Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны 18 баримт бичиг гарын үсэг зурав
-Казахстан улсаас мэдээлж байна-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал Астана хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Айлчлалын эхний өдөр харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын 18 бичиг баримтад гарын үсэг зурсан. Аль салбарт хамтран ажиллахаар тохиролцсон талаар албан мэдээг хүргэж байна.
- “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих тухай Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, интеграцын яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, интеграцын сайд А.А.Шаккалиев,
- “Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсын соёл, залуучуудын бодлого, спорт болон аялал жуулчлалын салбарт 2026-2027 онуудад хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Соёл, мэдээллийн сайд А.Г.Балаева, Бүгд Найрамдах Казахстан Улсын Аялал жуулчлал, спортын сайд Е.К. Мырзабосынов,
- “Хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Е.Б.Кошербаев,
Соёл, залуучуудын бодлого, спорт, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны тодорхой арга хэмжээ зохион байгуулна. Тухайлбал, харилцан үзэсгэлэн, хамтарсан судалгаа, залуучуудын байгууллагууд хоорондын харилцаа холбоог дэмжих, нээлттэй бодлогын хэлэлцүүлэг, нүүдэлчин соёлын онцлогийг багтаасан аялал жуулчлалын хамтарсан маршрут боловсруулж, хөрөнгө оруулалт татна.
- “Монгол Улсын Төв банк болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банк хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Төв банкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний банкны Ерөнхийлөгч Т.М.Сулейменов,
Санхүүгийн зах зээлийг хөгжлийн ашиг сонирхолд нийцүүлэн Төв банк хооронд урт хугацаанд тогтвортой хамтын ажиллагааг бий болгох эрх зүйн суурь орчныг бүрдүүлнэ.
-
“Хамтран ажиллах тухай Монгол Улсын Сангийн яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Сангийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Сангийн сайд З.Мэндсайхан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Сангийн сайд М.Т.Такиев,
Төрийн санхүүгийн удирдлага, төсвийн төлөвлөлт, татвар, Төрийн сангийн шинэчлэл болон ногоон санхүүгийн салбарт харилцан туршлага судалж, мэдээлэл солилцоно. Олон улсын санхүүгийн байгууллагатай өрнүүлж буй хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
- “Газрын тосны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Эрчим хүчний яам хоорондын санамж бичиг”-т Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Бүгд Найрамдах Казахстан Улсын Эрчим хүчний сайд Е.К.Аккенженов,
- “Эрдэнэс Монгол” ХХК болон “Самрук-Казына” ХК хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай, “Самрук-Казына” ХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд Удирдлагын зөвлөлийн дарга Н.К.Жакупов,
- “Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах тухай Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Цөмийн энергийн агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал, Бүгд Найрамдах Казахстан Улсын Цөмийн энергийн агентлагийн дарга А.М.Саткалиев,
- “Монгол Улсын Хархорум хотын Захирагчийн Ажлын алба болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотын Акимат хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хархорум хотын захирагч Л.Халтар, Астана хотын захирагч Ж.М.Касымбек,
- “Монгол Улсын Хархорум хотын Захирагчийн Ажлын алба болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Алатау хотын Акимат хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хархорум хотын захирагч Л.Халтар, Алатау хотын захирагч А.Х.Утенов нар гарын үсэг зурав.
- “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн Телевиз, радиогийн цогцолбор хоорондын Хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн захирал Г.Гэрэл, Бүгд Найрамдах Казахстан Улсын Телевиз, радиогийн цогцолборын захирал Р.Ж.Кажибаева нар гарын үсэг зурав.
- “Шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний Шинжлэх ухааны академи хоорондын санамж бичиг”-т Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч А.К.Куришбаев,
- “Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Олон улс судлалын хүрээлэн болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратеги судлалын хүрээлэн хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Золбоо, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратеги судлалын хүрээлэнгийн захирал Ж.Н.Шаймарданов,
Олон улсын харилцаа, аюулгүй байдал, бодлогын судалгааны чиглэлээр туршлага солилцож, хамтарсан судалгаа хийнэ. Судлаачдыг сургаж, эрдэм шинжилгээний хурал, семинар, дугуй ширээний уулзалт зохион байгуулна.
- “Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей, Бүгд Найрамдах Казахстан Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны харьяа Шинжлэх ухааны хорооны Ч.Ч.Валихановын нэрэмжит Түүх, угсаатны зүйн хүрээлэн хоорондын Харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичиг”-т Чингис Хаан Үндэсний музейн захирал С.Чулуун, Ч.Ч.Валихановын нэрэмжит Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал З.Е.Кабульдинов,
Нүүдэлчдийн түүхийг судлах ажлыг эрчимжүүлэн адил төстэй болон олон үеийн улс төр, нийгэм, соёлын харилцааны түүхийг тодруулах, хамтын бүтээл туурвих ажил хийнэ. Түрэг, Уйгур зэрэг улсын түүхийг “Чингис хаан” Үндэсний музейн сан хөмрөгт тулгуурлан судлах, музейн эрдэм шинжилгээний судлаачид Казахстаны нутаг дэвсгэрт буй түүх, соёлын дурсгалуудыг судлах боломж бүрдэнэ.
- “Монгол Улсын Налайх дүүрэг болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Талдыкорган хот хоорондын нөхөрлөл, хамтын ажиллагааны санамж бичиг”-т Налайх дүүргийг төлөөлж Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Г.Батжаргал, Талдыкорган хотын захирагч Е.Д.Базил нар гарын үсэг зурлаа.
Найрсаг харилцаа, итгэлцлийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой. Нийгэм, эдийн засаг, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлнэ.
Мөн Худалдаа, аж үйлдвэрийн танхим, төрийн бус байгууллагууд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
Тухайлбал, “Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон “КазТрейд” Худалдааны бодлогын хөгжлийн төв” ХК хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулж, экспортыг дэмжих боломжит бараа, үйлчилгээг сурталчлан таниулах, гуравдагч улсын зах зээлд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Монголын залуучуудын холбоо болон Казахстаны залуучуудын конгресс хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, залуучуудыг дэмжихэд чиглэсэн хамтарсан санаачлагыг дэмжих, соёл, урлаг, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, залуучуудын бизнес эрхлэх чиглэлээр хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдлээ.
Өдгөө хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг зохицуулдаг 60 гаруй гэрээ, хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
