Шинээр илэрсэн Дмитрий Донскойн шарилын олдвортой ОХУ-ын ерөнхийлөгч Путин танилцав

Т.Давааням, ikon.mn
27 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дундад зууны үеийн Оросын түүхэн хүн болох Дмитрий Донскойн шарилын үлдэгдэл саяхан Москва хотын Архангелийн сүмийг сэргээн засварлах ажлын үеэр олдсон юм.

Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр буюу Пүрэв гарагт тус сүмд зочилж, шинэ олдвортой биечлэн танилцжээ.

Кремлийн хэрэм дотор орших үнэн алдартны шашны уг сүм нь олон зууны турш Оросын 40 гаруй хаан язгууртны оршуулгын газар болж байсан гэдэг.

Их ван Донскойн шарил энэ сүмд байдгийг өмнө нь мэддэг байсан ч өнгөрсөн сард тус байгууламжийн урд хананы дэргэдэх бунхнаас буюу төсөөлж байгаагүй хэсгээс олдсон нь түүхчдийг гайхшируулсан нээлт байлаа.

Мэргэжилтнүүд уг олдворыг 14 дүгээр зуунд амьдарч байсан язгууртны цогцос мөн болохыг яаж тогтоосноо тайлбарлаж байх зуур Путин сүмийн тахилд зориулан лаа асааж байсныг РИА Новости агентлаг мэдээлжээ.

зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мягмар гарагт Оросын Үнэн Алдартны Сүм хийдийн захиргаа уг нээлтийг зарлахдаа 35-45 насандаа байгалийн жамаар нас барсан, 180 см орчим өндөр нуруутай эрэгтэй хүний бараг бүтэн үлдсэн шарил олдсоныг мэдээлж байв.

“Эдгээр бүх шинж чанарууд нь их вангийн амьдрал, үхлийн талаарх бичмэл эх сурвалжууд болон түүхэн баримтуудтай таарч байна” гэж уг мэдэгдэлд дурджээ.

1389 онд 39 насандаа таалал төгссөн Дмитрий Донской нь сүүлд Оросын төр улсын голомт болсон Москва, Владимирын вант улсуудыг захирч байсан юм.

Тэрбээр Кремлийн анхны чулуун хэрмийг бариулж, нутаг дэвсгэрээ тэлж, 1380 онд Дон мөрний ойролцоо газарт Монголын цэргийн хүчтэй томоохон тулаан хийснээрээ Оросын түүхэнд бичигдсэн байдаг.

 

Эх сурвалж: Reuters