Г.Ялалт: Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 78 иргэнийг цэргийн дүйцүүлэх албанд хамруулна

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны гишүүд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай хэлэлцжээ.

Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт "Цэргийн дүйцүүлэх албаны сургалтыг аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабууд зохион байгуулж, төрийн цэргийн байгууллагуудын орон нутаг дахь анги, нэгжүүд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх юм. Сургалт нь бэлтгэл болон тусгай үүргийн гэсэн хоёр үе шаттай бөгөөд онолын 20, дадлагын 40 цагийн хөтөлбөрөөр явагдана.

Энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 78 иргэн цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаахаар төлөвлөсөн. Үүнээс Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг тус бүр 10, Сонгинохайрхан, Багануур, Чингэлтэй, Налайх дүүрэг тус бүр 8, Багахангай дүүрэг 6 иргэнийг хамруулах санал хүргүүлсэн байна" хэмээн танилцуулав.

Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн саналд үндэслэн Засгийн газрын тогтоолд жил бүр хүний тоог тусгадаг байна. Сүүлийн гурван жилийн байдлаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдын үүрэг гүйцэтгэлийг мөнгөн дүнгээр тооцвол 2023 онд 328.5 сая, 2024 онд 410.4 сая, 2025 онд 505.4 сая төгрөгийн үнэлгээтэй байжээ.

Нэг дүйцүүлэх алба хаагч дунджаар зургаан сар буюу 180 хоног үүрэг гүйцэтгэх бөгөөд үүнд сургалт, батлан хамгаалах ажил үйлчилгээ, гамшиг осол, хүмүүнлэг, бүтээн байгуулалт болон цаг үеийн бусад ажил багтдаг байна.

Цэргийн дүйцүүлэх албанд хамрагдсан хугацааг биечлэн үүрэг гүйцэтгэсэнд тооцдог бөгөөд холбогдох хуулийн дагуу иргэд бэлтгэл үүрэгтний сургалтад хамрагдах зохицуулалттай аж.

Сүм, хийдэд албан ёсоор шавилан суугаа, шашин шүтлэг, ёс зүйн шалтгаанаар цэргийн жинхэнэ алба хаах боломжгүй болохыг цэрэг татлагын товчоо тодорхойлсон иргэнийг цэргийн дүйцүүлэх албанд элсүүлэх журамтай байна.