Одоогийн “Өсвөрийн залуу зохион бүтээгчдийн сургууль”, хуучнаар “Залуу техникчдийн ордон” анх 1975 онд ашиглалтад орж, эдүгээ 39 жилийг үдээд байна.
Одоогоос 20-иод жилийн тэртээ энэ ордонд “Пионер” нэртэй монголын анхны компьютер, “Мазаалай” нэртэй монголын анхны машин бүтээгдэж байсан гэдэг. Мөн 18 аймагт салбар нэгжтэй түүгээрээ дамжуулан зохион бүтээгчдийн дунд улсын чанартай тэмцээн уралдааныг зохион байгуулдаг байжээ.
Нэгэн үе шинжлэх ухаанч залуусын оюуны их уурхай, мэдсэн сурснаа туршиж зохион бүтээх гол талбар болж байсан энэ ордныг дахин сэргээн, зохион бүтээгчдийн нэгдсэн төв болгоё гэсэн уриалгыг 2012 онд Монголын Залуучуудын Холбооноос гаргаж байсан.
Мөн залуучуудын амьдрал, нийгэм, соёл хөгжлийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд хийж гүйцэтгэвэл зохих 27 ажлын жагсаалтыг МУ-ын Засгийн Газрын тэргүүн Н.Алтанхуягт 2012 оны 10-р сарын 15-ны өдөр хүргүүлсэн, мөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд 14 саналыг танилцуулж байсан юм.
Дээрх саналуудын дунд “Залуу зохион бүтээгчдийн ордон”-г сэргээж, үндсэн зориулалтаар нь эргүүлэн ашигладаг болгож өгөөч гэсэн санал байсан юм. Гэвч ямар нэгэн хариу өгөөгүй таг чиг болсон энэ асуудал өнөөдөр дахин сөхөгдлөө.
Учир нь МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат ажлаа мэддэг, амлалтаа шаарддаг бололтой. Өөрийн твиттер хуудсандаа БШУ-ны сайд Л.Гантөмөрт хандан “Хүүхдүүд зохион бүтээх ордноо зориулалтаар нь ашигламаар байна” гэсэн жиргээг нисгэлээ.
Одоо салбарын сайд ямар хариуг хүүхдүүддээ нисгэхийг чих тавин хүлээж суух л үлдлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!