Сингапурын харилцаа холбооны компанийн захирал удаа дараа сүлжээ унагасан шалтгаанаар цалингаа хасуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сингапурын хамгийн том харилцаа холбооны компанийн гүйцэтгэх захирал хэд хэдэн удаа сүлжээгээ доголдуулж, нэр хүнд унагасан шалтгаанаар өнгөрсөн оныхоо цалинг хасуулжээ.

Хэдийгээр тус компанийн ашиг өнгөрсөн онд огцом өссөн ч төлөөлөн удирдах зөвлөл нь ийм арга хэмжээ авсан байна.

Singtel компанийн гүйцэтгэх захирал Юэн Куан Мүүн гуравдугаар сарын 31-нээр дууссан санхүүгийн жилд 6.8 сая сингапур долларын ($5.3 сая) цалин авсан нь өмнөх оноосоо 16.9 хувиар буурсан үзүүлэлт болохыг энэ долоо хоногт нийтлэгдсэн тус компанийн санхүүгийн тайлан харуулжээ.

Singtel компани өнгөрсөн санхүүгийн жилд цэвэр ашгийн хэмжээгээ 39.5 хувиар өсгөж, 5.6 тэрбум сингапур долларт хүргэж чадсан юм.

Сингапур дахь сүлжээ болон Австралийн охин компани Optus-ийн сүлжээ доголдож, “үйл ажиллагааны болон нэр хүндийн чухал асуудлууд” хөндөгдсөнтэй холбогдуулан гүйцэтгэх захирлын цалинг хасах шийдвэр гаргаснаа компанийн удирдлага мэдэгджээ.

Өнгөрсөн оны есдүгээр сард Optus компанийн сүлжээ Австрали даяар 14 цаг тасарсныг “Гуравласан Тэг” зогсолт хэмээн нэрлэж байв.

Энэ нь Австралийн шуурхай дуудлагын утасны дугаар гурван тэгээс бүрддэгтэй холбоотой нэр юм. Тухайн тасалдлын үеэр 600 гаруй осол эндэгдэл, эрүүл мэндтэй холбоотой дуудлага амжилтгүй болсны улмаас хамгийн цөөндөө дөрвөн хүний амь эрстэж байжээ.

Singtel компанийн бусад гүйцэтгэх албан тушаалтнуудын цалинг бас 11.9 хувиар бууруулсан байна.

Энэ оны гуравдугаар сард Сингапурт дараалсан сүлжээний доголдлууд гарсны хамгийн ноцтой нь гуравдугаар сарын 16-ны өдөр 600,000 орчим хэрэглэгч найман цагийн турш төлбөр тооцоо, такси дуудлага, хоол захиалга зэрэг үүрэн холбооны ямар ч үйлчилгээ авч чадахгүй болсон тохиолдол байв.

Хоёр өдөр дараалан гарсан уг тасалдлыг программ хангамжийн алдаатай холбон тайлбарласан юм.

Төрийн өмчит хөрөнгө оруулалтын Timasek Holdings компани гол хувийг нь эзэмшдэг Singtel компани Сингапурт 4.5 сая орчим хэрэглэгчтэй.

Сингапурын нэг томоохон компани гүйцэтгэх захирлынхаа цалинг хасаж байхад нөгөө нэг компани нь эсрэгээсээ огцом өсгөсөн байна.

Агаарын тээврийн Singapore Airlines компанийн гүйцэтгэх захирал Го Чун Фон энэ онд цалингаа 38 хувиар өсгүүлж, 9.7 сая сингапур доллар авахаар болсон нь өнгөрсөн санхүүгийн жилд тус компанийн орлого түүхэн дээд хэмжээндээ буюу 20.5 тэрбум сингапур долларт хүрсэнтэй холбоотой ажээ.

 

Эх сурвалж: The Straits Times