Солонгос хэлний 500 хөтөч, орчуулагч “Хоггүй Тэрэлж 2026” сайн үйлсийн аянд оролцоно

ikon.mn
1 цаг 42 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Аялал жуулчлалын улирал эхэлж, иргэд агаар салхинд гарах нь нэмэгддэг энэ үед байгаль орчноо хамгаалах, хариуцлагатай аялал жуулчлалын асуудал дахин анхаарал татаж байна.

Улаанбаатар хотын иргэд төдийгүй гадаадын жуулчдын заавал зорьдог бүс болох Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар нь хаврын улиралд цас хайлахтай зэрэгцэн хог хаягдлын асуудалд өртдөг нь нууц биш. Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор Солонго-ХОНХ ТББ-аас санаачлан “Хоггүй Тэрэлж” сайн үйлсийн аяныг 2024 онд анх зохион байгуулсан. Анхны удаагийн аянд 400 гаруй хүн оролцож, нийт 40 тонн хог, 2025 оны дөрөвдүгээр сарын 19-нд хоёр дахь удаагаа зохион байгуулж 420 гаруй оролцогч 30 тонн хог цэвэрлэн Налайх дүүргийн нэгдсэн хогийн цэгт төвлөрүүлсэн бодит үр дүн гарсан байна. Тус аян нь аялал жуулчлалын салбарын 2025 оны нийгмийн хариуцлагын шилдэг аянаар шалгарсан нь онцлох амжилт болжээ.

Тус байгууллага нь 2023 оны дөрөвдүгээр сарын 14-нд байгуулагдсан бөгөөд Солонгос хэлний хөтөч, орчуулагчдын эрх ашгийг хамгаалах, салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдээлэл солилцоог дэмжих зорилготой үйл ажиллагаа явуулдаг.

Аяны гол зорилго нь байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг бууруулах, иргэдийн оролцоо, ухамсрыг нэмэгдүүлэх, хариуцлагатай аялал жуулчлалыг төлөвшүүлэхэд чиглэж байна. Сайн дурын оролцогчдод ажлын багаж хэрэгсэл, хоол хүнс, амттанаар хангаж, хаалтын үйл ажиллагаагаар дамжуулан салбарын мэргэжилтнүүд, байгууллагуудын хамтын ажиллагааг дэмждэг нь онцлог юм.

Уг аян нь залуусын идэвх оролцоог нэмэгдүүлж, бодит цэвэрлэгээ хийж, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлсэн төдийгүй тогтвортой нийгмийн хариуцлагын загвар болон төлөвшиж байгаа бөгөөд энэ жилийн "Хоггүй тэрэлж 2026" аян нь энэ оны дөрөвдүгээр сарын 25-нд 500 хүний бүрэлдэхүүнтэй хийгдэхээр бэлтгэл ажил явагдаж байна.

Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах энэхүү санаачилга нь байгаль орчноо хамгаалах үйлсэд олон нийтийг уриалан дуудаж буй чухал хөдөлгөөн болоод байна.