Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Давхар дээл"-ээр АН-ын бүлэг завсарлага авлаа

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Давхар дээл”-ийг тайлах тухай буюу Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүд санал бодлоо хэлж эхэлсэн юм.

Харин энэ үеэр УИХ дахь АН-ын бүлэг дээрх хуулийн төслийн асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авлаа.

Ерөнхийлөгч Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах санаачлага гаргаж, “Ерөнхий сайдаас бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан.

Хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ дахь МАН-ын бүлэг 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Харин АН-ын бүлэг 2016 оноос хэрэгжүүлье гэсэн. 

Мөн тус хуулийн төсөлд АН-ын зүгээс УИХ-ын сонгуулиар олонх болсон намын гишүүдээс Засгийн газрын танхимын 50 хувиас хэтрэхгүй байх боломжийг тусгасан юм.

УИХ-ын чуулганаар яригдаж буй хуулийн төсөлд орох өөрчлөлтүүд: /Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. “Монгол Улсын Засгийн газрын тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 1-дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

1/ 20 дугаар зүйлийн 1. “Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлд заасан ёсоор Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ.  Зөвхөн Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүний ажил, албан тушаалыг хавсарч болно. Энэ тохиолдолд гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр хадгална.”

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН  ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. “Монгол Улсын Их Хурлын тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.25, 36 дугаар зүйлийн 36.1.1 дэх заалтыг дор дурьдснаар өөрчлөн найруулсугай. 

1/  7 дугаар зүйлийн 7.1.25:

“ 7.1.25.  Ерөнхий сайдаар томилогдвол хавсран ажиллах.”

2/  36 дугаар зүйлийн 36.1.1:

“ 36.1.1. Ерөнхий сайд.” 

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хуулийн төслийн талаарх ОНЦЛОХ жиргээнүүд: