Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-аас вакцины тусламж хүсэхээр боллоо

Д. Болор
2014 оны 2 сарын 7
Зууны мэдээ
ОХУ-аас вакцины тусламж хүсэхээр боллоо

Шадар сайд Д.Тэрбишдагваар ахлуулсан Улсын онцгой комиссын ажлын хэсгийнхэн өчигдөр хуралдлаа.

Тэд Сүхбаатар аймгийн дөрвөн суманд тархсан мал амины гоц халдварт шүлхий өвчний тархалт, вакцины хүрэлцээний талаар ярилцаж богино хугацаанд намжаах ямар гарц байгааг хайв.

Одоогийн байдлаар Сүхбаатар аймгийн Онгон суманд 100, Наран суманд 22, Баяндэлгэр суманд долоо, Дарьганга суманд гурав нийт 132 үхэр шүлхийгээр өвчилснөөс 104-ийг нь устгасан байна. Манай оронд шүлхий өвчний дэгдэлт ихэвчлэн зүүн аймгуудад гардгийг хуралд оролцогчид онцолсон.

Хамгийн сүүлд өнгөрсөн оны долдугаар сард Баян-Өлгий, Дорнодын таван сумыг хамарч гарсан шүлхийгийн улмаас 1387 малыг устгаж, улсаас нийт гурван тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Сүхбаатар аймагт гарсан шүлхий өвчин хил дамжин орж ирсэн байж болохыг албаныхан хэлж байсан. Өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр БНХАУ-д энэ өвчин гарсан байна.

Хятадаас гадна Тайван, Казакстан, ОХУ, Вьетнам улсад ч Шүлхий өвчин гарсан гэнэ. Шүлхий өвчин дэгдсэнтэй холбоотой вакцины хүрэлцээ муу байгааг онцгой байдлынхан уламжилсан. Тэдний хэлж байгаагаар Сүхбаатар аймагт шүлхий өвчний голомтыг устгах, хяналтад авах мал эмнэлгийн apгa хэмжээний зардалд одоогийн байдлаар 900 гаруй сая төгрөг шаардлагатай гэнэ. Хуралдааны үеэр албаны хүмүүс юу ярьсныг тоймлоё.

ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж:

-Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр сумын халдварын зургаан голомтод 293 хүн, 64 тээврийн хэрэгсэл үүрэг гүйцэтгэж байна. Халдварын .голомтод 47 өрхийн 183 хүн байгаа. Үүнээс Онгон сумын шүлхийн голомтод 17 өрхийн 101 хүн, нийт 14838 толгой мад, Дарьганга сумын голомтод 11 хот айлын 17 өрх, 51 хүн амьдарч байгаа мэдээтэй байна.

Хүн, мал, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж чанд хатуу мөрдөж ажиллах шаардлагатай байгаа. Мөн өвчний гаралт нэмэгдэх хандлагатай байгаагаас аймгийн хэмжээгээр ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисын хэрэгцээг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна. 
Хуралдааны үеэр салбарын хүмүүс юу ярьсныг тоймлов.

ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Ж.Амгалан:

-Өвчнийг зохион байгуулалттай оруулж ирсэн үү, үгүй юу гэдгийг орон нутгийн тагнуулын байгууллага шалгана. Цагдаагийн байгууллагаас Сүхбаатар аймгийн постуудад хил хорио тогтoox ажлыг гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар 19 постод 33 албан хаагч ажиллаж байгаа. Түүнчлэн хил залгаа Дорнод, Хэнтий, Дорноговь аймагт ч гэсэн пост ажиллуулж байна” гэв. Мал эмнэлэг, үржлийн газрын даргын хэлж буйгаар одоогийн нөөцөнд байгаа вакцин нь Сүхбаатар аймгийн долоон суманд хоёр удаа тариад дуусах хэмжээний гэнэ. Иймээс Ховд, Баян-Өлгий аймагт хадгалагдаж байгаа вакциныг татаж байгаа юм байна.

ОХУ-д вакцин үйлдвэрлэхэд хамгийн багадаа 60-90 хоног болдог учраас хугацаа нь удаан гээд хандаагүй гэдгийг хэлсэн. Харин Шадар сайд Д.Тэрбишдагва ажлын хэсгийнхэнд хурдтай ажиллахыг сануулаад ОХУ-aac нөөц вакцин байгаа эсэхийг яаралтай асуухыг үүрэгдсэн юм. Мөн хөл хорио тогтоосон сумдаас бусдад нь замын хөдөлгөөнийг хэвийн явуулах боловч овоо тахих ёслол үйлдэх хэрэггүй гэв. Эцэст нь халдварын голомтод ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө санаа тавихыг холбогдох албаныханд үүрэгдлээ.

Зураг