Дэлхийн хамгийн өндөр настай төрийн тэргүүн хоёр сар гаруй хугацаанд эзгүй байсны эцэст эх орондоо буцаж иржээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Камеруны ерөнхийлөгч Пол Бияа хоёр сар гаруй хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй байсны эцэст эх орондоо буцаж иржээ.

44 жил ерөнхийлөгчийн албан тушаал хашиж буй 93 настай тэрбээр дэлхийн хамгийн өндөр настай төрийн тэргүүнд тооцогддог юм.

Бияа нь зургаадугаар сарын 7-ны өдрөөс хойш эзгүй байсан бөгөөд албаныхан түүнийг “богино хугацааны хувийн амралттай байгаа” гэж мэдэгдэж байв.

Тэгвэл тэр Пүрэв гарагт Швейцарын Женев хотоос улсынхаа нийслэл Яунде хотод иржээ.

Камеруны хэвлэлүүд Бияаг өнгөрсөн хугацаанд гэр бүл, ойрын туслахуудын хамт Женевт байсан тухай мэдээлж байна.

Хоёр сар гаруйн өмнө тэр гэргий Шантал Бияагийн хамт ордноосоо нисэх буудал хүрэхэд зам дагуу дэмжигчид нь даллан үдэж байсан юм.

Өчигдөр ч бас нисэх буудал дээр эрх баригч намын хэдэн арван дэмжигчид Бияаг баяр хөөртэй угтаж авсан байна.

Тэдний зарим нь ерөнхийлөгчийнхөө зурагтай цамц өмссөн байв.

зураг
 

Бияагийн эрүүл мэндийн асуудал Камеруны иргэдийн дунд удаан хугацааны турш яригдаж байгаа бөгөөд тэрбээр үе үе Женев явдаг байсан нь үүнтэй холбоотой.

Өнгөрсөн хугацаанд засгийн газрын өндөр албан тушаалтнууд ерөнхийлөгчийнхөө эрүүл мэндтэй холбоотой янз бүрийн цуурхал, таамгийг эрс няцааж байлаа.

Сүүлийн удаа явахдаа тэр шинэ засгийн газрын тэргүүн, дэд ерөнхийлөгч нарыг томилоогүй үлдээсэн нь Камерунд засаглалын “хоосон орон зайг” үүсгэсэн юм.

Францын колоничлолоос салсан 1960 оноос хойш төрсөн Камеруны хоёр дахь ерөнхийлөгч Бияа бүх өндөр албан тушаалтнуудыг өөрөө томилдог.

2018, 2025 онуудын сонгуулиудад арай гэж ялснаасаа хойш тэрбээр олон нийтийн өмнө ил гарахаа эрс багасгаж, голдуу Женевийн тансаг ангиллын зочид буудалд ихэнх цагийг өнгөрөөх болсон байна.

2018 онд олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн OCCRP байгууллагын гаргасан мэдээллээр тэр хувийн гадаад аялалдаа нийт 4.5 жилтэй тэнцэх хугацааг зарцуулж, $65 саяыг үрсэн байжээ.

Камерун улсын хүн амын 40 орчим хувь туйлын ядуу нөхцөлд амьдарч, авлига газар аваад байгаа. Хүн амын франц хэлтэй, англи хэлтэй хэсэг нь хоорондоо байнгын зөрчилтэй амьдардаг.

Хэдийгээр олон жил ажиллаж, эрүүл мэнд нь муудсан ч Камерунд одоо түүний залгамжлагчийн талаар ярих хориотой байдаг.

Бияа анх Католик шашны санваартан байсан бөгөөд сүүлд Парис хотод улс төрийн шинжлэх ухааны боловсрол эзэмшжээ.

Тэрбээр 1975-1982 онуудад Камеруны ерөнхий сайдаар ажиллаж байгаад ерөнхийлөгч Ахмаду Ахиджог гэнэт огцорсны дараа 1984 оны сонгуульд ганцаараа өрсөлдөж, 100 хувийн саналаар ерөнхийлөгч болсон байна.

1990 онд олон намын системийг хүлээн зөвшөөрсөн ч Бияа дахин зургаан удаа ерөнхийлөгчөөр улиран сонгогджээ.

2018 оны сонгуулиас хойш тэр сөрөг хүчнийг нухчин дарж, эсэргүүцсэн хүмүүсийг олноор нь баривчлах болсон байна.

 

Эх сурвалж: AFP