"Улаанбаатар марафоны бүртгэлийг дахин сунгахгүй, тавдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ"

П.Сайнжаргал, IKON.MN
2 цаг 18 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн бэлтгэл ажил, бүртгэлийн талаар албаныхан хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл хүргэв. 

Одоогийн байдлаар 11,000 гаруй хүн марафонд оролцохоор бүртгүүлсэн байна. Цахим хуудсаар www.ulaanbaatar.marathon.mn тавдугаар сарын 1-нийг хүртэл бүртгэж байгаа бөгөөд өмнөх жилүүдийнх шиг дахин сунгахгүйг албаныхан хэлж байлаа. 

Энэ жилийн зохион байгуулалтыг танилцуулахдаа "Улаанбаатар марафоны гараа өглөө 10:00 цагаас эхэлдэг байсан бол энэ жил 09:00 цагаас эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Мөн бүртгэлийг гуравдугаар сарын 9-нөөс эхэлж, 2026 оны тавдугаар сарын 1-нд хаах юм. 

Цахим бүртгэлийг өмнөх жилүүдийнх шиг дахин сунгахгүй. Тиймээс бүртгэлдээ яаралтай хамрагдаж, марафондоо идэвхтэй оролцохыг уриалж байна" хэмээв. 

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхлэх талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл марафоны бэлтгэл ажлын талаар албаныхан дараах мэдээллийг танилцууллаа. 



Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга М.Цогзолмаа "Улаанбаатар марафонд оролцох хүний тоо жилээс жилд нэмэгдэж байна. Олон улсаас Япон, Солонгос, Англи, Орос, Хятад улсын гүйгчид маань бүртгүүлсэн. Тухайлбал 

  • Япон улсаас хоёр эрэгтэй 42 километрт,
  • Англи улсаас нэг эрэгтэй 21 километрт,
  • ОХУ-аас нэг эмэгтэй 21 километрт,
  • Хятад улсаас нэг эрэгтэй, нэг эмэгтэй 21 километрт гүйхээр бүртгүүлсэн байна.

Улаанбаатар марафоны гүйлтийн төрөл нь:

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
  • 42 километрт 18-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй бүх гүйгчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдана.
  • 21 километрт 18-34 насны эрэгтэй, эмэгтэй, 35-54 насны эрэгтэй, эмэгтэй, 55-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцоно.
  • 10 километрт 18-аас дээш насны бүх иргэд оролцохоор удирдамжид тусгасан.
  • 5,000 метрт 12-17 насны охид, хөвгүүд буюу өсвөр насны хүүхдүүд оролцоно. Мөн 18-аас дээш насны бүх иргэд оролцох боломжтой.
  • 1,500 метрт хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гэр бүлийн гүйлт
  • 800 метр, 500 метр нь тусгай олимп гэх төрөлтэй.

Энэ жил хагас, бүтэн марафоны замыг Азийн хөнгөн атлетикийн холбооны экспертүүд ирж хэмжилт хийгээд Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос гэрчилгээ олгож, албан ёсоор олон улсад бүртгэлтэй болсон. Мөн гүйлтийн хэмжилтийг Герман улсын төхөөрөмжөөр хэмжихээр болсон. Энэ нь мөн дэвшилтэт тал болоод байгаа" гэлээ.