Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Алтанхуяг: Хурдан морь унаач хүүхдийн эрхийг онцгой анхаарах ёстой. Гэхдээ ...

Ч.Болортуяа
2014 оны 2 сарын 6
iKon.MN

 

- Хүйтэнд хурдан морины уралдаан зохион байгуулна, байгуулахгүй гэж байтал хэдийнэ уралдаад хүүхэд бэртээд эхэлжээ -

Өвөл, хаврын улиралд буюу өдийд хүйтэн цагт хурдан морь уралдуулах нь унаач хүүхдүүдэд илүү их эрсдэл дагуулдаг талаар мэргэжлийн байгууллагууд мэдээлсээр байгаа билээ. Тиймээс ч Хүүхдийн төлөө үндэсний газраас жил бүр зургаадугаар сарын 1-н хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх уриалга гаргасаар байгаа. 

Харин энэ жил тус уриалгыг Засгийн газар "үл тоож" энэ сарын 23-нд "Дүнжингарав", ирэх сарын 23-нд хаврын бүсийн уралдааныг уралдуулах Морин спорт, уяачдын холбооны саналыг дэмжсэн юм. 

Энэхүү шийдвэрийг хэвлэл мэдээлэл болоод хүүхдийн эрхийн байгууллагууд эрс буруушааж буй. Учир нь хэвлэл мэдээлэл болоод бусад байгууллага хурдан морины уралдааныг зохион байгуулахыг 100 хувь хориглохыг хүсээгүй. Гагцхүү өвөл, хаврын буюу хүйтний улиралд хурдан морь уралдуулдаг байдлыг таслан зогсоохыг хүссэн юм. 

Ингэснээр унаач хүүхдүүдийг эрүүл мэнд, амь насыг нь эрсдэлд оруулахгүй байх жаахан ч гэсэн боломжтой гэж үзээд байгаа билээ. 

Тоо баримтаас үзэхэд, өнгөрсөн жилийн хаврын "Дүнжингарав" уралдааны үеэр 10 хүүхэд бэртэж, нэг хүүхэд нас барсан харамсалтай мэдээтэй. 

"Ерөнхий сайдын 30 минут уулзалт", 2014.2.6

Н.Алтанхуяг: Хурдан морь унаач хүүхдийн эрхийг онцгой анхаарах ёстой. Нөгөө талаас малчдын, Монголчуудын уламжлал ёс заншлийг хааж боож болохгүй. Энэ хоёрын дундуур их зөв явах ёстой

Харин энэхүү шийдвэрийг яагаад гаргах болсон талаар өнөөдөр Ерөнхий сайдаас тодруулахад "Хурдан морь унаач хүүхдийн эрхийг онцгой анхаарах ёстой. Нөгөө талаас малчдын, Монголчуудын уламжлал ёс заншлийг хааж боож болохгүй. Энэ хоёрын дундуур их зөв явах ёстой. Засгийн газрын хурал дээр бид энэ асуудлыг хэлэлцэхдээ Хүүхдийн төлөө үндэсний газрын даргыг оруулж ирээд хамт сууж байгаад ярьсан. Морь унаж байгаа хүүхдүүдийн аюулгүй байдал тал дээр стандарт шаардлагыг нь сайн хангаж ажиллахаар болсон. Энэ асуудлыг туйлшруулах хэрэггүй. Нэг нь хүүхэд хамгаалдаг, нэг нь хүүхэд хамгаалдаггүй гэх хэрэггүй. Хөдөөгийн иргэд, малчид маань үүгээр дамжиж ёс заншлаа авч явж байгаа шүү дээ. Гэхдээ ингэлээ гээд хүүхэд хамаагүй гэж хэлээгүй. Хамгийн гол нь хүүхдийн аюулгүй байдал тал дээр хамтраад ажиллах дээр санал нэгдсэн" гэлээ. 

Ерөнхий сайдын хариулт нэг иймэрхүү "бөөрөнхий". 

Бид Улаанбаатарт өвөл, хавар хурдан морины уралдаан явуулна, явуулахгүй гэж байх хойгуур хөдөөгүүр аль хэдийнэ уралдаанаа зохион байгуулаад эхэлжээ. 

Сар шинийн баярын өдрүүдэд Өвөрхангай аймагт уяач нар бооцоот уралдаан зохион байгуулжээ. 

Тухайлбал, сар шинийн баярын өдрүүдэд Өвөрхангай аймагт уяач нар бооцоот уралдаан зохион байгуулжээ. Энэ үеэр 14 настай хүүхдийн морь хадуурч хүүхэд машинд дайруулсан байна. Одоо хүүхэд аймгийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. 

Энэ мэтээр хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөөр байна. 

Засгийн газар гурван сая дахь иргэнтэйгээ золгоно хэмээгээд байдаг. Гэтэл тэр тоо чинь нэгээр биш нэлээн хэдээр ухраад байгааг ойлгож байгаа ТӨРИЙН ТҮШЭЭД өнөөдөр байна уу.

Өнгөрсөн жил гэхэд хурдан морь унаач ЗУРГААН ХҮҮХЭД амь насаа алджээ. 

Зургаадугаар сарын 1-н хүртэл ямар ч хурдан морины уралдаан зохион байгуулахгүй гэсэн шийдвэр гаргачихад яг юу нь болохгүй байна вэ Ерөнхий сайд аа?!

Та бүхэн санал асуулгад оролцож саналаа өгнө үү.