Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

“Бэст Вэстэрн Премьер Туушин” зочид буудал дэлхийн хэмжээний стандартад ажиллана

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 2 сарын 14
iKon.MN

Шинийн 15-ны билэгт сайн энэ өдөр “Бэст Вэстэрн Премьер Туушин” зочид буудал албан ёсны нээлтээ хийлээ.

"Туушин" зочид буудал нь 1996 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн гурван жилийн хугацаанд их бүтээн байгуулалтыг өрнүүлж, зочид буудлаа өргөжүүлэн, шинэчилсэн юм.

Түүгээр зогсохгүй дэлхийн 100 гаруй оронд 4200 салбартай зочид буудлын сүлжээ болох АНУ-ын “Бэст Вэстэрн”-ний “Бэст Вэстэрн Премьер” зэрэглэлд тохируулан зочид буудлын барилгыг барьж, тус сүлжээнд нэгджээ.

“Бэст Вэстэрн Премьер Туушин” зочид буудал нь нийт 198 өрөөтэй бөгөөд 298 зочин хүлээн авах хүчин чадалтай. Үнийн хувьд хамгийн дээд зэрэглэлийн өрөө хоногийн есөн сая төгрөг.

Ингэснээр зочид буудлын дэлхийн хэмжээний стандартыг эх орондоо нутагшуулж байгаа гэж тус зочид буудлын дэд захирал н.Шинэгэрэл хэлж байв.

Мөн зочид буудлын марктенгийн менежер н.Жавхлан "Бид "Бэст Вэстэрн” олон улсын сүлжээнд нэгдсэнээр “Премьер” зэрэглэлийн таван одтой зочид буудлын үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хэрэглэгчиддээ хүргэх боломж нээгдэж байгаа нь хамгийн том давуу тал" гэсэн юм.

“Бэст Вэстэрн Премьер Туушин” зочид буудал нь дотоод гадаадын жуулчид, бизнес аялагчид, үйлчлүүлэгчиддээ дараах үйлчилгээний иж бүрдлүүдийг санал болгож буй аж. 

  • “Le Cabernet” ресторан: Нэг ээлжиндээ 80 хүн хүлээн авч, үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай. Өглөөний цай, ази, европ хоолоор үйлчилнэ.
  • “Prime grill” дээд зэрэглэлийн “Steak House” pecтopaн: Нэг ээлжиндээ 100 хүн, босоогоор 150 хүн хүлээн авах хүчин чадалтай. 
  • “Соёмбо” танхим: Хурал, чуулган, хүлээн авалт, хурим найр, баяр ёслол, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний нээлт зэрэг бүх төрлийн үйл ажиллагаа явуулна. Нэг ээлжиндээ 350-400 хүнийг хүлээн авах хүчин чадалтай.
  • "Сүлд" танхим: Нэг ээлжиндээ 70 хүн хүлээн авах хүчин чадалтай.
  •  “Premier lounge”: 25 дугаар давхарт Улаанбаатар хотыг хамгийн өндрөөс, бүх талаас нь харах боломжтой, дээд зэрэглэлийн тав тухтай тансаг орчинг бүрдүүлсэн. 120 хүний суудалтай.
  • “Executive Lounge”: 23 дугаар давхарт VIP зочдод захиалгаар үйлчилнэ.
  • Өрөөнүүд: Зочдын тав тухыг дээд зэргээр хангах нөхцөл бүрдүүлсэн орчин үеийн интерьер дизайны засал чимэглэл, тохижилт бүхий Кинг Делакс Корнер, Кинг Делакс, Хос Делакс өрөө, Делакс Кинг, Ерөнхийлөгчийн болон Элчин сайдын өргөөнүүд.
  • “Арома Тера” чийрэгжүүлэлтийн төв:  Бие болон сэтгэл санаагаа амрааж, эрч хүчээ нөхөн авах бялдаржуулах танхим, массаж, саун, гоо сайхны үйлчилгээний иж бүрдлүүд.

Дашрамд дурдахад, тус зочид буудал нь жилдээ 40 мянган хүн хүлээн авч, үйлчилгээ үзүүлэх боломжтой юм байна. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.