- Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна -
Хорт хавдрын өвчлөлийн талаарх баримтууд
Дэлхий дахинд жилд 12.7 сая хүн хорт хавдраар шинээр өвчилж, 7.6 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байна. Хорт хавдраас сэргийлэх, тэмцэх оновчтой, үр дүнтэй арга хэмжээ цаг алдалгүй авч хэрэгжүүлэхгүй бол 2030 он гэхэд жилд 26.0 сая хүн хорт хавдраар шинээр өвчилж, 17.0 сая хүн хорт хавдраар нас барах магадлалтай байна.
Манай орны хувьд ч хорт хавдрын өвчлөлйин түвшин жилээс жилд өсөх хандлагатай байна (Зураг 1). Жил бүр 4500 гаруй хүн хорт хавдраар шинээр өвчилж бүртгэгдсэнээс харахад эрэгтэйчүүдийн 100 000 хүн тутмын 273 нь, эмэгтэйчүүдийн 204 нь хорт хавдраар өвчилжээ.
ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ ҮЗНЭ ҮҮ.
Хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлс:
Хорт хавдар үүсэхэд халдварын, хүрээлэн буй орчны, халдварын бус гаралтай буюу эрүүл аж төрөх зан үйлтэй холбоотой 3 бүлэг хүчин зүйлс нөлөөлдөг.
1. Халдварын хүчин зүйлс
Элэгний В, С вирусийн халдвар, ходоодны хеликобактерын халдвар, хүний хөхөнцөр вирусын халдвар хамаарагддаг.
2. Халдварын бус гаралтай хүчин зүйлс
Халдварын бус гаралтай буюу эрүүл аж төрөх зан үйлтэй холбоотой хүчин зүйлст зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхи, цусан дахь сахар болон холестрины ихсэлт, илүүдэл жин зэрэг эрсдэлт зан үйл багтана.
Манай орны хүн амын дунд хорт хавдарт хүргэж болох эрсдэлт хүчин зүйлсийн тархалт түүний дотор архи, тамхины хэрэглээ өндөр хэвээр байгаа нь сэтгэл түгшээж байна. Тухайлбал 2009 оны судалгаагаар манай орны хүн амын 39,8% нь илүүдэл жинтэй, 12,5% нь хэт тарган, харин нийт хүн амын 27,6% нь тамхи татдаг үүнээс эрэгтэйчүүдийн 48% нь, эмэгтэйчүүдийн 6,9% нь тамхи хэрэглэдэг. Мөн эрэгтэйчүүдийн 39,7%, эмэгтэйчүүдийн 15,1% нь сард 5-аас дээш удаа архи уудаг буюу архи хэтрүүлэн хэрэглэдэг байна. Иймээс хувь хүн хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс болох архи, тамхинаас татгалзах, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэж, биеийн жингээ хэвийн байлгах, зохистой зөв хооллох зэрэг эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг төлөвшүүлж чадсанаар хавдар өвчнөөс сэргийлэх боломжтой.
3. Хүрээлэн буй орчны хүчин зүйлс
ДЭМБ, хавдрын судлалын Олон улсын агентлаг (WHO, International Agency for Research on Cancer) хавдар үүсгэх нөлөөт 107 төрлийн хорт бодисыг нэрлэсэн байна. Үүнд асбестийн бүх төрөл, усан дах арсеник, кадми, этилины оксид, олон цагирагт гидрокарбон, бензопирен,нитрозамин, афлатоксин, шөрмөсөн чулуу, цацраг туяа , радиоидэвхт бодис гэх мэт.
Дэлхий нийтэд тохиолдож буй бүх хорт хавдрын 19 хувь нь хүрээлэн буй орчин болон ажлын байртай холбоотойгоор үүсэж байна гэдгийг ДЭМБ-ийн судлаачид тогтоосон бөгөөд үүний дийлэнхийг бага дунд орлоготой оронд тохиолдож байна гэсэн дүгнэлт гаргажээ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын төрөлжсөн агентлаг болох Хавдар судлалын Олон улсын агентлагаас 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гадаад орчны агаарын бохирдлыг хүнд хавдар үүсгэдэг бодисын ангилалд багтаасныг зарласан байна.
Шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгаануудыг нарийвчлан үнэлж судалсны эцэст дэлхийн шилдэг шинжээч судлаачид гадаад орчны агаарын бохирдол нь уушигны хавдар үүсэхэд хүргэдгийг нотолгоонд тулгуурлан баталжээ. Түүнээс гадна, агаарын бохирдол болон давсагны хавдрын хооронд эерэг хамаарал байгааг ч тогтоосон байна.
Хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд хувь хүн юу анхаарах ёстой вэ?
Хавдраас сэргийлэх
Хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг халдвараас сэргийлснээр эрсдлийг бууруулж чадна. Элэгний үрэвсэл үүсгэгч В вирус нь бэлгийн замаар халдварладаг бөгөөд элэгний хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Нярай хүүхдийг төрмөгц 24-48 цагийн дотор В гепатитийн эсрэг вакцинд заавал хамруулаарай. Ингэснээр энэ хүүхэд ирээдүйд элэгний хорт хавдраар өвчлөхгүй байх дархлаагаар хамгаалагдана.
Хүний папиллома вирус нь бэлгийн замаар халдварлаж умайн хүзүүний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг. Иймд энэхүү вирусийн халдвараас хамгаалах вакциныг 10-12 насны охидод хийлгэснээр ирээдүйд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөхөөс хамгаалагдана.
Бохир аяга, таваг, халбага хэрэглэх, мөн дамжуулан хэрэглэх, хувийн ариун цэвэр сахихгүй байснаар ходоодны хеликобактерын халдварт өртөж улмаар ходоодны хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгдэнэ.
Хүрээлэн буй орчны нөлөө мөн ажлын хортой орчноос урьдчилан сэргийлэх нь хорт хавдраар өвдөхөөс сэргийлэх нэг чухал алхам юм. Хортой нөхцөлд ажилладаг бол хөдөлмөр хамгаалалын хувцас хэрэгслийг бүрэн хэрэглэх,ажил амралтаа зөв зохицуулах хэрэгтэй.
Хорт хавдраас урьдчилан сэргийлэх шинжилгээнд тогтмол хамрагдснаар өвчний эрт үед оношлох, эмчлэгдэх, эдгэрэх бүрэн боломжтой.
Хавдар судлалын үндэсний төв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!