсан нэр бүхий хятад будагнууд худалдааны дийлэнхийг эзэлдэг. Судлаачид ч хамгийн их зарагддаг төрлүүдээс сонгож авч явснаа хэлж байв. Шинжилгээнд оруулсан Chulei, Honglian-аас гадна Aodanpai, Fish friend paint, Сарнай зэрэг хятад будагнууд 100 айлын барилгын материалын дэлгүүрүүдийн лангуун дээр ихэвчлэн харагдана.

Эдгээр будгийг дангаар нь зардаг лангуу ч олон байлаа. Орос, Солонгос, Герман зэрэг ижил төрлийн бусдаасаа даруй 2-3 дахин хямд үнэтэй болохоор барилгын компаниуд болон хувь хүмүүс хятадад үйлдвэрлэснийг сонгодог гэж наймаачид хэлж байна. Одоогоор борлуулалт харьцангуй бага байгаа ч хавраас эрс нэмэгдэж, зун сургууль, цэцэрлэгийн засвар, барилгын ажил эхлэхтэй зэрэгцэн хамгийн гүйлгээтэй бараа нь болдог гэлээ.

Түүнчлэн хар тугалга хамгийн ихээр агуулж байгаа нь тогтоогдсон шар өнгийн будаг хамгийн сайн борлогддог. Иргэд ихэвчлэн шар, улаан өнгийг авдаг бөгөөд шал, гэрийн мод будахад хэрэглэдэг гэж худалдаачид ярьж байсан юм. Захын нэг сургуулиар шагайж үзэхэд л модон шал нь шар өнгөтэй байдаг билээ. Жилдээ нэг удаа заавал шалаа будаж сэргээдэг бөгөөд сургууль тарах үеэр энд тэндгүй холцорч, цоохор эрээн болдог гэж нийслэлийн нэгэн сургуулийн жижүүр ярив.

ХЯТАД БУДАГ ЯМАР ХОР АГУУЛДАГ ВЭ?

2006 онд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд ОХУ-ын Ангарскийн эрдэм шинжилгээний төвтэй хамтран Улаанбаатар хотоос санамсаргүйгээр сонгон авсан 120 хүүхдийн цусанд хар тугалга ямар хэмжээтэй байгааг шинжилсэн байдаг. Хүний цусанд хар тугалгын хэмжээ 10 mg/dl хэмжээтэй байх байтал тэр үед хүүхдүүдийн цусанд дунджаар 15-16 mg/dl хэмжээтэй гарсан байна. Тухайн судалгааг хүүхдүүдийн амьдардаг орчин, орон сууцны дулаалга, хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ, гар угаах дадал гээд бүх үзүүлэлтээр нарийвчлан гаргасан байна.

Хэрэв тэр үед гүнзгийрүүлсэн судалсан бол эдгээр мэргэжилтнүүдийн судалгаанаас хятад будагнаас хар тугалгын бохирдолтод өртөж байгааг олж мэдэж болохоор байв. Энэ бол хэн нэгний олж тогтоосон дүгнэлт биш бөгөөд судалгааны хүснэгтээс ажигласан сэтгүүлчийн бодол гэдгийг хэлэх нь зүй байх. Тухайлбал, судалгаанд оролцсон хүүхдүүдийн 24 нь сүүлийн нэг жил гэртээ засвар хийсэн байсан ба тэдний цусанд агуулагдах хар тугалгын хэмжээ 23.3 mg/dl байж.

Харин нэг жилээс өмнө засвар хийсэн 96 хүүхдийн цусанд 14.8 mg/dl хар тугалга илэрчээ. Тэгвэл эдгээр хүүхдүүдийн 118 нь хятад будаг хэрэглэсэн гэрт амьдарч байсан бол тэдний цусан дахь хар тугалгын хэмжээ дунджаар 16.6 mg/dl байжээ.

Харин өөр улсад үйлдвэрлэсэн будгаар засвар хийсэн гэртээ амьдардаг хоёр хүүхдийнх нь цусан дахь хар тугалгын хэмжээ 10.5 mg/dl гарсан байна. Энэ үзүүлэлтээс харахад хятад будаг хар тугалгын хэмжээнд хэрхэн нөлөөлж байгааг цухас дүгнэж болохоор юм.

Хэдийгээр будагнаас гадна агаарын бохирдол, усны хэрэглээ гээд олон хүчин зүйлээр уг судалгааг хийсэн ч зас­варт хэрэглэсэн бу­дагных нь ялгаагаар амар­хан дүгнэлтийг хийж болохоор санагдав. Энэ бол одоогоос най­ман жилийн өмнөх су­далгаа. Тэгвэл 2014 онд санамсаргүйгээр 120 хүү­хэд сонгоод шинжилж үзвэл ямар үр дүн гарах бол. Энэ судалгааг дахиж хийж үзэхийг холбогдох байгууллагуудад дахин уриалж байна.

АНУ-Д ХАР ТУГАЛГЫГ БУДГАНД ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОСОН

Хар тугалга нь будгийг өнгөө хадгалах чадварыг үлэмж сайжруулдаг ажээ. Хар тугалгагүй будаг амархан гандаж шарладаг байж. Гэвч олон улсад энэхүү хөнөөлт бодисоос идэвхтэй сэрэмжлүүлж эхэлсэн тул будганд хар тугалга хэрэглэхийг эрс багасгаж чаджээ. АНУ-ын хувьд хар тугалгыг шатахуунаас хасч, будганд хэрэглэхийг хорьж чадсан орон. Одоо хар тугалгатай хуучин байшингуудыг заавал цэвэрлэж байж бусдад худалдахыг шаарддаг байна.

Цэвэрлэнэ гэдэг нь будагных нь дээгүүр зузаан давхарлаж бу­дах, эсвэл бүрмөсөн арил­гах арга хэмжээ авахыг зөвлөдөг. Хэрэв хар тугалганы бохирдолттой гэж хариу нь гарвал хүүхэдтэй айлыг амьдруулахыг хориглодог ба эздийг нь хүчээр цэвэрлүүлэх арга хэмжээ авдаг байна. Балтимори хотод энэ байдлаас болж хаягдаж орхисон балгас олон гэнэ. Тус хотод баригдсан хуучин байшингуудын ихэнх нь хар тугалгатай будагтай.

 Бүгдийг нь давхарлаж будах гэхээр зардал ихтэй, бүр буулгаж бас болдоггүй.  Ингээд баахан балгас болсон байшингууд хотын төвд нь байдаг байна. Мөн Балтимори хот гэмт хэргийн гаралтаар улсдаа дээгүүрт явдагийнх нь шалтгааныг хар тугалгын бохирдолтоос үүдэлтэй гэсэн судалгаа хийгдэж байжээ. 

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг