Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан улсын төрийн дээд "Алтан бүргэд" одонгоор шагнав
-Казахстан улсаас мэдээлж байна-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал Астана хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өчигдөр хоёр улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт хийж, албан ёсны хэлэлцээ хийсэн. Үргэлжлүүлэн талууд Засгийн газар болон байгууллага хоорондын 18 баримт бичигт гарын үсэг зурсан. Үүний дараа Казахстаны ерөнхийлөгч К.Токаев Казахстаны хамгийн дээд төрийн "Алтан бүргэд" одонгоор шагнасан юм.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев энэ талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгөх үеэрээ "Хоёр орны хамтын ажиллагаа, маш олон санаачилга бидний хамтын ажиллагааны төлөөх нөр их хөдөлмөрийг үнэлэн хамгийн төрийн дээд "Алтан бүргэд" одонгоор бид шагналаа" гэсэн юм.
Үүний хариуд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийг шагнахын зэрэгцээ Монголын ард түмэнд үзүүлж байгаа Казахстаны ард түмний, Ерөнхийлөгч таны гүн хүндэтгэл гэж бид хүлээн авч байна.
Энэ бол манай хоёр орны түүхэнд маш тодоор бичигдэн нэгдэх ийм сайхан түүхэн үйл явдал болсонд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье" гэсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
