Япон улс буцах жуулчдаас авдаг татварын хэмжээгээ гурав дахин өсгөлөө

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 45 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Япон улсын засгийн газар Лхагва гарагаас эхлэн тус улсаас буцах жуулчдаас авдаг татварын хэмжээгээ гурав дахин өсгөжээ.

Ингэснээр Японд аялаад буцаж буй гадаадын иргэн тус бүр 3,000 иений татвар төлдөг болж байна.

Эрх баригчид уг татварын орлогыг аялал жуулчлалын хэт өсөлтөөс үүдэлтэй дотоодын асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулдаг юм.

Өчигдрөөс эхлэн бас Японд нэвтрэх нэг удаагийн болон олон удаагийн визийн хураамж тав дахин өсөж, тус бүр 15,000 иен, 30,000 иен болжээ.

Буцах татварыг Японоос явахаар худалдаж авсан агаарын болон далайн тээврийн тийзийн үнэд шингээж авдаг.

Зөвхөн тус улсаар дамжин өнгөрөх болон 24 цагаас богино хугацаанд саатах зорчигчид, хоёроос доош насны хүүхдүүд уг татвараас чөлөөлөгддөг юм.

Уг татварын орлогын хэмжээ гуравдугаар сард өндөрлөсөн 2025 оны санхүүгийн жилд 49 тэрбум иен хүрсэн бол 2026 оны санхүүгийн жилд 130 тэрбум иен болох тооцоо гарчээ.

Агаарын тээврийн компаниуд, далайн аяллын агентлагууд өөрийн жуулчдад борлуулсан тийзийн үнэ дээр буцах татварыг нэмж аваад Японы засгийн газарт шилжүүлдэг байна.

Тус улс 1978 оноос хойш анх удаагаа визийн хураамжаа өсгөсөн бөгөөд гадаад хэргийн сайд Тошимицү Мотегигийн тайлбарласнаар энэ нь инфляцын өсөлт, иений ханшийн уналттай холбоотой гэнэ.

Үүнээс гадна Их Долоогийн бүлгийн бусад орнуудтай харьцуулахад бага хэмжээтэй байсныг ойртуулах зорилготой гэж тайлбарласан.

Долдугаар сарын нэгнээс эхлэн тус улс бас өөрийн иргэдийн гадаад паспорт шинээр авахад төлдөг хураамжийг бууруулжээ.

Энэ нь мөн л бусад хөгжингүй улс орнуудтай харьцуулахад япончуудын паспорт эзэмшлийн хувьд бага байдагтай холбоотой гэнэ.

 

Эх сурвалж: Kyodo News