Боловсрол, шинжлэх ухааны яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяртай ярилцлаа.
-Өнгөрсөн хоёр долоо хоногийн турш цахим ертөнцөд таны тухай л их ярилаа. Ер нь юу болоод өнгөрчихөв?
-Нэг хүний зургийг хоёр ангид өлгөөд нэг ангид нь “Энэ хүн бол хорвоогийн хамгийн сайн хүн шүү”, нөгөө ангид нь “Энэ бол гэмт этгээд, маш муу хүн” гэж харуулсан туршилт байдаг юм. Гэтэл эхний ангид байсан сурагчид “Ямар ухаантай нүдтэй юм бэ” гэж. Харин нөгөө хэсэг хүүхдүүд “Ямар муухай харцтай юм бэ. Яг гэмт этгээдийн царай мөн” гэх мэтээр тухайн өгсөн дүрд байж болох бүх шинж тэмдгийг нь олж бичсэн байдаг. Үүн шиг л зүйл болж өнгөрлөө.
-Анх энэ шуугианыг үүсгэсэн мэдээ эвлүүлгийн алдаатай байсан гэдгийг дараа нь тайлбарласан. Гэтэл түүний дараа уран зохиолын хичээлийг хассан хэмээх өнцөг өөрчлөгдөж Б.Насанбаяр гэдэг хувь хүний шашин шүтлэгийн талаар шуугилдаад эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар олгогдсон эрх рүү халдсан гэж үзэх үү. Эсвэл төрийн албан хаагчид хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг шиг Боловсрол, шинжлэх ухааны яаманд ажиллаж байгаа хүн шашин шүтлэгээ тайлбарлах ёстой юу?
-Өнөөдөр тийм журам хаана ч байхгүй шүү дээ. Бас шүүмжлэх өнцөг өөрчлөгдсөн биш харин хий хоосон гүтгэлгийнхээ сэдвийг л өөрчилсөн. Нэгдүгээрт, “ММ” агентлагт өгсөн миний ярилцлагын хамгийн эхний өгүүлбэр “Уран зохиолын хичээлийн цагийг хасах тухай яриа огт байхгүй” гэж байсан. Үргэлжлүүлээд харин ч яагаад илүү чухал вэ гэдгийг жишээ татан тайлбарлаж ярьсан.
Уран зохиолын хичээлийн цагийг хасах тухай яриа огт байхгүй.
Эх бичлэг дээрээ байгаа. Гэтэл үүнийг мэдээндээ тохируулж засаад орой эфирт цацахдаа гурван удаа “хасчээ” гэж хэлж, мэдээлсэн нь зүгээр нэг тохиолдол биш. Гэхдээ одоо би “ММ агентлаг ингэсэн”, “Би тэгсэн” гэж хэн нэг сэтгүүлчийг буруутгахыг хүсэхгүй байна. Хэсэг бүлэг хүмүүс мүүний шашинтан төрийн боловсролын бодлогыг тодорхойлж буй мэтээр гүтгэж, доромжилж байна. Боловсролын салбар өөрөө асар олон шат, давхрага, дамжлагатай.
Хэн нэгэн суутан байсан ч ганцаараа тодорхойлоод байх салбар биш гэдгийг хүмүүс мэдмээр л юм. Боловсролын шат, салбар бүрээр манай орны шилдэг багш, эрдэмтэдээс бүрдсэн зөвлөлүүд төдийгүй олон улсын хөгжлийн агентлагуудаас ирсэн зөвлөхүүд ажиллаж байж тухайн салбарын бодлогыг төлөвлөн ажиллаж байна.
Тиймээс эдгээр гүтгэлэгүүд нь ганц намайг дайрахын тулд энэ салбарт мэдлэг боловсрол, оюун ухаан, цаг зав, зүрх сэтгэлээ зориулж, хүүхэд бүрийн төлөө, Монголынхоо ирээдүйн төлөө өдөр шөнөгүй ажиллаж яваа эрдэмтэн багш нар болон энэ яам, мэргэжлийн байгууллагуудын хичээл зүтгэлийг бүдүүлгээр үгүйсгэн дорд үзсэн хэрэг юм.
Үнэхээр хэлэх үг ч олдохгүй байна.
- Та гүтгэлэг гэж хэллээ.Тэгвэл хэн, яагаад ингэж гүтгээд байгаа юм бэ. Б.Насанбаяр гэдэг эмэгтэйг ингэж гүтгэж, доромжлох нь хэнд ашигтай гэж?
-Юуны түрүүнд боловсролын салбар эхлээд өөрөө эрүүлжихгүй бол цаашид нийгэм эрүүл болохгүй шүү дээ. Гэтэл Шинэчлэлийн засгийн газрын тус салбарт хийж байгаа чанарын шинэчлэл нь хуучин байдалд дассан хэсэг хүмүүсийн ашиг сонирхолыг хөндөж байгаа. Тухайлбал, бид их, дээд сургуулиудын захирлуудын сонгон шалгаруулалт зарлахад ахыгаа, найзыгаа, дүүгээ энэ албан тушаалд суулгах сонирхолтой гишүүд, дарга гээд хүмүүс олон байсан.
Салбарын сайд маань сонгон шалгаруулалтыг дээд зэргээр шударга явуулахыг хатуу үүрэгдсэн. Тиймээс нэр дэвшсэн хүмүүсээс сонгон шалгаруулж, хамгийн өндөр оноо авсан, захирал байж болох хамгийн боломжийн хүмүүсийг л томилсон. Нөгөө ойр дотныхоо хүнийг захирал болгох гэсэн хүмүүсийн хүсэл ингээд биелээгүй. Бас нэг жишээ хэлье л дээ. Нэг их сургуулийг санхүү бүртгэлийн нэгдсэн мэдээллийн сүлжээтэй холбоход л 1500 оюутны төлбөр зүгээр л хэн нэгний халаасанд ордог байсан нь илэрч байна. Өнгөрсөн намар төрийн өмчийн их, дээд сургуулийн захирлуудтай уулзаад дээд боловсролын чанарын шинэчлэлийн эхний шийдэл болох элсэлтийг шударга явуулах сайдын тушаалыг танилцуулж, хэрэгжүүлэхийг хатуу анхааруулсан. Энэ мэт шударга бус олон үйлдлийг таслан зогсоосон нь янз бүрийн байдлаар зарим хүмүүсийн ашиг сонирхлыг хөндөөд эхэлсэн.
Боловсролын салбарт байгаа шударга бус үйлдлээс хождог нь маш цөөхөн, хохирдог нь асар олон байна.
Ингэсний үр дүнд олон жил боловсролын салбарт бугшсан, хэн хэнийгээ аргалж өнгөрөөдөг байдал нурж байна. Тиймээс шинэчлэлийг тэдгээр эрх ашиг нь хөндөгдсөн хүмүүс эсэргүүцлийг төрөл бүрийн аргаар гүтгэлэг явуулж байна. Гэвч боловсролын салбарт байгаа шударга бус үйлдлээс хождог нь маш цөөхөн, хохирдог нь асар олон байна гэдгийг онцлон тэмдэглэе.
-Хэрэв энэ бүх зүйл үнэн бол хэн бэ гэдгийг нь нийтэд дэлгэх хэрэгтэй биш үү. Тэгэж байж л та бүхний ажил илүү хурдан урагшилна шүү дээ. Үгүй бол ингээд л шинэчлэгчид, эсэргүүцэгчид гээд хоёр талд зогсоод байвал энэ байдал хэвээрээ үлдэж, ард түмэн ч төөрөлдсөн хэвээр байх юм биш үү?
-Бидний ажил зогсоогүй. Зогсох ч үгүй. Шинэчлэлийн засгийн газар Боловсролын салбарт томоохон шинэчлэлийг хэрэгжүүлж байгааг та бүхэн мэднэ. Шинэчлэлийн зорилго бол улс орны ирээдүй болсон оюутан, суралцагчдын эрх ашгийг эрхэмлэх, тэдэнд чанартай боловсрол олгоход чиглэж байгаа. Гэтэл энэ шинэчлэл хуучин байдалд дассан, боловсролоор ашиг орлого олдог тодорхой цөөн тооны хүний эрх ашгийг хөндөж буй нь нууц биш.
Миний эсрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттай доромжилж байна шүү дээ.
Тиймээс тэдгээр эрх ашиг нь хөндөгдсөн этгээдүүд шинэчлэлийг эсэргүүцэж, намайг л зайлуулчихвал шинэчлэлийг зогсоочих мэтээр сэтгэж, өөрчлөлт шинэчлэлтийг хүчрэхээ болихдоо хувь хүн буюу над руу дайрч, миний эсрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттай доромжилж байна шүү дээ.
-Хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээг ашиглан таны тухай өөр өөрсдийн үзэл бодлоо л хэлж байна шүү дээ. Ингэх ёсгүй гэж үзэж байгаа юм бол ардчиллын язгуур зүйл нь юу юм бэ?
-Ардчиллын язгуур зүйл чинь хүний эрх шүү дээ. Тиймээс ч манай орон хүний эрхийн түгээмэл тунхагт нэгдэн орсон төдийгүй, манай ардчилсан үндсэн хуулинд хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулж хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь хүнийг ялгаварлан гадуурхахыг хориглосон байдаг. Гэхдээ хүн бусдын эрхийг өөрийн эдлэж буй эрхийн адил хүндлэж байх ёстой юм. Өөрөөр хэлбэл хүний эрх бол бидний нийтээрээ, нийгмээрээ олж авсан ололт юм. Тиймээс бид хүний эрхийг эдлэж эрх чөлөөтэй амьдрахыг хүсэж байгаа бол хүний эрхийг нийтээрээ нүдний цөцгий мэт хамгаалах учиртай.
Гэтэл өнөөдөр зарим хүмүүс фэйсбүүк, твиттер ашиглан Б.Насанбаяр гэдэг хүн рүү, түүнийг шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхсан дайралт хийж байна. Харамсалтай нь ингэснээрээ эдгээр хүмүүс зөвхөн Б.Насанбаярын бус, нийт нийгмийн, түүний дотор өөрсдийнх нь ололт болсон ариун нандин эрх, эрх чөлөө рүүгээ дайрч байгаа гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Ардчиллын амин сүнс нь хүний эрхийг өөрийнхөө эрх гэж нандигнан хүндэлж, тэгснээрээ тэр эрхийг эдлэх орон зайгаа хамтдаа хамгаалж, бүгдээрээ эрх чөлөөтэй амьдрахад оршино гэж ойлгодог.
-Таны ярианаас бас манай хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ч буруутгасан өнгө аяс харагдаж байна?
-Би энд алдаатай, гүтгэлгийн зорилготой нөхдийн тухай л ярьж байна Эдгээр үйлдлүүдийг нь зөвтгөх үндэслэл алга. Шүүмжлэл, гүтгэлэг, доромжлолыг ялгах хэрэгтэй шүү дээ. Үндэсний олон нийтийн телевизээр ташаа мэдээ гарсны маргааш нь би залруулга хийгээд орхичихсон. Гэтэл орой гэртээ ороход охин маань хоолой нь зангирчихсан угтсан даа. Фэйсбүүкт аймаар зураг эвлүүлж тавьсаныг миний охин үзээд айдаст автчихсан байсан.
Тэгээд телевиз асаатал бүх сувгаар ээж нь аймаар хүн болчихсон яригдаж байгаа байхгүй юу. Тэр үед хүүхдүүд маань сэтгэл зүйн хувьд хүнд шоконд орсон. Иймэрхүү байдлыг хараад би тэр орой унтаж ч чадахгүй хүнд байдалд орсон доо.
Би одоо Хүний эрхийн комисст хандаж энэ буруу жишгийг засна. Нийгэмд буруу мэдээлэл цацаж, түүнийг нь өлгөж аваад олноороо гүтгэлэг доромжлол болгож байгаа нь буруу жишиг юм. Нэг телевиз бүр зөвхөн намайг гүтгэсэн шинжтэй гурван мэдээ дарааллан гаргаж, бүтэн 10 минут олон нийтэд миний тухай худлаа мэдээлэл хүргэлээ шүү дээ. Дөрөвхөн хоногийн дотор зөвхөн миний тухай 45 нийтлэл гарсан байна. Мөн л бүгд гүтгэлэг, доромжлол. Зарим сайтаас над руу утасдаад “Мөнгө өгвөл чамайг оролдохгүй” гэсэн.
Энэ юу гэсэн үг вэ. Одоо надад хоёр л юм буруу харагдаж байна. Нэгдүгээрт, манай зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд захиалгаар хүн гүтгэхдээ огт санаа зовдоггүй. Өөрсдийнх нь л ашиг сонирхолд нийцэж байвал хэн нь хэнийгээ юу гэх, олон нийт юу гэж ойлгох, тухайн хүн, нийгэмд үүсч болох хор уршгийг огтхон ч тооцохгүй байна. Хоёрдугаарт, сэтгүүлзүйн суурь зарчим алдагдсан байна. Сэтгүүлзүйн үндсэн зорилго нь нийгмийг эрүүлжүүлэх, соён гэгээрүүлэх гэж ойлгодог.
Харин сэтгүүлзүйн бүтээлийн амин зүрх нь баримт шүү дээ. Олон нийтэд ямар нэг байдлаар хүрч буй мэдээ, мэдээлэл нь хамгийн түрүүнд баримттай, тэнцвэртэй, үнэн байх учиртай. Гэтэл өнөөдөр хэн нэгний цахим хуудсандаа бичсэн үзэл бодлыг л үнэн худлыг нь огт нягтлахгүйгээр олон нийтэд дамжуулан хүргэж байна. Энэ нь гэртээ зурагтаа үзээд сууж байгаа, мэдээллийн сайтаас мэдээ уншаад, сонин шагайгаад сууж байгаа хүмүүст шууд хүрч, харагдаж байгаагаараа л ойлгогдоно шүү дээ. Ингээд явж явж энэ бүхэн өнөөх боловсролтой л холбоотой. Тиймээс л шинэчилж, сайжруулах гээд байгаа юм шүү дээ.
-Та ерөнхийдөө энэ бүхэн зөвхөн Б.Насанбаяр гэдэг эмэгтэйн болон түүний гэр бүлийн асуудал биш гэж хэлж байна. Ер нь ингэж олноороо нэг хүн рүү дайрч байгаа нь нийгэмд ямар уршигтай вэ?
-Монгол Улсын боловсролын салбарт хийж байгаа чанарын шинэчлэл олон зүйлийг шинэчилж, олон зүйлийг сайнаар өөрчилж байгаа. Хандлага, зохион байгуулалт, менежмент, удирдлага гээд өргөн хүрээтэй цогц шинэтгэл явагдаж байна. Шинэчлэлийн зорилго нь хүүхэд бүрийг, оюутан бүрийг хөгжүүлэх явдал шүү дээ. Энэ бодлогыг боловсруулах гэж манай олон эрдтэмтэн, мэргэжилтний баг ажилласаар байна. Гэтэл тэдний боловсруулсан энэ бодлогыг нэг хүнийх, нэг шашных мэтээр гуйвуулж дайрч байгаа нь тун эмгэнэлтэй хэрэг.
Нөгөөтэйгүүр, түрүүн хэлсэнчлэн энэ бүхэн ганц Б.Насанбаяр гэдэг хүний эсрэг мэт боловч хүний эрх, тэр тусмаа манай ардчилсан үндсэн хуулиар хүн болгонд, иргэн болгонд олгогдсон тулгуур эрх чөлөөнүүд болох шүтэх бишрэх, шашин шүтлэгээр үл ялгаварлан гадуурхагдахгүй байх эрх рүү бүдүүлгээр дайрсан хэрэг.
Энэ нь нийгэмд хүмүүсийг шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхах, үл тэвчих, дайсагнуулахад турхирч байгаа хэрэг. Дахин хэлье, манай оронд Бурханы, Бөөгийн, Христийн, Исламын шашин шүтдэг олон монгол хүн байгаа. Ийм оронд шашнаар ялгаварлан гадуурхах, хагалган бутаргах, дайсагнуулах, үл тэвчих байдлыг сурталчилж байгаа үйлдэл нь аюултай шүү дээ.
-Тэгвэл та яаж яваад Мүүний Б.Насанбаяр гэдэг нэртэй болчихсон юм бэ. Та Мүүний шашинтан уу. Таны тухай гэрэл зургаар баталгаажуулсан нийтлэл хүртэл гарсан шүү дээ. Энэ бүхэн үнэхээр хий хоосон гүтгэлэг гэж үү?
-Залуу хүн бол аливаа зүйлийг олон талаас нь харж чаддаг байх ёстой. 1998 онд би оюутан байлаа. Тухайн үеийн нийгэмд буюу 1990-ээд онд архидалт, гэр бүл салалт ихэсч, садар самуун байдал задгайрч асар их задрал явагдаж байсан. Би ийм нийгэмд яаж амьдрах “Яагаад” гэдэг асуултыг байнга өөртөө тавьж, хариултыг нь хайдаг байлаа. Аав ээжийн минь бидэнд үргэлж хэлж сургаж, үлгэрлэж байсан зүйл бол айл гэрийн хийморь лүндаа нь шударга, ариун ёс журамд байдаг гэх үзэл. Гэтэл нийгмийн бодит байдалтай эвлэрч чадахгүй гутарч байсан үе. Энэ үед Күнз, Будда, Христийн сургаал үзэл баримтлалыг судалсан юм. Тэгэж явахдаа би Мүүний сургаалтай танилцсан.
Түүний гэр бүлийн үнэ цэнэ, ариун үнэнч байдлын тухай сургаал надад маш их таалагдсан. Үүнийг судалж үзэхэд монголчууд бидний биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэгтэй яг ижилхэн мөн “Эрийн бузар үрд, эмийн бузар эрд” гэдэг филисофийг энгийнээр тайлбарласан байсан. Ингээд надтай ижил зүйлд санаа зовж ирээдүйд их зүйлийг бүтээх хүсэл зорилготой залуучуудтай хамтарч ажиллах зорилгоор ТББ-ыг хариуцаж ажиллаж байсан.
Ер нь аль ч шашин, үзэл сургаал хүнд сайн сайхан, гэрэл гэгээ рүү чиглүүлж, сургаж байдаг шүү дээ. Гэхдээ би Монголд төрж, өссөн хүнийхээ хувьд буддын шашнаа шүтдэг. Манай аав ээж, манай гэр бүл бүгдээрээ л хоймортоо бурхнаа залсан буддын шашинтнууд. Далай ламын дэргэд байдаг нэг гэгээнтэнтэй би багш шавийн барилдлагатай явдаг. Гэхдээ энэ бүхнийг энд яриад сууж байгаадаа үнэхээр сэтгэл минь өвдөж байна. Учир нь заавал өөрийн шашин шүтлэгийг ингэж нийтэд зарлаж байдаг би ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ. Энэ бүхэн үнэхээр буруу жишиг байна. Би зарим хүний хардаад байгаа шиг энэ яаманд ямар нэгэн юмны элч төлөөлөгчөөр ирээгүй. Энэ улсад чинь хууль дүрэм гэж байдаг биз дээ
. Би хэн нэгэнд таалагдах гэж энэ албан тушаалд ирээгүй. Би монгол хүн учраас, шинэчлэлийн багт нэгдэж энэ яаманд ирж, эх орныхоо ирээдүйд чухал нөлөөтэй боловсролын салбарт бугшсан олон бусармаг зүйлийг шударгаар шинэчлэн, өөрчлөх цор ганц зорилготой. Гэвч бидний хийж буй ажил хуучин тогтолцооноос ашиг олж байсан хүмүүсийн хувьд “шүдний өвчин” болоод байна.
-Цаашид шашин шүтлэгээс болж хоорондоо маргалдахгүйн тулд Ерөнхий боловсролын сургуульд шашин судлалын тухай лекц юмуу хичээл орж болдоггүй юм уу. Бүх шашны сургаал номлол 70-80 хувь нь адилхан л байдаг. Манай улсад буддист, христчин, бахай хүн хүртэл байна?
-Будда юу Христ үү гэдгээсээ үл хамааран хүн хоорондоо харилцан хамтарч ажиллаж, амьдарч чадахгүй байна гэдэг нь тухайн хүний төлөвшил, цаашлаад боловсрол муу байгаагийн илрэл. Түүнээс биш ганц шүтлэгтэй холбох нь өрөөсгөл. Би ШУТИС-д багшилж байхдаа “Шашны нийтлэг зүйл юу вэ” гэдэг лекцийг орж л байсан. Гэвч энэ бол нэн тэргүүний асуудал биш. Хамгийн гол нь бидний зорьж, хүсч, мөрөөдөж байгаа зүйл бол ирээдүйн монгол хүн бүр өндөр боловсролтой, өөртөө итгэлтэй, бүтээлч, хариуцлагатай, өөрөө бие даан шийдвэр гаргах чадвартай иргэн болж, аз жаргалтай амьдрах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!