Украины Ерөнхийлөгч Виктор Янукович Ерөнхий сайд Николай Азаров болон Засгийн газрын огцрох хүсэлтийг хүлээн авчээ.
Энэ тухай зарлиг мягмар гаригийн орой Украины төрийн тэргүүний албан ёсны цахим хуудсан дээр нийтлэгдсэн байна. Өнөөгийн сайд нарын танхим шинэ Засгийн газар бүрдтэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх бөгөөд дэд сайд Сергей Арбузов Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэх гэнэ.
Азаров өчигдөр гаргасан огцрох тухай хүсэлтэндээ сөргөлдөөнийг энхийн журмаар зохицуулж, нийгэм улс төрийн харилцан зөвшилцөлд хүрэх нэмэлт боломжуудыг бий болгохын тулд ийнхүү огцорч байгаа хэмээн онцолжээ.
Түүний үзэж байгаагаар Украинд үүссэн сөргөлдөөнтэй нөхцөл байдал нь эдийн засгийн болон нийгмийн хөгжилд заналхийлж байгаагийн дээр Украины нийгэм, хувь хүн бүрт аюул занал учруулахаар байгаа гэнэ. “Өнөөдөр хамгийн гол нь Украины эв нэгдэл, бүрэн бүтэн байдлыг хадгалах явдал юм. Энэ бол хэн нэгний төлөвлөгөө эсвэл амбицаас хавьгүй чухал зүйл. Тиймээс би ийм шийдвэр гаргаж байна ” хэмээн тэрбээр мэдэгдэлдээ дурджээ.
Энд дуулгахад Украины сөрөг хүчнийхэн, эсэргүүцэгчид Засгийн газрыг дахин зохион байгуулах биш харин бүрэн огцрохыг шаардаж байсан юм. Түүнчлэн эсэргүүцэгчид олон нийтийг хамарсан ажиллагааны үед зөрчил гаргасан хүнд ноогдуулах шийтгэлийг чангатгах, танхай, онц ноцтой хэрэг үйлдсэн гэдгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай энэ сарын 16-нд Радын батласан хуулийг бүрэн цуцлуулж чаджээ.
Хэдийгээр тэдний гол шаардлагууд биелсэн ч жагсагчид бүхий л нөхцлүүдийг биелүүлэх хүртэл тэмцлээ зогсоохгүйгээр шийдсэн гэнэ. Тэдний шаардлагуудын дунд 2004 оны Үндсэн хуулийг эргүүлэн хүчин төгөлдөр болгох шаардлага багтаж байгаа юм. Энэ хууль эргэн хүчин төгөлдөр болсноор энэ онд Ернхийлөгчийн нөхөн сонгууль явах хууль эрхзүйн боломж үүсэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!