Калифорни мужийн түүхэнд Брюс Ли өөрийн нэрэмжит өдөртэй анхны хятад гаралтай хүн боллоо
АНУ-ын Калифорни мужийн захиргаа жил бүрийн тавдугаар сарын 17-ныг Сан Франциско хотын уугуул, тулааны урлагийн домогт мастер Брюс Ли агсны нэрэмжит өдөр болгох шийдвэр гаргажээ.
Ингэснээр тэр Калифорни мужийн түүхэнд өөрийн нэрэмжит өдөртэй анхны хятад гаралтай америк хүн болж байна.
Сан Франциско хотыг төлөөлдөг ассамблейн гишүүн Мэтт Хэйнигийн мэдээлснээр Мягмар гарагт мужийн захирагч Гэвин Ньюсом нэрэмжит өдөр болгох хуулийн төслийг баталжээ.
Бага насаа Хонконгт өнгөрүүлсэн 18 настай Брюс Ли 1959 оны тавдугаар сарын 17-ны өдөр Сан Францискод буцаж ирсэн түүхтэй юм байна.
Bruce Lee Foundation сангийн захирал, Брюс Ли агсны охин Шэннон энэхүү хүндэтгэлийг аавынх нь “соёл хоорондын гүүр болсон мөнхийн гавьяаг гэрчилсэн үйл явдал” гэж үзэж байгаагаа мэдэгджээ.
“Ази гаралтай Америкчууд дэлгэцэнд маш ховор үзэгддэг, эсвэл хэвшмэл ойлголтоор дүрслэгддэг байсан цаг үед Брюс Ли хүч чадал, нэр төрөөрөө өөрийн үеийнхний төлөөлөл болсон юм” гэж Хэйни мэдэгдсэн байна.
Брюс Лигийн сан болон Ази гаралтай Америкчуудын бусад байгууллагууд жил бүрийн энэ өдрийг Калифорни даяар янз бүрийн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулан тэмдэглэж байхаар болжээ.
Театрын аялан тоглогч эцэг эхийн гэр бүлд 1940 онд мэндэлсэн Брюс Ли хууль ёсны дагуу АНУ-ын иргэн болж байв.
Хэдэн сарын дараа гэр бүлээрээ Хонконг руу нүүж, тэнд Ли жүжигчин болж, Хятадын уламжлалт тулааны урлаг күнфүг сурч эхэлсэн гэдэг.
1959 онд АНУ-д буцаж ирсэн Ли хоёр жилийн дараа Сиэтл дэх Вашингтоны Их Сургуульд элссэн ч тулааны урлагт өөрийгөө зориулахаар сургуулиасаа гарч байжээ.
60-аад оны үед тэр Холливүүдэд ирж, “The Green Hornet” цувралын Катогийн дүрээр танигдаж эхэлсэн ч студиуд ази хүний хэвшмэл дүр бүтээхийг тулган шаардах, цагаан арьстнуудаас бага цалин хөлс өгөх зэргээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж байсан гэдэг.
Дараа нь Брюс Ли буцаад Хонконгт очиж, “The Big Boss”, “Fist of Fury” зэрэг тулааны урлагийн кинонуудаараа дэлхийн хэмжээний од болсон юм.
Тэрбээр 1973 онд 32 настайдаа өвчин намдаах эмийн харшлын улмаас нас барсан гэдэг.
Брюс Ли одоо ч алдартай хэвээр байна. Түүний төрсөн өдрийг шүтэн бишрэгчид нь жил бүр тэмдэглэдэг. Түүний бичсэн зохиол HBO Max сувгийн “Warrior” цувралыг бүтээх санаа болж байжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

