Бельгийн хунтайж гэр бүлээс гадуур төрсөн хүүгээ хүлээн зөвшөөрч, хууль ёсны өв залгамжлагчаа болгожээ
Бельгийн хунтайж Лоран саяхан автомашины борлуулагч 26 настай Клемент Ванденкеркхове гэх залуу өөрийнх нь хүү болохыг хүлээн зөвшөөрч, хууль ёсны өв залгамжлагчаа болгожээ.
Клемент нь хунтайж болон Бельгийн дуучин Венди Ван Вантен нарын дундаас төрсөн хүүхэд юм байна.
Хунтайж нууц хүүгээ зургаан сарын өмнө албан ёсоор гэр бүлдээ хүлээн авч, бүртгүүлсэн нь сая л олон нийтэд ил болжээ.
Хэдийгээр Клемент нь хунтайжийн хэргэмтэй болсон ч төрөөс ямар нэг тэтгэмж авахгүй юм байна.
Шинэ хунтайж сүүлийн хэдэн жилийн турш хааны гэр бүлийн гишүүн болох талаар бодсон бол одоо ч аавынхаа овог болох Сакс-Кобургийг авах эсэхээ хараахан шийдээгүй байгааг хэвлэлд ярьжээ.
“Би овгоо сольж болох ч Ванденкеркхове нэрээрээ бахархдаг. Хэрвээ солих бол миний төлөө ээжийнхээ хийсэн бүх зүйлээс урвах юм шиг санагддаг” гэж тэр Het Nieuwsblad сонинд ярьсан байна.
Хэдийгээр хүлээн зөвшөөрөгдсөн ч тэрбээр Бельгийн хаан ширээг залгамжлах эрхтэй хүмүүсийн жагсаалтад багтахгүй, бас хааны гэр бүлийн олон нийтийн арга хэмжээнүүдэд оролцохгүй гэнэ. Түүний эцэг нэгтэй дүү нар болох гүнж Луйс, хунтайж, Аймерик, Николас нар хаан ширээ залгамжлагчдын жагсаалтад эрэмбэ дараагаар багтдаг юм.
Өнгөрсөн оны есдүгээр сард аавыгаа хэрхэн мэдсэн талаар нь орон нутгийн телевизийн VTM сувгийн бүтээсэн баримтат кино цацагдсанаас хойш Клемент олны танил болжээ.
Түүний аав хунтайж Лоран 2003 онд гүнж Клэйртэй гэрлэхээсэээ өмнө дуучин Венди Ван Вантентай (жинхэнэ нэр нь Ирис Ванденкеркхове) дотно харилцаатай байсан юм байна.
Клемент 2013 онд нэгэн худалдааны төвд санамсаргүй аавтайгаа тааралдсан ч хэн болохыг нь мэдээгүй өнгөрснөө баримтат кинонд дурссан байдаг.
Түүнийг 16 нас хүрэхэд л ээж нь аавынх нь хэн болохыг хэлж байжээ.
Үүнээс хойш дөрвөн жилийн дараа тэр анх аавтайгаа холбогдож, дараа нь хунтайж Лораны санаачилгаар ДНХ-ийн шинжилгээ өгч байсан гэнэ.
Шинжилгээгээр Клемент, Лоран нарын эцэг хүүгийн холбоо 99.5 хувьтай батлагдаж байжээ.
Лораны аав, хаан асан II Альберт бас удаан үргэлжилсэн шүүхийн маргааны эцэст 2020 онд гэр бүлээс гадуур төрсөн охиноо хүлээн зөвшөөрч байсан юм.
Уг дуулианы улмаас Альберт 2013 онд эрүүл мэндийн шалтгаанаар Бельгийн хаан ширээг ууган хүүдээ шилжүүлж байжээ.
Түүний охин, зураач Делфин Боэл шүүхийн маргаанд ялсныхаа дараа гүнжийн хэргэм хүртэж, өөрийгөө Делфин де Сакс-Кобург гэж нэрлэх болсон юм.
2013 онд Бельгийн холбогдох хуульд орсон өөрчлөлтийн дагуу төрийн сангаас тэтгэмж авах эрхтэй хааны гэр бүлийн цөөн хэдэн хүн байдаг нь одоогийн хаан Филипп, түүний аав II Альберт, хунтайж Лоран, гүнж Астрид нар ажээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
