Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Морин жилийн Монголын өнгө

П.Ядамдорж, Өдрийн шуудан
2014 оны 1 сарын 29
Өдрийн шуудан
Зураг зураг
Морин жилийн Монголын өнгө

XYII жарны модон морин жил ирж байна. Бүр тодруулбал айлчлан буй жилийг ялгуулсан хөх, эр морин жил хэмээн онцолжээ.

Монгол хүн билгээрээ гэх үг бий. Морийг монголчууд дундаа хийморийн бэлгэдэл гэж дээдэлдэг. Энэ утгаараа бол айлсан буй жилд монгол түмний маань цог хийморь дарцаглаж явах магадлал буй. Хэрэв өнгөрсөн түүхийн хуудас руу эргэн харвал Их эзэн Чингис хаан, Өгөдэй хаан, Түшээт хан Гомбодорж гэхчлэн Монголын түүхийн хүрдийг хөтлөх учиртай нэр алдартай олон хүн морин жилд төржээ. 1990 оны цагаагчин морин жил Ардчилсан хувьсгал ялж байв.

Ирж буй жилийн өнгийг манай урдаа барьдаг зурхайчид “Монгол түмэнд ээлтэй сайхан жил гарна” хэмээн тодорхойлжээ. Бэлгэдэл талаасаа ийм байгаа болохоор ирж буй жилээ өөдрөгөөр харах шалтгаан хангалттай байна. Юуны өмнө морин жилийн өнгийг шинэ шинэ бүтээн байгуулалтаар дүүрэн байна хэмээн төсөөлж байна.

Шинэчлэлийн Засгийн газар 2014 оныг их бүтээн байгуулалтын жил байна гэдгийг онцлохын зэрэгцээ “Монголдоо бүтээцгээе” зорилтын хүрээнд үйлдвэрлэлийг дэмжих жил гэж зарлаад байгаа. Импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, экспортыг дэмжих зорилгоор эдийн засагт нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэсэн сайн мэдээ үндэсний үйлдвэрлэгчдийн сонорыг мялаасан.

Үндэсний мөнгөн тэмдэгтийн чадал чансаа сайжирна, Үнэ ханш тогтворжино. Энэ бол монголчуудын морин жилийн хүлээлтийн нэг.

Үүний зэрэгцээ үйлдвэрлэгчдийн эдийн засгийн эрх чөлөөг хангах, татварын орчинг боловсронгуй болгохоор ажиллаж байна. Тухайлбал, энэ зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан «татварын тухай хууль болон Аж ахуйн /нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон. Энэ хуулиуд ирэх морин жилд батлагдвал эдийн засгийн орчны идэвх эрс сэргэнэ гэсэн хүлээлт бий.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Баялгийн сан буюу ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл, Шилэн дансны тухай хууль нь манай хууль эрх зүйн орчинд шинэ чиг хандлагыг авчирна.

Ирээдүйн өв сангийн тухай хуулиар уул уурхайн салбарын орлогоос жил бүр 500 сая ам.долларыг өв санд төвлөрүүлэхээр зорьж байгаа бөгөөд энэ нь хойч үеийнхэнд зориулж буй хуримтлал болох учиртай.

Түүнчлэн шилэн дансны хууль төрийн байгууллагуудын санхүүгийн ил тод байдлыг анх удаа хуульчилж өгнө. Ингэвэл татвар төлөгчдийн мөнгөөр тарвалздаг дарга нарын эрх дархыг хазаарлана гэсэн үг. Үүнийг бидний амьдрах орчин ямар нэг хэмжээгээр эрүүлжих гарц гарам гэж харж байна.

Морин жилд Монгол Улсын эдийн засаг эрчимжиж, гадаадын хөрөнгө оруулагчид бурантагныхаа үзүүрийг бидний зүг эргүүлнэ гэсэн итгэл бий. Ялангуяа оны сүүлийн хагас жилээс хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж дээр доргүй харж байна.

Он гарсаар манай гадаад зах зээл дээр нүүр тахалдаг голлох бүтээгдэхүүн болох алт, зэсийн үнэ өсөлттэй байна. Үнийн ийм эерэг хандлага цаашид ч хэвээр байна гэсэн шинжээчдийн таамаг буй. Ялангуяа зэсийн хувьд.

Оюутолгойн зэс-алтны ордын үйлдвэрлэл 2013 оныхоос бараг хоёр дахин нэмэгдэж, далд уурхайн бүтээн байгуулалт эхэлнэ гэсэн төлөв бий. Тус компанийн төлөвлөж байгаагаар энэ жил борлуулалтаасаа 2.5 тэрбум ам.долларын орлого олох юм.

Харин нүүрсний зах зээлийн тухайд өөдрөг хүлээлт бага байна. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ ойрын хугацаанд өсөх төлөв харагдахгүй байна гэж эдийн засагчид анхааруулж байгаа.

Н.Алтанхуягийн Засгийн газар анхнаасаа л алтаа аргадаж ирсэн. Хэдхэн хоногийн өмнө Монголбанкинд тушаах алтны татварыг 10 хувиас 2.5 хувь болгон бууруулахаар хуульчиллаа. Ингэснээр энэ онд 1.2-1.7 тэрбум ам.доллар орж ирнэ хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал их өөдрөг төсөөлж байна билээ.

Юутай ч Монгол авдрандаа алттай байсан цагт гадаадын валют манай санхүүгийн зах зээл дээр догширч чадахгүй нь тодорхой. Үндэсний мөнгөн тэмдэгтийн чадал чансаа сайжирна, Үнэ ханш тогтворжино. Энэ бол монголчуудын морин жилийн хүлээлтийн нэг.

Энэ жил шинээр 30 шахам мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Эдгээрээс аймаг бүрт 1000-аас доошгүй орон сууц барихаар төлөвлөсөн.

2014 оны Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд газрын тос боловсруулах үйлдвэр, шатдаг занараас шатахуун гаргах төслүүдийг эхлүүлэх, төсвийн болон төсвийн бус эх үүсвэрээр дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлэхээр тусгасныг дашрамд дурдая. Энэ бүхнийг эдийн засаг талаас нь тодотгож байна.

Морин жилд монголчууд “Үндэсний спортын V их наадам ”-ыг хоёр үе шаттайгаар орон даяар зохион байгуулна.

Түүнчлэн монгол хүнээ хөгжүүлж хамгаалах цогц бодлогыг тунхаглан зарлаж хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаа аж Энэ зорилтын хүрээнд нийгмийн бодон эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хэрэглэгчийн эрх ашигт нийцүүлэн шинэчилж, гэр бүлийн хөгжилд суурилсан хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын бодлогыг эдийн засгийн өсөлттэй уялдуулна гэж салбар яамныхан онцолжээ.

Могой жилээ үдэж, морь жилээ угтаж байгаа монголчуудын хувьд эхэлж буй хавар илүү сартай, их зүтгүү байна гэдгийг харин зурхайчид сануулж байна билээ.

Зураг