Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Цэргийн дүйцүүлэх албыг 2026 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 2025 оны тогтоолд зааснаар хэвээр үлдээх шийдвэр гаргалаа.
Улсын эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, иргэдийн амьжиргааны түвшин, орлогын байдлыг харгалзан ийн шийдвэрлэжээ.
Цэргийн албаны тухай хуульд Монгол Улсын Засгийн газар "Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах мөнгөн төлбөрийн хэмжээг хугацаат цэргийн алба хаагчийн тухайн жилийн хувьсах зардлаар тооцож Засгийн газар жил бүр батална" гэж заажээ.
Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо тухайн жилд нэг хугацаат цэргийн алба хаагчийн хангалт, үйлчилгээнд зарцуулах хувьсах зардлаар дүйцүүлэн тооцдог байна.
2020-2022 онд буюу Ковид-19-ийн үед Монгол Улсын Засгийн газраас цэргийн дүйцүүлэх алба хаах мөнгөн төлбөрийг гурван жилийн турш нэмэгдүүлэхгүй тогтоож байжээ.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 141
МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Цэргийн албаны тухай хуулийн 31.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Цэргийн дүйцүүлэх албыг 2025 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 15,937,600 (арван таван сая есөн зуун гучин долоон мянга зургаан зуун) төгрөгөөр тогтоосугай.
2.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, мөнгөн төлбөрийг төвлөрүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан нарт үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!