Нэгэн үе шинжлэх ухаанч залуусын оюуны их уурхай, мэдсэн сурснаа туршиж зохион бүтээх гол төв нь “Залуу техникчдийн ордон” болдог байлаа.
Энэ ордныг дахин сэргээн, зохион бүтээгчдийн нэгдсэн төв болгоё гэсэн уриалгыг Засгийн Газрын тэргүүн Н.Алтанхуягт 2012 оны 10-р сарын 15-ны өдөр хүргүүлсэн байна. Мөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд саналыг танилцуулж байсан аж.
З.Энхболд: Бид инженерүүдээ дээш нь гаргаж ирэхгүй бол улсын хөгжил явахгүй.
Гэвч ямар нэгэн хариу өгөөгүй таг чиг болсон энэ асуудлыг дахин сөхөж МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат өөрийн твиттер хуудсандаа БШУ-ны сайд Л.Гантөмөрт хандан “Хүүхдүүд зохион бүтээх ордноо зориулалтаар нь ашигламаар байна” гэсэн жиргээг нисгэж байсныг та бүхэн санаж байгаа байх.
Тэгвэл цагаан сарын өмнөхөн УИХ-ын дарга З.Энхболд үндэсний телевизийн “Та хариулахгүй ч байж болно” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Залуу техникчдийн ордон”-г хүүхэд, залуучууддаа буцааж өгнө гэдгээ амласан бөгөөд “Улс орныг инженерүүд нь авч явдаг гэдэгт би хатуу итгэлтэй байдаг. Яагаад гэвэл инженерийн боловсролдоо анхаарлаа хандуулсан улс хөгжиж байна. Өнөөдөр нийгэмд хэн үнэлэгдээд байна зохиолчид, бөхчүүд, дуучид их үнэлэгддэг, нөгөө инженерүүд хаана байна. Бид инженерүүдээ дээш нь гаргаж ирэхгүй бол улсын хөгжил явахгүй. Өөрийнхөө инженерүүдэд сайн цалин өгөхгүй бол өөр улс орны инженерийн хийсэн юмыг л худалдаж авна. Тиймээс “Залуу техникчдийн ордон” алга болсон одоо буцаах тухай асуудал яригдаж байгаа” гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!