Гэрийнхээ гаднаас алга болсон 11 настай хүү зургаан жил хонь хариулж байгаад гэртээ ирсэн тухай сурвалжлагыг манай сонин өнгөрсөн дугаартаа цувралаар хүргэсэн билээ.
Алга болсон Т.Рэнцэнгийн аав ээж болон түүний зургаан жилийн турш байсан айлын хоёр хөгшинтэй хийсэн ярилцлагыг өмнөх дугаартаа хүргэсэн.
Энэ удаад Т.Рэнцэн хүүтэй уулзсан юм. Түү-ний аав Р.Түмэнжаргалын утас руу залгаад хүүтэй чинь ярилцлага хиймээр байна гэхэд “Хүү маань урьд шөнө ирсэн. Ирээд өөрөөс нь асуух уу” гэлээ. Тэднийх Баянзүрх дүүрэг, Монелд байдаг юм байна.
Т.Рэнцэн ээжийнх нь төрсөн дүү болох мянгат малчныд байж байгаад Өвөрхангайгаас ирээд байгаа нь энэ юм. Гэрийнх нь хаягийн дагуу очлоо. Ногоон өнгийн төмөр хаалгатай хашааны гадна ирээд үүдийг нь цохиход Р.Түмэнжаргал гуай өөрөө гарч ирэв.
Тэрбээр “Толгойгоо угааж байсан болохоор жаахан удаан гадаа зогсоочихов уу. Одоо бид хэд яг гарах гээд байж байна” гэсээр гэртээ дагуулж оров. Цэлгэр том хашааны захад ганц модон байшин байв. Хүүгийн ээж гэртээ юмаа угаагаад сууж байлаа. Биднийг ороод ирэнгүүт “Дээшээ сууц-гаа” гээд угааж байсан юмаа сандрангуй цаашлуулав. Тэрбээр хүүгийнхээ хувцсыг нь угааж байсан аж. Р.Түмэнжаргал гуай араас орж ирээд “Бид хоёр хүүгээ ирнэ гээд cap шинийн тавгийн идээгээ хураагаагүй сууж байна.
Охин маань сая хичээлдээ явлаа” гээд хойморт суув. Тэдний байшин нэг өрөөтэй. Гал тогоогоо ханан пийшингээр тусгаарлажээ. Хоймор-тоо хоёр эрээн авдар, модон шкаф зэрэгцүүлээд дээр нь хавтастай толь, жаазтай зураг тавьсан харагдав. Модон ширээ, сандал, ор гээд энгийн монгол айл байлаа. Рэнцээ хүү хойд орон дээрээ хэвтэж байв. Гутлаа тайлаагүй хөлөө орныхоо урдуур унжуулчихаж. Гаднаас хүмүүс орж ирлээ гээд сонирхож өндийж харсангүй. Аав, ээж нь “Миний хүү Рэнцэн босоорой. Хүмүүс орж ирлээ” гэхэд хүү хэсэг байж байснаа тун дургүй босоод суулаа. Ээж нь “Шөнө ирсэн болохоор замдаа нэлээд ядарсан байна” гээд хүү рүүгээ харав.
Бид түүнтэй “Сайн байна уу” гэж мэндлэхэд толгой дохиод аман-даа “сайн” гэж сулхан хариуллаа. Нүдэнд нь цог золбоо алга гэмээр харагдана. Ямар нэг зүйлээс эмээсэн бас их ядарсан, туниа муутай харагдаж байв. Одоо 18 настай гэхэд 14, 15 настай гэмээр жижигхэн туранхай биетэй. Үг дуу цөөтэй. Барагтай бол юм ярихгүй. Асуусан болгонд тийм, үгүй, мэдэхгүй гэж хариулж байлаа. Ээж, аав нь хүү рүүгээ хандан “Одоо айж ичих юм байхгүй. Тайван байж, болсон юмаа яриарай миний хүү” гэхэд хариулсангүй.
Энэ үед ээж нь “Миний хүү олон жил гэрээсээ хол байсан болохоор сэтгэлдээ бэтгэрсэн байлгүй дээ. Жаахан хүүхэд аргагүй биз. Ер нь юм ярихгүй байхад нь ядраагаад яахав. Аажуу, уужуу тэгж байгаад өөрөө ярих байлгүй. Бид хоёр ч янз бүрийн зүйл асуухгүй байна” гэв.
Ингээд Т.Рэнцэн хүүтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Гэртээ ирсэн ямар байна?
-Сайхан л байна.
-Аав, ээж, дүүгээ санасан уу?
-Санасан.
-Дүү нь том болсон байна уу?
-Тийм. Том болсон байна.
-Чамайг ямар хүмүүс дагуулж явсан бэ. Тэр үед юу болсон талаар ярихгүй юу?
-Мэдэхгүй (доошоо харав)
-Гэрийн чинь үүднээс танихгүй хүмүүс машиндаа суулгаад аваад явсан гэсэн биз дээ...
-Танихгүй хүмүүс байсан.
-Тэгээд хаана аваачсан юм бол?
-Хогийн цэг дээр. Тэнд орхиод явсан.
-Хогийн цэг дээр очоод чи юу хийдэг байв. Хаана хонодог байсан бэ?
-Айлд хонодог байсан. Хогийн цэгийн ойролцоох олон хүүхэдтэй айлд. Бид нар өдөртөө гадуур яваад тэгээд орой ирээд унтдаг байсан.
-Тэр айл нь хаана байдаг юм?
-Бэянхошуунд. Хогийн цэгийн ойролцоо.
-Тэгээд чамайг хогийн цэг дээрээс хэн ирж аваад хөдөө авч явсан юм бэ?
-Нэг ах. Би тэр хүнийг танихгүй.
-Чамд юу гэж хэлээд дагуулж явсан юм бол?
-Санахгүй байна.
-Хогийн цэг дээр юу хийдэг байсан юм бол. Хэр удсан бэ?
-Хэсэгтээ л байсан. Яг хэд хоносон гэдгээ мэдэхгүй байна.
-Хөдөө танихгүй айлд байх хэцүү байсан уу?
-Надад хэцүү байгаагүй. Хонио хариулаад л явж байсан.
-Ямар ямар ажил хийдэг байсан бэ?
-Өглөө босоод хонинд явна. Үдээс хойш 4, 5 цагийн үед ирээд үхэр мал гэсээр байгаад орой болно. Тэгээд орой хоолоо идээд унтдаг байсан.
-Гэртээ ирмээр санагддаг байсан уу?
-Тийм.
-Тэгээд гэр лүүгээ явмаар байна, ээж, аав дээрээ очмоор байна гэж хэлж байв уу?
-Нэг удаа хэлж байсан. Дуугарахгүй л байна лээ.
-Одоо тэр айл чамайг буцаад ир гэвэл очих уу?
-Очихгүй.
-Айлын өвөө, эмээ хоёр чамд юу гэж хэлдэг байв. Та гурав юу ярилцдаг байсан бэ?
-Юу ярих вэ дээ. Би орой ирээд унтаад өгдөг байсан.
-Хажуу айлаа таньдаг байв уу. Чамд тэнд олон найзууд байсан уу?
-Тэр хавийн айлуудыг бүгдийг нь танина. Найзууд байхгүй. Дандаа настай хүмүүс байдаг.
-Хоёр настны хүүхдүүд нь ирдэг байсан уу?
-Хүүхдүүд нь хааяа ирдэг. Тэр эмээ, өвөөгийн нэг хүүхэд нь надад их сайн. Бид найзалдаг байсан. Тэр ах Солонгос явж ажил хийсэн тухайгаа надад ярьдаг байсан. Бид хоёр нэг удаа ачааны машинтай хотод ирээд юм зарчихаад буцаад явсан юм.
-Чамд шинэ хувцас авч өгдөг байсан уу?
-Нэг удаа гутал авч өгсөн.
-Шинэ хувцас авч өгөхөөр нь чи өмсөхгүй далд хийдэг байсан юм уу?
-Би авч өгсөн гутлыг нь өмссөн ш дээ.
-Өөр хувцас авч өгч байсан уу?
-Үгүй. Хүүхдүүдийнхээ хуучин хувцсыг гаргаж ирээд өгдөг байсан.
-Мал маллах ямар байсан?
-Гоё.
-Аав, ээж нь чамайг зөндөө хайсан гэсэн?
-...(Толгой дохив)
-Тэр айлынх чамд мал тасдаж өгөөд гэр барьж өгсөн гэсэн?
-Хэдэн мал тасдаад өгсөн. Шинэ гэр байгаа. Тэр гэрийг барьж өгнө гэж байсан юм.
-Гэрээ санаж байсан юм чинь мэдээж хот руу орох талаар бодсон байх?
-Бодсон.
-Хот руу унаа явдаг байсан уу?
-Зөндөө явдаг байсан.
-Тэгээд унаанд суугаад хүрээд ирж болохгүй байсан юм уу?
-Хэлэхгүй хүрээд ирэх талаар бодож байсангүй.
-Яагаад сая гэртээ ирэх талаар бодсон бэ?
-Хотод ирчихсэн болохоор л өвөө, эмээ рүүгээ явмаар санагдаад хэлэхгүй гарсан.
-Чамайг яагаад хот руу дагуулж ирсэн юм бол?
-Хотод кино театр үзүүлнэ гэсэн юм.
-Одоо хотод юу хийнэ гэж бодож байна вэ?
-Мэдэхгүй гэв.
Энэ үед ээж нь хажуугаас нь “Хүүгээ цэрэгт явуулна. Олон түмэнтэй цуг байгаад ирвэл өөрт нь хэрэгтэй. Миний хүү дажгүй сайн цэрэг болно. Одоо нэг жил алба хаах юм чинь гайгүй байх. Тэгээд цэргээс ирэхээр нь жолооны курсэд суулгана” гэв. Харин аав нь “Сургуульд сураагүй болохоор хэцүү байна. Иргэний үнэмлэх авч өгнө дөө, одоо” гэв. Тэд ийнхүү бидэнтэй зэрэгцээд гэрээсээ гарахаар хувцаслалаа.
Хүүдээ тэд тод цэнхэр өнгийн шинэ дээл гаргаж ирээд өмсүүлээд дагуулж гарав. Хүүг алга болсон хэргийг шалгаж байгаа Баянзүрх дүүргийн цагдаатай уулзахаар гарч байгаа нь энэ аж. Цагдаа байн байн утас руу нь залгаж, “Та хүүгээ аваад хүрээд ир” гэж дуудаад байгаа тул ийнхүү гарцгаасан юм.
Х.Цэнд-Аюуш, гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн
Эх сурвалж: "Өдрийн сонин" /www.dnn.mn/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!