Н.Учрал, Д.Ганбат нар Г.Очирбат гишүүнд загнуулаад, "нялуурлаа" зогсоов
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат Засгийн газрыг шүүмжилсэн ч Ерөнхий сайд Н.Учрал асуултад хариулахын өмнө түүнийг нялайтал магтав. Магтаал сонссон Д.Ганбат гишүүн ч харьцангуй “зөөлрөөд” эхэлсэн. Ингээд зогсохгүй чуулганы танхимын микрофон хаалттай үед Ерөнхий сайд Н.Учрал Д.Ганбат гишүүнд хандан “Та манай намын батлахыг авах уу” гээд инээлдэж байгаа нь шууд дамжуулалтаас сонсогдсон.
Тэдний энэхүү “нялуурлыг” Г.Очирбат гишүүн шүүмжилснээр хэлэлцэж буй асуудалдаа эргэн орцгоолоо.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Болж бүтэж байгаа зүйл алга. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг хар. Шалгалт өгсөн хүүхдүүдийн 3 хувь нь л 60-аас дээш оноо авч байх шиг байна. Эрчим хүчний салбараас цаашид их зүйл хүлээлтгүй юм байна. Олсон мөнгөө яаж зарцуулаад байдаг юм бэ.
Нөгөө мега төслүүд чинь юу болсон бэ. Баахан уриа лоозон ярьж байгаад юу ч хийхгүй орхиж байна.
Ерөнхий сайд Н.Учрал: Би 2016 оноос хойш Д.Ганбат гишүүнтэй парламентад хамт байна. Намайг анх 2016 онд парламентад орж ирэхэд л Д.Ганбат гишүүн ийм зарчим ярьдаг байсан. Улс төрд олон жил явахад Ганбат гишүүн шиг нэр цэвэр явна гэдэг хэцүү шүү гэдгийг шинэ гишүүдэд хэлье. Ганбат шиг олон гишүүнтэй байсан бол бид хулгайд ялагдахгүй байх байсан гэж би боддог. Ганбаа ах аа тантай уулзахдаа ч хэлж байсан. Надад одоогийн улс төрчидтэй хэнтэй нь ч ямар нэгэн хамааралтай бизнес, тендер байхгүй учраас намайг шүүмжлэхдээ сайндаа л “Алиа бацаан” гэж байх шиг байна.
Одоо Монголыг эрүүлээр хардаг болж. Монголын шинэ Засгийн газарт итгэж байна. Тэгэхээр төрийн өмчит компанийн хөрөнгийг босгох чиглэлд бид дэлхийн компанитай хамтран ажиллана. Энэ асуудлыг намар оруулж ирнэ. Тэр үед нь гаднынхныг оруулж ирлээ гээд рийлдээд эхлэх вий дээ. Тэрэн дээр нь сайн хэлэхгүй бол Ганбаа ах аа. Рийлчид их ш дээ.
УИХ-ын гишүүн Г.Очирбат: Сонсоод суугаад байсан чинь нэг нь намд орж, нөгөө нь оруулах гээд юу ч яриад байгаа юм. Зарлагын хяналтын дэд хорооны дүгнэлт хэлэлцэж байгаа биз дээ. Тоглоом шоглоом болгоод байж байх юм. Юм хэлэхээр та нар рийл хийж, эсэргүүцэж байна гэж ярьдаг болж Н.Учрал сайд. Тэгсний ачаар намынхаа олигархиудад “Зөв чиглэлд явахгүй бол болохгүй байна, шударга ёс тогтоохгүй бол болохгүй байна” гэж хэлэх эрх чөлөөг чинь өгч байгаа юм шүү. Хэлэлцэх ёстой асуудлаа тойрч, инээдэм наргиа болгоод байх юм. Энд улсын ажил явж байна.
Таныг эсэргүүцэж үг хэлж байгаа хүмүүсийг та шоронд хийх үү. Төсвийн гүйцэтгэл хэлэлцэж байхад бараг л “Намраас миний хийх улс төрийн дэмжээрэй, битгий эсэргүүцээрэй” гээд сууж байх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
