Украины тал “Дружба” хоолойг засаж дууссанаар тус улсад олгох Европын Холбооны зээл түргэн шийдэгдэх боломж нээгдэв

Т.Давааням, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Оросын газрын тосыг Унгар, Словак улсуудад дамжуулдаг “Дружба” хоолойн засвар дуусаж, үйл ажиллагаа нь сэргэхэд бэлэн болсныг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр мэдэгджээ.

Уг хоолойн Украины нутгаар дамждаг хэсэг Оросын халдлагын улмаас гэмтэж, дамжуулалт нь зогсоод байсан юм.

Хоолойн үйл ажиллагааг сэргээсний хариуд Европын Холбооноос Украинд олгох “90 тэрбум еврогийн зээлийн саад арилна” гэдэгт итгэж байгаагаа Зеленский бас илэрхийлжээ.

Уг зээлийг олгоход Европын Холбооны бүх гишүүн орны дэмжлэг шаардлагатай байсан ч Унгарын ерөнхий сайд Виктор Орбаны тавьсан хоригийн улмаас олон сар саатаад байгаа юм.

Саяхан Унгарт болсон парламентын сонгуульд томоохон ялагдал хүлээсэн Орбан ерөнхий сайдын албан тушаалаасаа удахгүй буух гэж байгаа.

“Одоо үүнд саад болох үндэслэл байхгүй” гэж Зеленский зээлийн талаар хэлэхдээ дурджээ.

Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Кая Каллас өчигдөр гишүүн орнуудынхаа гадаад хэргийн сайд нартай Люксембургт уулзсаны дараа хэлсэн үгэндээ зээлийн талаар 24 цагийн дотор нааштай шийдвэр гарна гэдэгт найдаж байгаагаа мэдэгдсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр Лхагва гарагт “Дружба” хоолойгоор газрын тос дамжуулж эхлэх гэнэ.

Зеленский өмнө нь Европын орнуудад эрчим хүчний хангамжийн эх үүсвэрүүдээ төрөлжүүлж, Дружба хоолойгоор Оросын газрын тосыг авахаа зогсоохыг удаа дараа уриалж байсан юм.

“Одоогоор Орос улс хоолойн дэд бүтцэд дахин халдахгүй гэсэн баталгааг хэн ч өгч чадахгүй” гэж тэр сая анхааруулжээ.

Европын Холбооны 90 тэрбум еврогийн урт хугацааны зээл нь Украины армийн зэвсгийн хангамжид чухал үүрэгтэйгээс гадна төсвийн алдагдлыг нь нөхөх ач холбогдолтой юм.

Европын Холбоон дахь Москвагийн хамгийн ойрын холбоотон гэгддэг Орбан уг зээлд саад учруулсан нь олон сарын турш үргэлжилж байгаа.

Тэрбээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр “Дружба” хоолойг санаатай гэмтээсэн хэмээн Украины талыг буруутгаж байлаа.

 

Эх сурвалж: Associated Press