"Таван бүсэд Кембрижийн тогтолцоотой сургууль байгуулж, хүүхэд бүрийг компьютертой болгох ажлыг энэ онд эхлүүлнэ"

Б.Бадамгарав, IKon.mn
1 цаг 13 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсролын салбарын чөлөөлөлтийн үндэсний стратегийг өнөөдөр баталжээ.

Үүнийг монгол хүүхэд бүрийн мэдлэгийн хоцрогдлыг нөхөх замын зураглал гэж ойлгож болох бөгөөд гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль гэсэн бодлогыг баримтлах юм байна.

Уг стратегийн талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Гэрт ойр сургууль хамгийн сайн сургууль байхын тулд сайн хөтөлбөртэй байх ёстой. Иймд хөтөлбөрийн шинэчлэлийг үргэлжлүүлнэ.

Хөтөлбөрийн шинэчлэлийн зорилго нь

  1. оюун тамиртай
  2. сэтгэлийн тамиртай
  3. биеийн тамиртай хүүхэд бэлдэх юм.

Хоёрдугаарт сайн багш. Монгол Улсад багш бэлтгэх тогтолцоо хоцрогдсон тул багшийн гурван тулгуурт бодлогыг зарлаж байгаа.

Гуравдугаарт хуурамч дүнгийн тогтолцоог хална. Хүүхэд өөрөө ахиц дэвшлээрээ дүнгээ авдаг, багш нар ур чадвараараа үнэлүүлдэг болно.

Дөрөвдүгээрт хүүхэд бүр төсөвтэй байх ёстой. Хувьсах зардлыг тогтолцоог сэргээснээр сургуулиудын чанарыг ялгааг арилгана.

Тавдугаарт сайн менежменттэй сургууль. Сургууль хамтын удирдлагатай байх ёстой.

Зургаадугаарт цахим шилжилт. Алслагдсан аймаг, сум гэж байхаас алслагдсан сургууль, алслагдсан боловсрол гэж байж болохгүй. Хүүхэд хаана амьдарч байгаагаасаа үл шалтгаалан хамгийн сайн багш нараар хичээл заалгах учиртай" хэмээв.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 330 сумын сургуулиуд ихэвчлэн 12 жилийн тогтолцоотой байгаа. Сумын сургуулийн 9-12 дугаар ангид 4-5 хүүхэд суралцдаг тохиолдол их байдаг аж. Иймээс сум дундын ахлах сургууль, аймагт мэргэжлийн ахлах сургууль байгуулах зорилтыг алхам алхмаар хэрэгжүүлнэ гэдгээ салбарын сайд мэдэгдлээ. 

Мөн таван бүсэд Кембрижийн тогтолцоотой сургууль байгуулахаар төлөвлөснөө зарлав.

Энэ жилээс хэрэгжүүлэх өөр нэгэн ажил нь хүүхэд бүрийг компьютертой болгох юм. Энэ онд 100 мянган Chromebook авах бол дараа онд 100 мянгыг авч цахим шилжилтийг эрчимжүүлэн сурагч бүр ашиглах компьютертой болгох юм байна. Одоогийн байдлаар 20 хүүхэд дундаа нэг компьютер ашиглаж байгаа бол үүнийг хоёр хүүхдийн нэг ногдох байдлаар төлөвлөжээ.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Энэ бол хүүхдэд зүгээр нэг компьютер өгч байгаа асуудал биш. Монголын сайн багшаар хичээл заалгах, хоцрогдлоо нөхөх боломжийг олгож байгаа явдал" гэв.