АНУ-ын ерөнхийлөгч Катарын язгууртнуудын бэлэглэсэн агаарын тансаг хөлгөөр анх удаа зорчжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
51 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Катарын язгууртнуудын бэлэглэсэн Boeing 747 агаарын хөлгөөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр анх удаа зорчжээ.

Ойролцоогоор $400 саяын өртөгтэй гэгддэг уг тансаг ангиллын нисэх онгоцыг өнгөрсөн сард АНУ-ын ерөнхийлөгчийн Air Force One агаарын флотод албан ёсоор хүлээж авсан юм.

Онгоцыг өнгөрсөн онд Катараас хүлээж авсан ч ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хангахын тулд АНУ-ын татвар төлөгчдийн хөрөнгөөр нэлээд шинэчлэл өөрчлөлт хийсний дараа ийнхүү ашиглаж эхэлжээ.

Лхагва гарагт Трамп уг хөлгөөр Умард Дакота мужид шинээр байгуулагдсан Теодор Рузвельтийн нэрэмжит номын санд зочилсон байна.

2025 оны тавдугаар сард онгоцыг хүлээж авахдаа Трамп нэлээд шүүмжлүүлж байсан юм. Тухайлбал АНУ-ын ерөнхийлөгч гадаад улсаас ийм өндөр үнэтэй бэлэг авах нь ёс зүйн болон аюулгүй байдлын хувьд зохистой эсэх талаар маргаан өрнөж байлаа.

Гэвч Трамп 35 жил ашиглагдсан хуучин онгоцнуудаа солих шаардлагатай хэмээн зүтгэж байв.

Өчигдөр нисэхийнхээ өмнө Трамп “Үнэнийг хэлэхэд би анхны нислэгээр зорчих гэж байгаадаа баяртай байна. Та нар үүнийг үзэж болно. Манай улс үүгээр маш их бахархах ёстой гэж би бодож байна. Энэ бол үнэхээр гоёмсог онгоц” гэж сэтгүүлчдэд хэлжээ.

Өөрчлөн шинэчлэхэд хэр их зардал гарсныг асуухад Трамп ийм хэмжээний нисэх онгоцыг өөр замаар худалдаж авахтай харьцуулахад хамаагүй бага байсныг тайлбарласан байна.

Шинэ онгоцны доод хэсгийг Трампын дуртай өнгө болох хар хөх өнгөөр будаж, улаан, алтлаг өнгөтэй судлаар чимэглэжээ.

Гэхдээ шинэ онгоцыг удаан хүлээлгэж буй Boeing компанийн хоёр онгоц 2028 онд нийлүүлэгдэх хүртэл АНУ-ын ерөнхийлөгчийн хэрэгцээнд түр хугацаагаар ашиглах юм байна.

Трамп өмнө нь Катарын бэлгийн онгоцыг ерөнхийлөгчийн номын санд хадгалах санааг илэрхийлж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press