П.Сугарням: Өргөө амаржих, Сэлбэ дэд төв, ЭХЭМҮТ-II, Нэгдүгээр эмнэлгийн гадаа нисдэг тэрэгний зогсоол байгуулахаар судалж байна

Д.Янжиндулам, ikon.mn
51 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаан болж, төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нийслэлийн агаарын зорчих хөдөлгөөн, агаарын дэд бүтцийн сүлжээг хөгжүүлэх төслийг нэмж оруулах тухай хэлэлцжээ.

Төслийн талаар “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн Төсөл хөгжүүлэлтийн албаны дарга П.Сугарням "Одоогийн байдлаар төрийн өмчийн нисдэг тэрэг яаралтай үед Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон хувийн хэд хэдэн байршилд буух зогсоолтой байна. Гэвч эдгээр зогсоол нь гэрэлтүүлэг болон таних тэмдэг стандарт хангахгүй болсон ба үйл ажиллагаагүй байна.

Түүнчлэн хот хөдөөгийн яаралтай тусламж, гал түймэр, эрэн хайх ажиллагаа, эмч тариа хүргэх зэрэгт агаарын тээврийн үйлчилгээ нэн шаардлагатай байгаа тул эмнэлгүүдийн нисдэг тэрэгний үйл ажиллагааг сэргээх шаардлага үүссэн тул дараах байршлуудад зогсоол шийдэх талаар судалж  байна. Учир нь зөвхөн эрүүл мэндийн байгууллагад өнгөрсөн онд 700 мянга гаруй дуудлага ирснээс 115 мянга нь амь насанд эрсдэлтэй, аюултай гэсэн дуудлага эзэлж, үүнээс 30 хувьд нь 20 минутаас дээш хүлээлгэж оношийг хүндрүүлжээ.

Мөн онцгой байдлын албанд 50 мянга гаруй дуудлага ирсэн бөгөөд үүний 5,000 нь хүний амь нас эрсдэлтэй, аюултай дуудлага байсан хэдий ч агаараар буюу нисдэг тэргээр ердөө 10 хувьд нь тусламж үзүүлэх чадамжтай. Тиймээс агаарын тээврийн сүлжээг хөгжүүлснээр HEMS судалгааны дагуу агаарын тусламжаар амь аврах нөлөө 30-50% ба жилд 10,500 хүнийг аврах боломжтой. Иймд нислэг тэрэгний зогсоол, бага болон дунд оврын онгоц, нисдэг тэрэг, жирокоптер, дроныг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн" хэмээн танилцуулсан байна.

Нисдэг тэрэгний зогсоол байгуулахаар судалж буй байршлууд:

  1. Баянзүрх дүүрэг, 27-р хороо, Дарь-Эх цогцолбор
  2. Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Өргөө амаржих газрын хажууд Сэлбэ дагуу
  3. Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Наадамчдын гүүрний баруун талд
  4. Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Сэлбэ дэд төв
  5. Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, С.Зоригийн гудамж-2, Улсын нэгдүгээр төв эмнэлэг 
  6. Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний 2-р төв эмнэлэг.

Хамгийн анх 2017 онд Гэмтлийн эмнэлгийн гадаа нисдэг тэрэгний зогсоол байгуулж, яаралтай эмчлэх иргэдийг тээвэрлэдэг болсон билээ.

Нийслэлийн харьяа “Улаанбаатар Түншлэл Төв” ХХК нь 2025 онд Засгийн газар, НИТХ-ын тогтоолын дагуу байгуулагдсан бөгөөд цахим шийдэл нэвтрүүлэх, төслийн сан байгуулах, санхүүжилт шийдвэрлэх, салбар түншлэлийн төслийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, менежментийн зөвлөх үйлчилгээ, түншлэлийн төсөл хэрэгжүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийх үйл ажиллагааг эрхэлдэг байна. Тус компанийн дүрмийн сангийн хөрөнгө нь 4.8 тэрбум төгрөг.