Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дайчин самурай Хиро Онода 91 насандаа таалал төгслөө

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 1 сарын 26
iKon.MN

Хэдхэн хоногийн өмнө буюу 1 дүгээр сарын 16­-нд Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин Хиро Онода гуай 91 насандаа таалал төгслөө.

Хиро Онода гуай

Тэр 1974 оны 3 сарын 9 хүртэл Филиппиний ширэнгэнд тэмцлээ үргэлжлүүлж явсан юм.

Учир нь 1945 онд Америкийн цэрэг Филиппинд довтлоход тэнд байрлаж байсан Японы эзэн хааны армийн анги нэгтгэлүүд ухарсан байна. Ингэхэд Онодагийн дарга түүнийг хэдэн цэрэгтэй ширэнгэнд үлдэж тагнуулын ажиллагаа явуулах даалгавар өгчээ. Эргэж ирээд тушаал өгөх хүртэл бууж өгөлгүй партизаны ажиллагаа явуулах үүрэгтэй байж.

Ингээд Онода гурван цэргийн хамт ширэнгэнд үлдэж 30 орчим жил үүргээ гүйцэтгэжээ.

Энэ хооронд гадаад ертөнцөөс тусгаарлагдаж дайн дууссан талаар огт мэдээгүй байна. Амьд үлдэхийн тулд фермерүүдийн мал, хураасан жимс зэргээс хулгайлдаг тэдэнтэй буудалцдаг байсан гэнэ. Бүр зарим нэг фермерүүдийн амийг ч хөнөөсөн байна. Түүний удирдлагад байсан цэргүүд Филиппин цагдаа нарт буудуулж үхсэн тул эцэстээ ганцаараа үлджээ.

Түүний ганц найдлага нь даргынх нь эргэж ирээд өгөх тушаал байлаа.

Энэ хугацаанд тэр байнгийн бэлтгэлтэй байж, хувийн сахилга батыг чанд сахидаг байв. Харин нэг удаа Японы аялагчтай ширэнгэнд таарчээ. Аялагчаас тэр дайн аль эрт дууссан талаар сонсоод итгээгүй байна. Тиймээс түүний дарга байсан хошууч Ёшими Танигучиг Японоос олж авчран бууж өгөх тушаал өгүүлэхээр болжээ.

Ингэсний дараа тэр 1974 оны 3 сарын 9-нд сүүлчийн даалгавар өгсөн хошуучийнхаа өмнө нөхөөс болсон дүрэмт хувцастай, винтов буу, самурайн илдээ зүүсээр ширэнгэнээс гарч ирэн бууж өгчээ.

Ширэнгэнээс гарч ирж байгаа нь

Хошууч түүнд дайн дууссан, Япон улс ялагдсаныг дуулгахад тэр ихэд гайхжээ. Учир нь энэ талаар хүмүүс яагаад тийм хайнга ярьж байгааг огт ойлгосонгүй. Ийм муу мэдээг дуулаад түүний толгойд хамгийн түрүүнд харакири хийх тухай бодогдож байсан байна.

Самурайн илдээ хошуучдаа гардуулж байгаа нь
Бууж өгсөн Онода сан

Японд түүнийг авчрахад баатрын ёсоор хүлээж авсан нь тодорхой. Гэхдээ тэр ид хөгжиж байсан орчин үеийн Японы нийгэмд огт дассангүй. Эзэн хаан нь урьдынх шигээ хүчтэй биш болж улс орон нь Америкжсан байлаа. Нэг жил гаруй гэртээ суусны эцэст тэр Бразилд цагаачлан фермийн аж ахуй эрхлэн, бүр эхнэртэй болжээ.

Сүүлд тэр Японд буцаж ирээд багачуудад зэрлэг байгалд хүн хэрхэн амьдрах талаар сургадаг сургууль байгуулсан байна.

Сонинд өгсөн нэгэн ярилцлагандаа Онода сан “сэрэхгүй байсан нь дээр тийм зүүд байдаг юм” гэжээ. Энэ үг л түүний давтагдашгүй сонин амьдрал, хувь тавиланг нь илэрхийлж чадах билээ.