Шатахуун, түлшний асуудлаар Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Засгийн газрын тэргүүн болон холбогдох хүмүүст албан захидал хүргүүлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2026 оны 4 сарын 22
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа.

Өнөөдрийн хуралдаанд эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээлэл хийжээ.

Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал дэлхийн газрын тосны зах зээлд хүчтэй нөлөөлж, шатахууны үнэ богино хугацаанд өсөж байна. Дизель түлш, АИ-92 бензиний үнэ олон улсын зах зээл дэх брент тосны үнээс илүү хэлбэлзэлтэй өсөж байгаа нь дотоодын зах зээлд үнэ өсөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Энэ нь эдийн засгийн салбаруудын үйлдвэрлэлийн өртөгт шууд нөлөөлж, ялангуяа тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуй, худалдааны салбарт дарамт үзүүлэхээр байна. Мөн шатахууны үнийн огцом өсөлтөөс үүдэлтэй төсвийн болзошгүй зардал нэмэгдэх эрсдэлтэй байгаа юм.

Хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн болон холбогдох хүмүүст албан захидал хүргүүлсэн.

Мөн АҮЭБ-ийн сайд  Г.Дамдинням тус улсад гэрээ хэлэлцээр хийж ажилласан. Одоо Казахстанд ажиллаж буй. Салбарын сайд шатахууны нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг хангах, үнийн өсөлтийг боломжит хэмжээнд барих зорилготой уулзалт, яриа хэлэлцээр хийж байгаа гэдгийг онцолж байв.

Мөн Монгол Улсын Засгийн газар шат шатны арга хэмжээг авч ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд салбар бүр богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

ШУУД ҮЗЭХ: