Ираны “дэглэмийг нураах” эдийн засгийн хориг арга хэмжээнд нэгдэхийг АНУ холбоотнууддаа уриаллаа
АНУ-ын сангийн сайд Скотт Бессент өчигдөр Ираны “дэглэмийг нураах” эдийн засгийн хүчтэй хориг арга хэмжээнд нэгдэхийг өөрийн холбоотнуудад уриалжээ.
“Бид энэ дэглэмийг нураах гэж байна. Холбоотнууд болон дэлхийн бусад улс орнууд шийдвэрээ гаргах цаг болсон. Нэг бол бидэнтэй хамт, үгүй бол бидний эсрэг” гэж тэр CNBC сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр хэлсэн байна.
Бессентийн ярилцлага цацагдахын өмнөхөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хийсэн мэдэгдэлдээ Ираны дэглэмд ямар ч төрлийн худалдааны дэмжлэг үзүүлж буй орнууд “эдийн засгийн асар их үр дагавар амсах болно” гэж анхааруулсан юм.
Трампын засаг захиргаа яг ямар арга хэмжээ авахаар төлөвлөж буйг Бессент дэлгэрүүлээгүй байна.
Гэхдээ тэр төлөвлөж буй арга хэмжээ нь Ираны эсрэг дахин том хэмжээний байлдааны ажиллагаа явуулах хэрэгцээг эрс багасгана гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Бессент шинэ хориг арга хэмжээ нь “дэлхийн түүхэнд хамгийн том эдийн засгийн ганцаардуулалт” байхыг амласан байна.
“Хэрвээ хэн нэг нь Иран руу мөнгө шилжүүлэх, газрын тос худалдаж авах гэх мэт бизнесийн харилцаа үүсгэхийг оролдвол АНУ-ын сангийн яам болон АНУ-ын засаг захиргаа үүний эсрэг бүх хүчээ дайчлах болно” гэж тэр хэлжээ.
Бессент авах арга хэмжээний дэлгэрэнгүй төлөвлөгөөг наймдугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах хэвлэлийн хурлын үеэр танилцуулах товыг зарласан байна.
Өрнөдийн авсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүд олон арван жил үргэлжлэхдээ Ираны эдийн засгийг нэлээд туйлдуулаад байгаа.
Энэ оны эхээр амьжиргааны өртөг нэмэгдэж, инфляц өссөнтэй холбоотой иргэдийн эсэргүүцлийн жагсаал тэмцэл хэдэн долоо хоногийн турш үргэлжилж байв.
Албан ёсны тоо баримтаас үзвэл 2026 оны хоёрдугаар сарын 12-ныг хүртэлх 12 сарын хугацаанд өргөн хэрэглээний барааны үнэ дунджаар 60 хувь өссөн бол хүнсний барааны үнэ хоёр дахин өссөн байна.
Тухайн үед Трамп “тусламж айсуйг” Ираны иргэдэд мэдэгдэж, тэмцлээ үргэлжлүүлэхийг уриалж байлаа.
Гэхдээ түүний тусламж нь сүүлдээ Техраны дэглэмийн эсрэг дайн болон хувирсан.
Өнгөрсөн зургаан сар орчим хугацаанд Трамп өөрийн холбоотон Израильтай хамтран Ираны эсрэг дайн явуулсан ч тодорхой үр дүнд хүрээгүй. Харин одоо зэр зэвсгийн хүчээр бус, эдийн засгийн дарамт шахалтаар Ираны эрх баригчдыг буулгаж авах бодлогод шилжиж буй бололтой.
Иран улсад 1979 онд Исламын хувьсгал дэгдэж, АНУ-ын элчин сайдын яамыг барьцаалсан үеэс эхний хориг арга хэмжээнүүд хэрэгжиж байсан.
Тэр үеэс хойш олон төрлийн эдийн засгийн шийтгэлүүд нэмэгдсэн ч Техраны дэглэм оршин тогтносоор байгаа юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
