Аяны шувуу буцах өдрөөр
Сургуулийн хашааны гадна нэг эгнээнд барьсан цагаан өнгийн асруудад төрөл бүрийн цэцэг, ургамал худалдаалах аж. Тэдгээр асарт байх өнгө өнгийн үзэсгэлэнт цэцгийн баглаанууд хичээлийн шинэ жилийн нээлтдээ очиж байгаа хүүхдүүд гэлтгүй эцэг эхчүүдийн анхаарлыг татаж байгаа нь андашгүй. Хүүхдээ хөтөлсөн эмэгтэй асрын хажуугаар өнгөрөхдөө "Багшдаа цэцэг өгөх үү" гэхэд хүү "Тэгье л даа" хэмээн яг л хүсэж байсныг нь асуусан мэт дор нь хариулав. "Багш зуны амралтаараа цэцэг тариад аваад ирээрэй гэсэн, одоо яах юм бэ? гэж амандаа үглэцгээх хүүхдүүдийн асуудлыг шийдсэн зөвхөн таримал цэцэг зарж байгаа асар нэлээд хүнтэй байна. Энэ мэт худалдан авалт тасралтгүй үргэлжилж байгааг харахад сургуулийн гаднах цэцгийн худалдаа нүдээ олсон бизнес бололтой.
Тийнхүү гартаа баглаа цэцэг болон таримал цэцэг барьсан томчууд хүүхдүүдээ хөтлөн нэг нэгээрээ сургуулийн хашаагаар яаран орно.
Өөрсдөөсөө том цүнх үүрч, ганц ч үрчлээсгүй болтол нь индүүдсэн шинэ дүрэмт хувцастай хичээлийн шинэ жилийн нээлтийн хамгийн хүндтэй оролцогчид болох зургаан настнуудаа хөтөлсөн эцэг, эхчүүд орж ирлээ. Тэдний байр байдлыг ажвал нэг юм цэцэрлэг төгсгөөд авлаа гэх догдлолын хажуугаар, ахин нэг том давааг яажшуухан туулна даа гэж бодоцгоож байх шиг.
Харин араас нь зургаан настнуудтай харьцуулахад арай нэг дөртэй болчихсон дунд болон ахлах ангийнхан явж байгаа харагдана. Дөнгөж л сургуулийн босгыг давуулж, багшийн гарт хүүхдээ даатгаж үлдээж буй эцэг эхчүүд тэдэн рүү "Ийм болоход ч өдий байна даа" гэсэн харцаар харсаар.
Сургуулийн талбайгаар хөвгүүд чанга инээлдэн нэгнийхээ араас хөөн гүйлдэцгээж зарим нь таалагддаг охиноо шоглон ичингүйрсэн харагдана. Зуслан дээр учирсан эсвэл ангидаа шилжиж ирсэн царайлаг хөвгүүнийг ярих зэргээр охид шивнэлдэн охидын яриагаа үргэлжлүүлнэ. Эгээтэй л зуны гурван сар нэгнийгээ санаж үгүйлсэн хүмүүсийн эргэн уулзах мөч болж байна.
Сургуулийн хашаан доторх модны дэргэд хоёр эсвэл гуравдугаар ангиас хэтрээгүй болов уу гэмээр өндөртэй, олны шуугианаас бэргэсэн мэт харцтай хүү ганцаар зогсоно.
Сониучхан хүүтэй үе болов уу гэмээр үсэндээ цагаан тууз зүүж, өөрөөсөө том цэцгийн баглаа барьсан охин "Ээж ээ, хэзээ зайрмаг авч идэх юм бэ?" гэж асуухад ээж нь "Зайрмаг идэхээрээ цэвэрхэн идэхгүй, формоо муухай болгочихно тэгэхээр гэртээ хариад ид" гээд аргадангуй хэлж байгаа нь сонстоно. Угийн эрх дураар өссөн гэмээр тэрхүү охин зайрмаг авч өгөхгүй гэсэн ээждээ тунирхан эцгийнхээ хүзүүнээс зүүгдээд хошуугаа унжуулан байгаа нь харагдана.
Мөнөөх сониуч хүү салхинд дэрвэх цагаан туузтай охиныг тэгтэл сонжсон юм болов уу? эсвэл гараас нь хөтөлж, хүзүүнээс нь зүүгдэх нэгнийг үгүйлсэн юм болов уу?...
Ингэж бодохтой зэрэгцэн сургуулийн хаалга нээгдэж төгсөх ангийн хөвгүүн дулаахан инээмсэглэсээр, нэгдүгээр ангийн охины хамтаар хонх барин гарч ирлээ. Нэг нь сурагч насныхаа сүүлийн намрыг үдэж, нөгөө нь эцэг эхийнхээ тэврээс анхлан холдож сурагчийн ширээтэй өнгөрүүлэх аяллынхаа эхлэл дээр зогсоно.
Хичээлийн шинэ жилийн анхны хонх жингэнэн дуугарснаар зургаан настнуудын уйлалдаан тэдний эцэг эхийн санаа зовнил, нэгнээ хараад хөөрч догдолсон хөвгүүдийн инээд хөөр, нуугдсан аниргүй зэрэг олон янзын дуу чимээ, олон амьдралын өнгийг нэг эгнээнд оруулав.
Ийнхүү ахин нэг шинэ хичээлийн жил албан ёсоор эхэлж, аяны шувуу дүүлэн нислээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!








