Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Гэрийнхээ гаднаас алга болсон хүү зургаан жил айлын мал хариулж байгаад иржээ

ikon.mn
2014 оны 2 сарын 5
iKon.MN
Р.Түмэнжаргал

Оны өмнөхөн, арванхоёрдугаар сарын 30-ны орой Р.Түмэнжаргалын утас дуугарчээ. Утсаа хартал ахынх нь охины дугаар байв.

Утсаа авангуут дүү охин нь баярласан дуугаар “Агаа Рэнцэн ороод ирчихлээ. Та манайд хүрээд ир” гэж хэлэв. 

Зургаан жилийн өмнө алга болсон хүүгийнхээ нэрийг сонсоод шоконд орно гээч л болжээ. Хариу хэлэх гэтэл дуу нь гарсангүй. Гэгээн цагаан өдөр дэлгүүр орохоор хашаанаасаа гүйж гараад алга болсон хүү нь дүүгийнд нь ирсэн гэсэн баяртай мэдээнд итгэсэнгүй

Дэмий л “Ингэж худлаа ярьж болдог юм уу. Миний хүү яалаа гэж ингээд хүрээд ирэх вэ дээ. Үнэхээр ирсэн гэж үү. Чи сайн хар даа, яг мөн байна уу. Яахаараа, хаанаас яаж ирсэн юм бэ..." гэж үгээ давхцуулан хэлээд утсаа салгачихжээ. 

Утас нь дахиад л дуугарлаа. Энэ удаа Чимэддолгор утсаа авав. Хүүгийнхээ сургийг сонссон ээж сандарч балмагдсандаа мөн л юу ч ярьж чадсангүй. Хадам дүүгээ “Хүүтэйгээ ярь даа. Би утсаа Рэнцэнд өгөөдхөе” гэж хэлэхийг сонссон хэрнээ дуу нь гарсангүй. 

Хүүгээ амьд мэнд хүрээд ирсэнд баярласан бүсгүй ханьтайгаа адил түг таг гэсээр утсаа тавьжээ. Түмэнжаргалын нүдэнд нулимс цийлэгнэж, хувцсаа хайн гэртээ хойш урагш алхаж байж. Чимэддолгор харин нулимс дусаасангүй. Хүүгээ алга болсон өдрөөс хойш тоглож байгаад орхисон тоглоомуудыг нь харж, зургийг нь ширтэж, хувцсыг нь үнэрлэж уйлж суусаар нулимс нь ч гарахаа больсон гэнэ. 

Түүнтэй өчигдөр уулзахад ингэж хэлсэн юм. “Их уйлаад байхаар нулимс хүртэл барагддаг юм билээ. Хүүгээ анх хараад ч нулимс унагаагүй. Амьд мэнд ирсэн нь яамай даа гэснээс өөр бодол орж ирэхгүй байсан” гэж яриад инээмсэглэж байлаа. 

Рэнцэн хүү долоон жилийн өмнө алга болжээ. Улс даяар эрэн сурвалжилсан ч өчнөөн жил олдоогүй хүү нь гэнэтхэн өөрөө ороод ирж. Ингээд үйл явдал хэрхэн өрнөснийг гэр бүлийнх нь болон хүүгийн яриаг үндэслэн сийрүүлье. 

2008 оны наймдугаар сарын 12-ны нартай дулаахан өдөр Рэнцэн хүү дүүтэйгээ гэртээ үлджээ. Аав нь усанд явчихсан, харин ээж нь тэр өдөр ажлаасаа ирээгүй байж. Арван нэгэн настай хүү зургаан настай охин дүүгээ харах албатай үлдсэн ч гэртээ удаан байж тэссэнгүй “Агаа нь одоохон гоё юм аваад ирнэ ээ. Хүлээж байгаарай” гэж хэлээд хашааныхаа хаалгаар харайгаад гарч.

Дэлгүүрээс чихэр авчихаад гараад гүйтэл хажууханд нь нэг машин зогсож хүүг дууджээ. Нэг залуу машины хагас онгойсон хаалгаар цухуйж “Миний дүү суучих. Ах нь энүүхэнд нэг айлаар ороод гэрт чинь хүргээд өгчихье” гэж хэлэхэд нь хүү хэдэн алхам ухраад “Ахаа би өөрөө гэртээ орчихноо. Манайх энүүхэнд" гээд буцаж гүйх гэжээ. 

Өнөөх эр амттан харуулж “Миний дүү энийг ав, ах нь ердөө энүүхэнд нэг айлд оччихоод гэрт чинь хүргээд өгчихнө өө” гэж хэлээд инээмсэглэхээр нь итгээд суучихаж. 

Машин дотор өөртэй нь чацуу бололтой хоёр хүү сууж байжээ. Хүү үеийнхээ хөвгүүдтэй зэрэгцэн суусан байна. Танихгүй ах нар ойрхон айлд биш бүр хотоос гараад жирийлгэж гарчээ. Угийн сэргэлэн хүүд салхи татуулан хурдлах машинд үеийн хоёр хүүтэй зэрэгцэж суугаад цонхоор харж явах сонирхолтой санагджээ. Хүүг ойр дотнынхон нь “Манай Рэнцэнгийн сэргэлэн нь дэндчихгүй бол мундаг хүн гарна даа” гэж өөр зуураа ярьцгаадаг байж.

Машин хурдлан явсаар хотоос зайдуу нэг хогийн цэг дээр очсон байна. Өнөө сайхан ааштай ахын зан хувирч “Бууж хог түү” гэж зандарчээ. Айж сандарсан хүүд үгийг нь дагаж буухаас өөр зам байсангүй. Саяхан л дүүдээ амттан өгөхөөр гэр рүүгээ харайлгаж явсан хүү хог түүхээр машинаас урамгүйхэн буужээ. Өнөө хоёр хүү ч дагаад буусан байна. Хог түүх муухай санагдсан ч өвөө, эмээдээ ажилсаг гэж магтуулдаг хүү танихгүй ахын тушаалыг үг дуугүй биелүүлжээ.

Хүү үеийн хоёр жаалтай хамт хогийн цэг дээр хоёр хоножээ. Танихгүй ах нар машинтайгаа холоос ажиж байж. Хог түүж байгаад гараа зүсчихжээ. Ээж нь байсан бол уйлахаар их өвдөж байсан ч ааштай ах нарт загнуулахгүйн тулд нулимсаа ханцуйгаараа шударчихаад чимээгүйхэн бөхийн хог түүж гарчээ. 

Хоёр хоногийн дараа хүү хүнд ажлаасаа арайхийн салжээ. Өнөөх танихгүй хүмүүс хүүг машиндаа суулгаад замд гарсан байна. Машин Рэнцэнгийн гэр байгаа хотын зүг биш хөдөө тийш хурдалжээ. Ингэж явсаар хар замаас салж шороон зам руу орж.

Балчир хүүгийн сэтгэлд гэртээ ганцаараа үлдсэн дүү нь л бодогдож байжээ. Хүүгийн суусан машин удаан явсны эцэст нэг айлын гадаа зогссон байна. Урд суудалд суусан танихгүй ах Рэнцэнтэй зэрэгцэж суусан хүүг буулгаж нөгөө айл руу дагуулан орж хэсэг зуур байснаа ганцаараа гарч иржээ.

Хүүгийн суусан машин дахиад л тоос татуулан давхисан байна. Удсан ч үгүй дахин нэг айлын гадаа ирж, хоёр хүүг буулгажээ. Ингээд хоёр хүү танихгүй айлд үлдэх нь тэр. 

Эмээ, өвөө шиг нь хоёр хөгшин хүүг хооллож ундлаад унтуулсан байна. Айлын эмээ үүрээр таван цагт хоёр хүүг дуудан сэрээжээ. Наймдугаар сарын хяруу буусан жиндүү өглөө сэрсэн хоёр хүү малын хороо цэвэрлэжээ. 

Зуны сүүл сарын наран гэрэл цацруулан мандах үед хөвгүүдийн нэг нь үхэр тууж, нөгөө нь хонь хариулах ажилд томилогджээ. Эхний жил нь үеийн хүүтэй цуг байсан болохоор уйдах зав гардаггүй байж. Өдөржин хонь хариулчихаад орой ирж өнөө хүүтэйгээ тоглоно, хамтдаа унтана, өөр зуураа шивнэлдэж ярина.

Гэтэл найз нь орой болгон орондоо шээдэг болжээ. Сүүлдээ хоёр хөгшин хүүг орондоо шээгээд байна гээд хот буцаасан байна. Ингээд Рэнцэн ганцаараа үлдсэн аж. 

Өглөө хар үүрээр сэрж хөрзөн цэвэрлэнэ, үхэр тууна, тэгээд хониндоо гарна, орой хониноосоо ирээд тугал татаж өгнө, хоолоо иднэ, унтана. Хүүгийн амьдралын нэг өдөр ийм хэмнэлээр өнгөрч байж. 

Малд дөртэй болоод ирэнгүүт нь үнээ саах ажил давхар иржээ. Хөдөө газар тоглож наадах хүүхэд бараг үгүй. Өдөржин л мал дагана. Амьдардаг айлынх нь зээ хүү амралтаараа хотоос ирж ажилд нь туслалцан тоглож наадахад хүү чин сэтгэлээсээ баярлаж хөөрдөг байжээ. Бас нутгийн морь хурдлуулдаг хүмүүсийн морийг наадмаар унахдаа жигтэйхэн хөөрдөг байж. 

Эхний жилд орондоо орохдоо л ээжийгээ бодож чимээгүйхэн уйлдаг байснаа сүүлдээ байгаа айлынхаа эмээ, өвөөд дасаж гэрээ санах нь арай л багасчээ. Гэхдээ л бяцхан зүрхнийхээ гүнд аав, ээж, дүүгээ санасаар байж. Өвөл зунгүй явган хонь дагах хүүд зуны хүйтэн бороо чангахан даваа болдог байж. Хүйтэн бороонд норсон дээлтэй чичрэхийн зовлонг яс махаараа мэдэрдэг байжээ

Хүүг аав ээжийнх нь өгсөн нэрээр биш Баяраа гэж дуудна. Нутгийн хүмүүс ч энэ нэрээр нь андахгүй, “Манай Баяраа ч айхтар ажилсаг хүү шүү” гээд ам сайтай байсан гэнэ.

Таван намар, таван өвөл, таван хавар, таван зун өнгөрчээ. Нэгэн өдөр хүүгийн амьдардаг айлд хот явна гээд нэг ачааны тэрэг иржээ. Рэнцэн “Хот явах машин таарлаа ашгүй, гэртээ очъё байз. Өвөө, эмээ хоёрынхоо хашаанд гүйгээд очно доо” гэсэн бодол төрж шуудхан л тэвшин дээр нь харайгаад гарчихаж. Ачааны машины тэвшин дээр сууж байсан хүү “Намайг мэдчих вий дээ. Энэ машин хурдан хөдлөөсэй” гэж залбирч суужээ.

Удсан ч үгүй жолооч кабиндаа сууж машинаа асаах агшинд хүүг айлын хүн олоод харчихсан гэнэ. Ингээд гэр рүүгээ явах оролдлого нь бүтэлгүйтсэн байна. Байнга аав, ээжийгээ ярих болсон хүүг айлын хоёр хөгшин анзаарсан бололтой “Тэгж байгаад хот орж аав, ээжийнх нь сургийг гаргаж паспортыг нь авч өгнө өө” гэж ярихаар нь Рэнцэн битүүхэндээ догдолж тайвширдаг байж. 

Оргох гэж байгаад баригдсанаас хойш нэг жил өнгөрчээ. Шинэ жилийн өмнөхөн өвгөн, эмгэн хоёр зээ хүүгээ хот руу явуулахдаа Рэнцэнг “Дандаа мал дээр байдаг юм. Хот орж ёолкдоод ир” гэж хамт явуулжээ. Хот руу дөхөх тусам хүүгийн сэтгэлд “Өвөөгийнх Гандандаа байгаа болов уу. Одоо очвол ч би олно доо" гэсэн бодол эргэлдэж байсан гэнэ. 

Хэдэн жил хамтдаа байсан үе насны хүү Рэнцэнг хотод авчрангуутаа PC тоглохоор хамт гарчээ. Хүүгийнх “Өргөө” кино театрын хажууханд болохоор Рэнцэнд Гандан орох тийм ч хэцүү биш байж. Өнөөхийгөө PC тоглох зуур тэссэнгүй гараад явчихаж. Өвөөгийнхөө хашаанд иртэл яг л тэр янзаараа харагджээ. Хашаагаар нь орж хаалгыг нь таттал цоожтой байж. Гандан хавиар жаал явж байгаад оройхон өвөөгийнхөө хашаанд эргэж иртэл хүн ирсэн бололтой яндангаас нь утаа баагиж харагдсан байна. Ороод очтол аавынх нь ахынх нь дүү бүсгүй дуу алдан угтжээ.

Энэ баярт явдал тохиохоос долоон жилийн өмнө, хүүг алга болсны дараахан аав, ээж, ар гэр нь ёстой л цээжний махаа барж байж. Түмэнжаргал усаа аваад иртэл охин нь гэртээ ганцаараа уйлчихсан сууж байжээ. “Ах нь яасан” гэж асуутал “Дэлгүүр яваад ирнэ гэсэн” гэж. Эхэндээ ч муу юм бодсонгүй. Хоёр, гурван цаг болонгуут сандарч эхэлжээ. Ээж рүү нь утасдтал тэр дороо ажлаасаа хүрээд ирсэн гэнэ. Ингээд л хамаатан саднаараа гурван хоног онгорхой цоорхой бүхнээр хайжээ. 

Асрамжийн газар, хүүхдийн хаяг тогтоох төв, орц, хонгил, траншей, PC тоглоомын газар гээд яваагүй газар үлдээгүй гэдэг. Гурван хоногийн дараа цагдаад мэдэгдэж орон даяар эрэн сурвалжлаад ч хүүгээ олсонгүй гэнэ. Хайртай хүүгийнх нь сураг огт гараагүй аж. Аав, ээжийнх нь горьдлого тасарсангүй, хүүгээ цөхрөлтгүй хайсаар байж. Түмэнжаргал сав л хийвэл гудамжаар алхдаг ажилтай болжээ. Муухан хувцастай, хүүтэй нь нуруу чацуу хүүхэд харахаараа л гүйж очиж хардаг байж. Он жилүүд өнгөрсөн ч траншейний хүүхдүүд дунд хүүгээ хайсаар байжээ. 

“Миний хүү чинь их сэргэлэн шүү дээ. Тийм хүүхэд буруу хүүхдүүдтэй нийлээд явчихвал хэцүү хүн болно" гэж бодож траншей хавиар байнга эргэлддэг болжээ. Сүүлдээ траншейнийхан ч андахаа больж. “Та хүүгээ олсон уу” гэж асуудаг болсон гэнэ. Р.Түмэнжаргал хүүгээ эрж аймгуудыг бараг л гүйцээжээ. Хүүгээ хайсан аавын сэтгэлийг зөөллөх гэж уулзсан хүмүүс нь шил юм гаргадаг байжээ. Ингэсээр бор дарсанд нэлээд оржээ. Хүүтэйгээ уулзсанаас хойш харин сэтгэл өөдрөг сайхан байгаа аж.

Хүүгийн аав, ээж, ах дүүдээ ярьсан яриаг сонсоход ийм явдал болж. Манай сонин маргаашийн дугаартаа хүүгийн малыг нь хариулж байсан айлын хөгшидтэй хийсэн ярилцлагыг хүргэх болно.

Р.Түмэнжаргал хүүгээ бүх аймгаар явж хайжээ

Ингээд хүүгийн аав Р.Түмэнжаргалтай хийсэн ярилцлагыг хүргэе.

-Хүү нь хөдөө явсан гэв үү?

-Тийм ээ, манай эхнэрийн дүү Өвөрхангайд мал дээр байдаг юм. Мянгат малчин мундаг залуу бий. Тийш нь явуулчихлаа. Паспортыг нь авч өгөх гээд хөөцөлдөөд явж байна. Миний хүү чинь арван нэгтэй алга болоод арван найман нас хүрээд буцаж ирж байгаа юм. Их сайхан өсчээ. Тэр хоёр буурал хүүг минь малын дөртэй сайн хүн болгож өсгөжээ гэж бодож сууна. Эндээ сургууль соёлын мөр хөөсөн бол өөр байж болох байсан байх л даа. Гэхдээ одоо юунд нь санаа зовох вэ. Мал дээр гарахад сайхан л амьдрахаар болж. Ээж нь эрүүл саруул эргээд ирсэнд нь л баярлаад байгаа.

Миний хүү чинь арван нэгтэй алга болоод арван найман нас хүрээд буцаж ирж байгаа юм.

-Хүүгээ ингээд гэнэт ороод ирнэ гэж бодож байв уу?

-Лам хард үзүүлэхээр амьд байна гэж байсан болохоор амьд болов уу гэж горьддог л байлаа. Амьд хүний сураг гардаггүй гэж бодоод л хүлээгээд байсан. Нуугаад яахав, гэхдээ сүүлийн үед итгэл алдарсаан. Хүүг маань алга болдог жил аав, ээж маань амьд сэрүүн байсан л даа. Багаас нь хамт байсан болохоор ёстой амьдаараа бэтгэрсэн дээ. Надаас илүү амь байсан юм. Өөд болохдоо хүртэл “Хүү маань ирэхгүй нь ээ” гэж хэлж байсан. Аав маань бурхан болоод гурван жил, ээж бурхан болоод таван жил болж байна. Амьд сэрүүн байсан бол баярлаад сүйд болох байсан даа гэж бодож сууна.

Лам хард үзүүлэхээр амьд байна гэж байсан болохоор амьд болов уу гэж горьддог л байлаа.

-Рэнцэнг ирдэг өдөр танайхан гэр бүлээрээ цуглаж баяр хөөр болсон гэж дуулсан. Хүүгээ анх харсан сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Гэрээсээ гараад Гандан орохдоо яаж явснаа ч мэдээгүй. Нэг л мэдэхэд дүүгийндээ оччихсон байсан. Нулимс өөрийн эрхгүй асгараад. Хүү маань ч уйлаад бөөн баяр болсон. Би чинь аав, ээжээс тавуулаа. Хотод дөрөв нь байдаг юм. Бүгдээрээ цугласан. Хувийн эмнэлэг ажиллуулдаг дүү маань хүртэл ажлынхаа ёолкноос шууд гараад хүрээд ирсэн.

Багын маань хоёр найз хүртэл ирсэн. Тэр орой их сайхан байсан. Хүүгээ ирснийх нь маргааш бүх хувцсыг шинэчилж, хоёр ээлжийн шинэ хувцас авч өгсөн. Хүү минь, өнгөрсөн жилүүдэд нэг ч удаа шинэ хувцас өмсч үзээгүй гэсэн. Шинэ хувцас аваад өгсөн чинь баярлаад жигтэйхэн байсан. Хүү минь бараг аавтайгаа чацуу шахуу болсон байна лээ. Энэ жил шинэ оноо сайхан угтлаа. Хүү маань ирээд. Ах дүү нар ч малд дөртэй болж гээд олзуурхаад байгаа.

-Дүү нь ахыгаа хараад таньсан уу?

-Хичээлээсээ орж ирчихээд нэг хэсэг дуугүй харж зогссоноо сүүлдээ таньсан. Агаатайгаа тоглоод хэд хоног хөөрч гүйлээ. Ахыгаа алга болсноос хойш байнга л ярьдаг байсан юм. Хүү маань хэд хоног унтлаа. Босч хоолоо идчихээд л эргээд унтаад өгнө. Ёстой нэг сайхан амрах шиг болсон. Одоо хөдөө нагац ахындаа их сайхан байгаа юм шиг байна.

Ахындаа амьдарна л гээд байгаа. Цэрэгт явна л гэнэ. Хүүтэйгээ хоёр хоноод утсаар яриад сэтгэл сайхан байна. Миний хүү чинь хоёрдугаар анги төгсөөд сургуульд суугаагүй болохоор бичиг үсэг муу талдаа. Тэгэхээр алсдаа мал бараадуулж таарна. Манай хүний ээж одоо Өвөрхангайдаа бий. Алга болсон гэвэл санаа нь зовчих байх гээд хэлээгүй. Хүнд өргүүлсэн гэчихсэн юм. Сая очсон чинь хачин их баярлаж байна гэсэн.

Рэнцэн хүүг алга болох үед Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст мэдэгджээ. Хүүг улс орон даяар эрэн сурвалжилж байсан эсэхийг хүүг хариуцаж буй эрүүгийн төлөөлөгч Анхбаатараас тодруулахад “Тухайн үед хүүг улс даяар эрэн сурвалжилж байсан. Саяхан энэ хэрэг над дээр шилжиж ирсэн. Хэргийг одоо шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй байна. Хүүхэд алга болсон энэ төрлийн хэрэг нууцын зэрэглэлд хамаардаг учраас одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн  хариу өгсөн юм.

Ц.Баасансүрэн, Б.Энхболд, Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Эх сурвалж: "Өдрийн сонин" /www.dnn.mn